Улс төрийн намын реформоос улсын хөгжил шалтгаална

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

Улс төрийн намын реформоос улсын хөгжил шалтгаална

Улс төрийн намын реформоос улсын хөгжил шалтгаална

Хууль төрөхийн өмнө булангийнхаа энэ удаагийн дугаарт  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хүргэж байна.


Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийг ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж байна. Уг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барих юм. Улс төрийн намын тухай хууль 2005 онд шинэчлэгдсэн. Түүнээс хойш намын санхүүжилтийн асуудал зохицуулалтгүй явж ирсэн. 17 жилийн дараа шинэчлэгдэхээр яригдаж буй уг хуулийн төсөл, судлаач, иргэний нийгмийн анхаарлын төвд байна. Одоогоор уг хуулийн төсөл дээр ЕТГ-ын баг ажиллаж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 35 нам бүртгэлтэй байна. Хэрвээ уг хуулийн төсөл УИХ-аар батлагдвал Монголын улс төрд хийгдэх шинэчлэлийн том алхам болно гэдгийг судлаачид хэлж буй. Ерөнхий сайдын зүгээс "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрдсэн нийгмийн соёл, салбар бүрт бугшсан хүнд суртлын асуудалтай нүүр тулж байна. Авлигын тэмцлийг улам эрчимжүүлнэ. Ямарваа нэг байдлаар намын нөхөр, таньдаг хүнээ өөгшүүлэхгүй бодлого барина гэдгээ Ерөнхий сайдын хувьд хэлье. Уг хуультай хамт Намын санхүүжилтыг ил тод байдлын тухай хууль оруулахаар УИХ-д ажлын хэсэг байгуулагдсан. Намд хандив өгөх нэрээр авлигын систем бүрдүүлдэг байдлыг таслан зогсоох, ил тод болгох, хуулиас бусад байдлаар хандив өгсөн тохиолдолд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, ялын бодлогыг чангатгах бодлого барина" гэдгээ мэдэгдэж байлаа.

ТЕНДЕРТ ЯЛАХЫН ТУЛД НАМД МӨНГӨ ХАНДИВ ӨГДӨГ БАЙДЛЫГ ХЯЗГААРЛАНА

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Намд өгч буй иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн хандивыг хязгаарлах зохицуулалтыг хуульд оруулсан. Тухайлбал, иргэн нэг жилд таван сая хүртэлх төгрөг, аж ахуйн нэгж 20 сая хүртэлх төгрөгийг намд хандив болгон өгч болно. Мөн тендерт оролцсон аж ахуйн нэгж дөрвөн жилийн хугацаанд намд хандив өгөх боломжгүй байхаар хуульчилсан. Тендерт ялахын тулд намд мөнгө хандив өгдөг байдлыг хязгаарлаж байгаа. Ингэснээр авлигын асуудал буурна гэж үзэж байна.

СОНГУУЛИЙН ҮЕЭР АЖИЛЛАСАН НАМЫН ГИШҮҮД ЦАЛИН УРАМШУУЛАЛ АВАХГҮЙ

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан гол өөрчлөлтийн талаар хүргэж байна.

  • Намын гишүүнчлэл харьцангуй суларч буй. Нэгдүгээрт, намын гишүүн, хоёрдугаарт дэмжигч гишүүн гэж ангилж байгаа аж. Дэмжигч гишүүн татвар төлөхгүй. Монгол Улсын иргэн хэд хэдэн намын дэмжигч гишүүн байж болно гэж тусгажээ.
  • Намын гишүүдийн татварыг хуульчилна. Нам гишүүдээс хөрөнгө мөнгөний дэнчин авах, сонгуульд оролцсоны төлөө гишүүдээ шан харамж цалин хөлс өгөхийг хориглоно. Намдаа гишүүд сайн дураар  ажиллана. Намын үндсэн ажилтан цалин авна. Бусад гишүүн ямар нэгэн цалин авахгүй.
  • Намын дотоод бүтцэд гишүүдийн татварын дээд хэмжээг тогтооно.
  • Улс төрийн намд үүрэг хүлээлгэнэ. Иргэдийн улс төрийн боловсролыг дэмжинэ. Нам иргэдийн ардчилал, хүний эрхийн чиглэлээр гишүүдээ бэлтгэнэ. Намын дэргэдэх бодлогын судалгааны хүрээлэнтэй болохыг хуульчилна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, залуусын улс төрийн оролцоог дэмжих үүрэг хүлээлгэлгэнэ.
  • Намын хурлыг цахимаар явуулах, намын санхүүгийн тайлан, гишүүнчлэл мэдээллийг цахим хуудсандаа байршуулна. Хуулийн хугацааг нь зөөж өгнө.
  • Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлгээд хуулийн хугацаанд цахим сайтдаа байршуулна. Шилэн дансны хуулийг намууд санхүүгийн тайландаа мөрдөнө.
  • Намын үйл ажиллагааны цахим хаягыг албан ёсны болгож Харилцаа холбооны газарт бүртгүүлнэ.
  • Нам үүсгэн байгуулах процессыг илүү хялбаршуулна. Улс төрийн намын үүсгэн байгуулах бүртгэлийн үйл ажиллагааг УДШ болон СЕХ шийднэ. Улсын бүртгэлийн ерөнхий газар ямар нэгэн байдлаар намын бүртгэлд оролцохгүй.
  • Дотоодын удирдах төв байгууллагууд жендерийн болон иргэний нийгмийн оролцоог хангасан байна.
  • Намын бүтэц намууд өөрсдийн дүрмийн дагуу боловсруулна. Хэрвээ хүсвэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагааны бүтэцтэй байж болно.
  • Тухайн намын дэргэд бодлогын судалгааны хүрээлэн ажиллана.
  • Намын хууль бус үйл ажиллагаа, зарим зөрчил дээр идэвхгүйд тооцох зохицуулалтыг оруулсан.
  • Намын санхүүжилтийн зарцуулалтыг зааж өгсөн. Төсвөөс намд олгож буй 30-иас доошгүй хувийг гишүүдийн болон иргэний нийгмийн байгууллагын улс төрийн боловсролыг дэмжихэд зарцуулна. 20-оос доошгүй хувь нь нийгмийн бүлгийг дэмжихэд зарцуулна. 15 хувийг бодлогын судалгааны хүрээлэнд зарцуулна.
  • Улс төрийн нам санхүүгийн ажилтантай байна.
  • Намд олгож буй иргэдийн болон аж ахуй нэгжийн хандивыг хязгаарлана.
  • Төрийн худалдан авах үйл ажиллагаа буюу тендерт оролцсон хуулийн этгээд дөрвөн жилийн хугацаанд улс төрийн намд ямар нэгэн хандив өгч болохгүй.
  • Намын санхүүгийн тайлантай холбоотой олон төрлийн зохицуулалтыг тусгасан. Намын санхүүгийн тайланд намын орлого зарлага, нийт иргэдийн хандивын талаарх мэдээллийг  тусгана.

СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХ ОЛГОХДОО ГИШҮҮНЭЭС БАРЬЦАА ДЭНЧИН, МӨНГӨ ХӨРӨНГӨ АВАХГҮЙ

Хуулийн төсөлд намын санхүүжилт, хандив хэрхэн тусгагдсаныг дэлгэрэнгүй танилцуулъя.

НАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ:

-Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгуулал ардчилсан дэглэмд шууд ноцтой аюул учруулах, эсвэл хүчирхийллийн замаар гүйцэлдүүлэх,

-Сонгуульд нэр дэвших эрх олгохдоо гишүүнээс барьцаа дэнчин болон бусад хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хэлбэрээр хөрөнгө үйлчилгээ авах, өгөхийг шаардах,

-Нам сонгуулийн бус үед намын гишүүн дэмжигчийг улс төрийн хүсэл зорилгоо биежүүлэх, улс төрийн байр сууриа илэрхийлэх, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоны төлөө цалин урамшуулал олгох,

НАМЫН САНХҮҮЖИЛТ: /27 дугаар зүйл/

-Уг хуулийн төслийн 27 дугаар зүйлийн1-т зааснаар намын орлого нь дараах эх үүсвэртэй байна.

  • Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг,
  • Гишүүний татвар,
  • хандив,
  • Намын өөрийн хөрөнгө түүнээс олсон орлого,
  • Энэ хуулийн 39.4-т зааснаас бусад

-Үндсэн хуулийн 19-ийн дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу төрөөс намд үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу олгох төрийн санхүүжилт болон энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэг бүрдэнэ.

-Төрийн санхүүжилтийн -30-иас доошгүй хувийг гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд, 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцоог хангахад зарцуулна.

-Нийт сонгогчдын хөдөлдмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу жил бүр хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно.

-Нийт сонсогчдын 3-аас дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно. Энэ хуулийн 28.3, 28.7-д заасан шаарлдлагыг хангаагүй намд төрийн санхүүжилт олгохыг хориглоно.

ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗАРЦУУЛАЛТ:  /27 дугаар зүйл/

-30-иас доошгүй хувийг гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд,

-20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцоог хангахад,

-15 хувийг бодлогын судалгааны байгууллагын үйл ажиллагаанд тус тус зарцуулна.

ХАНДИВ: /34 дүээр зүйл/

Хувь хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэн,

Хуулийн этгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн хандивыг нэг жилд хандив болгон өгч болно.

-Нам хандивлагчдын мэдээллээ улирал тутамд олон нийтэд мэдээлээгүй нөхцөлд улиралд олгох төрийн санхүүжилтийг олгохгүй,

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцож гэрээ байгуулсан иргэн , хуулийн этгээд тухайн тендерийн үйл ажиллагаанд оролцсоноос хойш 4 жилийн хугацаанд намд хандив өгөхийг эсхүл нам уул хугацаанд эдгээр иргэн хуулийн этгээдээс хандив авахыг хориглоно.

-Мөнгөн бус хандивт дараах зүйл хамаарна:

  • Үл хөдлөх болон эд хөрөнгийг ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх,
  • үйлчилгээ үзүүлэх,
  • төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх,
  • арга хэмжээний зардлыг төлөх,

-Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс давсан үнийн дүн дүнтэй мөнгөн бус хандивыг намын тухайн улирлын санхүүгийн тайланд хандивлагчийн мэдээллийн хамт тусгана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж