Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж, ОХУ, Украины нөхцөл байдал манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар хуралджээ. Хурлаас гарсан мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд байна. Энэ дагуу ҮАБЗ хуралдахаар болсон байна.
Тодруулбал, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2022 оны нэгдүгээр улирлын ээлжит бус хурал энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр болжээ. Тус хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон холбогдох мэргэжилтнүүд оролцжээ.
Тэд Орос, Украины цэргийн ажиллагаа Монгол улсын эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбаяр, Монгол Улсын эдийн засгийн төлөв, зарим арга хэмжээний саналыг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Дэлхийн бусад улсуудаас ОХУ-ын эсрэг авсан төлбөр тооцооны хориг арга хэмжээнүүдийн талаар Монголбанкны Төлбөрийн тооцооны газрын захирал Э.Анар нар танилцуулсан байна.
Ийнхүү хурлаас цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийн талаар зөвлөлийн гишүүд хэлэлцэж, холбогдох мэдээллүүдийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлжээ.