Украины хакерууд Оросын цахилгаан эрчим хүчийг онилжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

LiveУкраины хакерууд Оросын цахилгаан эрчим хүчийг онилжээ

15 : 15
2022-3-2

Украины хакерууд Оросын цахилгаан эрчим хүч, төмөр замыг онилжээ

Украины кибер дайны бүлэглэл Оросын төмөр зам, цахилгаан эрчим хүчний сүлжээ зэрэг чухал дэд бүтцийн эсрэг цахим хорлон сүйтгэх дайралт хийхээр төлөвлөж байна. Тэд Оросуудын кибер довтолгооны эсрэг ийн хариу цохилт өгөхөөр бэлтгэж байна гэж хакерын багийн ахлагч ярьжээ.

Украины Батлан хамгаалах яамныхан өнгөрсөн долоо хоногт кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Егор Аушевт хандаж Оросоос хамгаалах хакеруудын анги үүсгэн байгуулах хүсэлт тавьсан. Тус бүлэглэл нь Оросын засгийн газар болон банкны олон арван цахим хуудсыг устгаж, контентуудыг нь сольж өөрчилж байгаа гэж Аушев хэллээ. Аушевын бүлэглэлд одоогоор Украин болон гадаадын 1000 гаруй сайн дурын ажилтнууд цуглараад байна.

Тэд төмөр замын системд халдлага үйлдэж байсан гадаадын хакерын байгууллагуудтай аль хэдийнэ хамтран ажиллаад эхэлжээ. Оросын цэргүүдийг тээвэрлэсэн гэх үндэслэлээр Аушевийн баг Беларусийн төмөр зам руу сайн дураараа довтолсон байна. Тэд төмөр замын хөдөлгөөний системийг идэвхигүй болгож, тасалбарын цахим хуудсыг нь хакерджээ.

Тус баг Москвад хариу цохилт өгөхөөс гадна Украины цэргийнхэнд хот, суурингуудыг эзлэн түрэмгийлж буй Оросын нууц ангиудыг илрүүлэхэд тусална гэж мэдэгдэв.

Эх сурвалж: REUTERS

14 : 33
2022-3-2

Оросын тэнгисийн цэргүүд Украинтай тулалдахаас татгалзав

Оросын тэнгисийн цэргүүд хөлөг онгоцон дээрээ эсэргүүцэл илэрхийлж, Украины боомт руу довтлохоос татгалзав. Ингэснээр Путины эсрэг эмх замбараагүй байдал дотооддоо үүсэх магадлалтай боллоо.

Оросын тэнгисийн цэргийн флот нь стратегийн гарц болох Одесса руу довтлохоор бэлтгэж байсан ч цэргүүд тушаалыг үл тоож, Орос руугаа буцсан гэв.

Тэнгисийн бүсээс гадна Оросын хэд хэдэн нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц далайн эрэг дээгүүр нисч газардахаар бэлтгэж байжээ. Гэвч дайралт хийхээс өмнөхөн Оросууд довтолгоогоо зогсоосноо зарласан байна.

Эх сурвалж: THE SUN

12 : 30
2022-3-2

Путины зөвлөхүүд дайны талаар юу хэлэв?

Кремлийн бодлогын зөвлөх Андрей Кортунов ерөнхийлөгч Путины Украинд дайралт хийх шийдвэрт ихэд цочирджээ. Өмнө нь тэрбээр Кремлийн үйлдлүүдийг өмгөөлдөг байсан бол энэ удаа ерөнхийлөгчийнхөө юу бодож санаж явдагийг маш их гайхсан гэж “Sky news”-д мэдээлжээ.

Андрей Кортунов нь Кремлийн зөвлөх бөгөөд Оросын гадаад бодлогын шинжээч. Тэрбээр хэлэхдээ “Орос улс энэ дайныг аль болох хурдан зогсоох хэрэгтэй. Үүний тулд бид зөвхөн Украинтай төдийгүй барууны орнуудтай хэлэлцээрийн ширээнд суух ёстой. Гал зогсоохыг нэн тэргүүний зорилтоо болгохыг л би зөвлөж байна” гэжээ.

Тэгвэл ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч асан Сергей Марков нь Путиныг хоёр сарын өмнөөс л Украины түрэмгийллийн талаар худал ярьж эхэлсэн гэжээ. Тэрбээр ярилцлагын үеэр хэлэхдээ “Путин аль хэдийнэ Украин руу дайрах шийдвэрээ гаргачихсан байсан атлаа сүүлийн хэдэн саруудад тэр талаар огт үнэнээ яриагүй” гэжээ.

Эх сурвалж: SKY NEWS, YAHOO

12 : 20
2022-3-2

Рублийн ханш дахин хамгийн доод хэмжээндээ хүрэв

Оросын зах зээл дээр рублийн ам.доллартай харьцах ханш 100 болж буурснаар хамгийн доод цэгтээ хүрлээ. Өчигдрийн /2022.03.01/ байдлаар бусад зах зээл дээр 117 хүрсэн байна.

Дэлхийн томоохон эрчим хүч үйлдвэрлэгч "Газпром", "Роснефть" тэргүүтэй компаниудад ОХУ-ын эрх баригчид гадаад валютын орлогынхоо 80 хувийг зах зээл дээр зарахыг тушаасан. Энэ нь Оросын төв банк өөрийн валютын зах зээлд интервенц хийх боломжийг хязгаарласан эгзэгтэй үед валютын ханшинд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлжээ.

Түүнчлэн ерөнхийлөгч В.Путин өнөөдрөөс эхлээд 10 мянган ам.доллараас дээш дүнтэй бэлэн мөнгө гаргахыг хориглосон зарлиг гаргажээ.

Эх сурвалж: REUTERS

12 : 00
2022-3-2

Оросыг АНУ-ын агаарын орон зайд нисэхийг хориглоно

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус улсын агаарын орон зайд Оросын нислэгийг хориглох төлөвтэй байна. Европын холбоо болон Канад улс өнгөрсөн Ням гаригт агаарын орон зайгаа Оросын нисэх онгоцнуудад хаасан нь Владимир Путины түрэмгийлэлд шахалт үзүүлэх зорилготой томоохон алхам болсон. Энэхүү шийдвэрээс улбаалаад АНУ мөн ижил арга хэмжээ авч болзошгүй байна.

Цагаан ордноос энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. “Delta Air Lines” болон “American Airlines” тэргүүтэй АНУ-ын томоохон агаарын тээврийн компаниуд өчигдрөөс /2022.03.01/ эхлэн Оросын агаарын орон зайд нислэг үйлдэхээ зогсоосон.

10 : 43
2022-3-2

НҮБ дахь Оросын дипломатчдыг хөөлөө

НҮБ-д суугаа Оросын 12 дипломатчийг тагнуул хийсэн хэргээр хөөсөнд хариу барина гэдгээ Кремль өчигдөр /2022.03.01/ мэдэгдэв. Тэдгээр дипломатчдыг “Манай үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан” гэж АНУ мэдэгдсэн. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ “АНУ-ын үйлдэлд заавал зохих хариу арга хэмжээг нь авах болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж