Дайнаас үүдсэн газрын тосны ханш хэлбэлзэл

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

Дайнаас үүдсэн газрын тосны ханш хэлбэлзэл

Дайнаас үүдсэн газрын тосны ханш хэлбэлзэл

ОХУ нь Европын нийт эрчим хүчний дөрөвний нэг, байгалийн хийн гуравны нэгийг дангаар хангадаг. Лондонгийн ICE бирж дээр гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 2022 оны тавдугаар сард нийлүүлэх Брент төрлийн газрын тосны фьючерс гэрээний үнэ 4.8 хувиар буурч, баррель нь 98.64 ам.долларт хүрэв.

“Goldman Sachs”-ийн мэдээлснээр, Брент төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн сарын сүүлийн өдөр (2022.02.28) 6 хувиар өсч, баррель нь 104 ам.доллар давсан. Хоёр орны геополитикийн эрсдэлт нөхцөл байдал дэлхийн эдийн засгийг "ганхуулах" хэмжээнд хүрч хурцдаж буй юм.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Орос, Украины нөхцөл байдал хурцадсаны улмаас хэлбэлзэж буй газрын тосны үнэ ханшийн мэдээллийг онцолж байна.

Улаанбаатарын цагаар Мягмар гаригийн шөнө (2022.03.01)-ийн 02:30 цагт Брент төрлийн газрын тосны үнэ 5.25 хувиар өсч, баррель нь 99.06 ам.доллар болжээ. Дөрөвдүгээр сард нийлүүлэх WTI маркийн газрын тосны фьючерс гэрээний үнэ нэг баррель нь 5.67 хувиар өсч, 96.78 ам.доллар, түүнээс хойш 20 минутын дараа WTI төрлийн газрын тосны үнэ 5.18 хувиар өсч, баррель нь 96,33 долларт хүрчээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Канад улс ОХУ-аас газрын тос импортлохыг хориглохоор төлөвлөж байгаа аж. Энэ талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өнгөрсөн Даваа гаригт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

Тэрбээр "Өнөөдөр бид ОХУ-аас түүхий газрын тосны импортыг бүхэлд нь хориглох бодолтой байгаагаа зарлаж байна. Энэ салбар нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний олигархиудад ихээхэн ашиг тусаа өгсөн" гэж хэлжээ. Үүний зэрэгцээ Канад Оросоос "маш бага” хэмжээний газрын тос импортолдог ч энэ “хориг” арга хэмжээ нь маш хүчтэй дохио өгөх болно" гэж Трюдо тэмдэглэжээ.

АНУ, Европын Холбоо болон бусад хэд хэдэн улс ОХУ-ын банкуудыг төлбөр тооцооны SWIFT системээс хасах шийдвэр гаргасны улмаас газрын тосны үнэ цаашид ч өсөх төлөвтэй байгаа аж.

OПEК-ийн Өргөтгөсөн бүлэг энэ долоо хоногт хуралдаж, дөрөвдүгээр сард олборлох газрын тосны гарцаа тогтоох товтой байна. Тус бүлэг газрын тосны гарцыг өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх төлөвтэй байгаа юм.

Дэлхийн зах зээл дээр Брент төрлийн газрын тосны ханш үргэлжлэн өсч, өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ний өдрийн байдлаар баррель тутамдаа 96.78 ам.долларт хүрсэн билээ. Энэ нь газрын тосны ханшийн хувьд 2014 оноос хойших дээд үзүүлэлт болсон бөгөөд он гарснаас хойш ханш нь 20 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Шинжээчдийн таамаглаж буйгаар, нөхцөл байдал хүндэрвэл Америк ОХУ-ын газрын тосны экспортод хориг тавьж болзошгүй аж.

ТҮЛШ, ШАТАХУУНЫ ИМПОРТЫН ХАМААРЛААС ГАРАХ БОЛОМЖ

Дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш нэмэгдэх хэрээр Монголд шатахууны борлуулалтын үнэ дагаад өсдөг сөрөг нөлөөтэй. Оны эхний сард АИ92 шатахууны импортын дундаж үнэ тонн тутамд 766.7 ам.доллартай тэнцсэн. Уг үзүүлэлт 2021 оны мөн үед 446 ам.доллараар илэрхийлэгдэж байжээ.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сард манай улс нийтдээ 43.9 мянган тонн АИ92 шатахууныг 33.6 сая ам.доллараар импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет жингээр 2.8 хувиар, импортын үнийн дүнгийн хувьд даруй 76.7 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.

УИХ-аас 2021 оны  нэгдүгээр сард “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль”, Засгийн газраас 2021 оны наймдугаар сард “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг тус тус баталсан. Одоогийн байдлаар үйлдвэрийн инженерчлэл, зураг төслийн ажил дуусч, өнгөрсөн нэгдүгээр сараас технологийн бус барилга байгууламжийн барилга-угсралтын ажил эхлээд буй юм. Түүнчлэн төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ложистикийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч, түүхий тос тээвэрлэх хоолойг үйлдвэр ашиглалтад орохоос зургаан сарын өмнө барьж байгуулахаар төлөвлөж байгаа билээ.

Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь Монгол Улс, БНЭУ хоёр орны стратегийн түншлэлийг улам өргөжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой тул харилцан дэмжлэг, хичээл зүтгэлээр зорьсон үр дүндээ хүрэх юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэхээс гадна валютын гарах урсгал 20 орчим хувиар буурч, дагалдах ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм.

Үүний зэрэгцээ газрын тосны Матад XX талбайд үйл ажиллагаа явуулж буй “Петроматад Лимитед” (LON:MATD) компани энэ оны дундуур олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөснөө танилцуулсан. Тус компани уг талбайд өрөмдсөн Цэн тогоруу (Heron) цооногоос олборлох боломжтой нөөц илрүүлснээ 2019 оны сүүлээр зарлаж байв. Цэн тогоруу цооногоос тос олборлож эхэлснээр компанийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, цаашид хийх шаардлагатай хайгуулын ажлын хөрөнгийг бүрдүүлэхэд дөхөм болох аж.

Олборлосон тосыг Хятадын "ПетроЧайна Дачин Тамсаг"-ийн үйлдвэрт машинаар тээвэрлэж аваачин боловсруулж, урд хөрш рүү гаргах юм. Олборлолтын түвшинг дээд хэмжээнд аваачихын тулд нэмж олборлолтын хоёр цооног өрөмдөхөөр төлөвлөсөн бөгөөд холбогдох яриа хэлэлцээг Ашигт малтмал, газрын тосны газартай хийж байгаагаа дуулгаж байсан нь саяхан. Тус компанийн хувьд газрын тосны Матад XX болон Онги V талбайд дараагийн жил хагасын хугацаанд хайгуулын ажил хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, BLOOMBERG, TASS, INVESTING

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж