Байр суурь: Хийн хоолой тавих үр ашгийг өнгөц харж болохгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

Байр суурь: Хийн хоолой тавих үр ашгийг өнгөц харж болохгүй

Байр суурь: Хийн хоолой тавих үр ашгийг өнгөц харж болохгүй

Хойд хөршөөс Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу байгалийн хийн хоолой татах төслийн зураг төсөл, инженерийн хайгуул, судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээг эцэслэн баталсан. Эдийн засагчид болоод судлаачид эдийн засгийн өгөөжөөс гадна эрсдэлийг нь давхар тооцох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Тиймээс эдийн засагч болоод тус төслийн хариуцагч нарын байр суурийг нэгтгэн хүргэж байна.

ТОМООХОН ЭРСДЭЛТЭЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ ӨНГӨЦ ХАРЖ БАЙНА

СЭЗИС-ийн багш, эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхан:

-Монгол Улсын хувьд эдийн засгийн яг, ямар үр ашигтай болох нь эргэлзээтэй. Энэ төслийн эдийн засгийн үр ашгаас гадна Монгол Улсын газар зүйн байршил, гарч болзошгүй эрсдэлтэй зэргийг нь тооцолх ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад  эрчим хүчний ханган нийлүүлэлт болон гео-эдийн засгийн өндөр ач холбогдолтой байх шаардлагатай.

Зарим эх сурвалжийн мэдээгээр 12 мянган ажлын байр бий болно, бүтээн байгуулалтын их ажил өрнөнө, дараа нь ашиглалтын зардал авна гэх мэтээр ярьдаг. Зөвхөн иймхэн зүйлээр том эрсдэл дагуулж болзошгүй төслийн эдийн засгийг үр ашгийг харж байгаа бол өнгөцхөн дүгнэлт болно.

Ийм хэмжээний ажлын байр бий болгох төслүүд Монгол Улсад цөөнгүй бий. Нөгөө талаас Монгол Улсын эрчим хүчний бодлогын баримт бичигт хараанд байгалийн хий ашиглах талаар ямар нэг зүйл дурдагдаагүй байдаг. Тэгвэл бид чухам яаж  эдийн засгийн өндөр ач холбогдлыг бий болгох вэ гэсэн асуудал үүснэ. Тэгээд ч зөвхөн эдийн засгийн үр ашиг харж хийдэг зүйл биш.  Үүний ард ярих, ярихгүй олон зүйлийг бид тооцох хэрэгтэй.

2018 онд Хятадын Чиндао хотод болсон гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах саналыг тавьж, хүлээн авч нааштай шийдэхийг хүссэн байдаг. Тухайн үед чухам яагаад тийм санал тавьсан, түүнээс хойш үүний дагуу цөөнгүй яриа хэлэлцээр явагдаад байгаа нь ихээхэн ойлгомжгүй байгаа.  Монгол яагаад ийм өндөр ач холбогдол өгөөд байгаа нь ч эргэлзээтэй.

ОХУ-тай холбоотой дэлхий нийтийг хамарсан сөрөг нөхцөл байдал үүссэн, тухайн улсын зүгээс зөвтгөх ямар ч бололцоогүй дайн тулаан, хүчирхийллийг өдөөж, дэлхийг цөмийн аюул заналаар сүрдүүлж байгаа энэ үед ийм алхмыг төрийн дээд түвшинд хийж байгаа нь маш болчимгүй алхам юм.

Миний хувьд эхнээс нь эргэлзэж байсан, одоо ч хэвээрээ. Ерөнхийлөгч нь очиж хүсэлт гаргаад, араас нь санамж бичиг, ТЭЗҮ гэх мэт олон зүйл хийх тухай ярьж, мөн үүнтэй холбоотой “Эрдэнэс газ” гэсэн төслийн бүтэц бий болж ч байх шиг. Бид чухам юунд ингэж хөөрцөглөөд байгааг ойлгоход үнэн хүнд байна. Түр зуурын хэдэн ажлын байрны төлөө Монгол Улсын эрх ашгийг эрсдэлд оруулж болохгүй. Бидний хувьд энэ төсөл ямар эерэг талтай, энэ нь бидний цаашдын хөгжлийн урт хугацааны бодлого, эрх ашигт нийцэж байгаа эсэх нь нотлогдсон байх шаардлагатай. Эсвэл төр засгийн энэ гэрээ байгуулаад байгаа нөхдүүд бидний энэ төслөөс олох эерэг тал, болзошгүй эрсдэлийг тайлбарлаж өгөх нь зүйтэй байх.

ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙДАГ НЬ УКРАИНЫ ХЯМРАЛААС ХАРАГДАЖ БАЙНА

Эдийн засагч Ч.Отгочулуу:

-ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах төслийн зураг төсөл, инженерийн хайгуул, судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээ хийлээ. Эдийн засгийн өгөөжийн хувьд газар нутгаа ашиглуулсны төлбөр авах боломжтой. Бүтээн байгуулалтын үед олон ажлын байр бий болно. Мөн Орос, Хятадын хооронд үүсэх интеграцад илүү нэгдэх замаар бизнесийн шинэ боломжууд үүсэх боломжтой.

Гэвч геополитикийн эрсдэл өндөр байдаг нь Украины хямралаас харагдаж байна. Мөн дэлхий даяар эзлэн түрэмгийллийг эсэргүүцэж, Оросын эдийн засгийг санкцад оруулж байгаа үед төслийг эхлүүлэхээр болж байгаа нь цагаа олсон гэхэд хэцүү. Тэгээд ч Оросын компаниудын санхүү эдийн засаг хүндэрнэ. Монгол Улс ч мөн барууны хоригт орох эрсдэл үүсч байна.

Хятадад барууны зах зээл маш чухал. Барууны хоригт орвол Хятадын эдийн засаг хүндэрнэ. Хийн хоолойн хувьд Хятад мөн худалдан авах эсэхээ шийдэж өгөхгүй удаах байдал үүсч болзошгүй. Монголд нүүрс, занар зэргээс синтетик хий, дизель, бензин гаргаж авах боломж бий. Энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийвэл хараат байдлаас гараад зогсохгүй экспортлогч болох ирээдүйтэй. Гуравдагч хөрштэй хамтарч энэ чиглэлд хөрөнгө оруулах нь зөв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМ ДЭД БҮТЦИЙГ ДАМЖУУЛСНААР ОЛОН УЛСЫН ТОГЛОГЧ БОЛЛОО

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

-Сибирийн хүч-1, 2 төсөлд ажилласан арвин туршлагатай компани энэ төслийн инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийхээр болсонд баяртай байна. Монголын Засгийн газар энэхүү төсөлд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд 2022-2024 онд хийгдэхээр төлөвлөгөөнд туссан ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэхэд манай тал өөрөөс хамаарах бүхнийг хийх болно. Туршлагатай мэргэжилтнүүд ирж судалгааг хийнэ. Тиймээс дотоодын аж ахуй нэгжүүд, инженерүүд төслийн эхнээс нь оролцоод явах боломжтой.

Төслийн ажил гуравдугаар сард эхэлнэ. Эдийн засгийн өгөөжийн хувьд судалгааг ч аль аль талдаа хийж баталгаажуулсан. Техник, эдийн засгийн өндөр ашигтай гэдгийг "Газпром"-оос ч мэдээллээ.

Тогтвортой хамтын ажиллагаатай байж, хоёр хөрштэй эдийн засгийн хувьд хамтын ажиллагааг бий болгосноор инноваци технологид суурилсан ажлын байр олноор бий болно. Бид эрчим хүчний том дэд бүтцийг дамжуулснаар олон улсын тоглогч болж байна гэсэн үг. Тиймээс хийн хоолой тавих ажлыг ойрын хугацаанд эрчимжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж