ОХУ, Украины дайны эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2022.03.01-нд нийтлэгдсэн

ОХУ, Украины дайны эргэн тойронд

ОХУ, Украины дайны эргэн тойронд

Орос, Украины удирдагчдын хэлэлцээ таван цаг үргэлжилсний эцэст өндөрлөсөн. Тэд удахгүй хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. Уулзалтыг өнгөрсөн шөнө хэд хэдэн удаа хойшлуулж, уулзалт хийх газрыг дахин товлосон бөгөөд үүний үр дүнд Украины хилийн ойролцоох Гомель мужийг сонгов.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский талуудад тодорхой асуудлууд дээр санал нэгдэх боломж байгааг уулзалтын дараа мэдэгдсэн байна. Тэрбээр дараагийн хэлэлцээ ойрын өдрүүдэд Беларусь-Польшийн хилийн орчим зохион байгуулагдах болсныг нэмж мэдээлжээ.

Эх сурвалж: TASS


УКРАИН ЕВРОПЫН ХОЛБООНД НЭГДЭНЭ

Украины Ерөнхийлөгч Зеленский Даваа гаригт Европын холбоонд Украин улс нэн яаралтай нэгдэх хүсэлтэд гарын үсэг зурав. Европын холбооны нэг хэсэг болсноор Оросын дайралтыг даван туулж, цэрэг, санхүү, улс төрийн дэмжлэгийг түргэсгэнэ гэсэн итгэл найдвар төржээ. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен "Тэд бидний нэг, бид тэднийг оруулахыг хүсч байна" гэж өнгөрсөн Ням гаригт "Евроньюс"-т өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Үүний дараа Даваа гаригт Владимир Зеленский Европын холбоонд хандан, Украиныг шинэ тусгай журмаар яаралтай элсүүлэхийг уриалав.  Тус санааг Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель давтан, Европын холбооны орнууд Украиныг тус холбоонд шинээр элсэх талаар удаан хугацааны туршид санал зөрөлдөөнтэй байсан гэж мэдэгдэв.

Гарын үсэг зурсан ч тус холбоонд элсэх стандарттай тул томоохон шинэчлэл хийх шаардлагатай ажээ. Жишээ нь, Украины санхүүгийн салбарт евро ашиглах боломжтой зэргийг нотлох хэрэгтэй юм. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл гишүүнээр элсэх аливаа саналыг бүрэн шийдвэрлэхэд "олон жил" шаардлагатай гэж мэдэгдэв.

Эх сурвалж: DAILY MAIL


ХАГАС САЯ ГАРУЙ ХҮН УКРАИНЫГ ОРХИН ДҮРВЭЖЭЭ

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш нийт хагас сая гаруй украин эх орноосоо дүрвэсэн байна. Мөн дотооддоо аюулгүй байдлаа хангах үүднээс хоргодох байранд орсон 160 мянга гаруй хүн байна гэж "Укринформ"-ын сурвалжлагч мэдээлэв.

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч, яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар Даваа гаригийн байдлаар 406 энгийн иргэн амиа алдсан. Гэхдээ бодит тоо хамаагүй өндөр байж магадгүй" гэж хэлэв.

Эх сурвалж: UKRINFORM


КАНАД УКРАИН РУУ ТАНК ЭСЭРГҮҮЦЭХ ЗЭВСЭГ ИЛГЭЭНЭ

Канад улс Украинд Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалахад туслах зорилгоор танк эсэргүүцэх зэвсгийн багц илгээхээр болжээ. Канадын Үндэсний батлан хамгаалахын сайд Анита Ананд Оттавад болсон хэвлэлийн бага хурал дээр "Украины хүсэлт, НАТО-той тохиролцсоны дагуу бид Украинд 100 ширхэг Карл-Густаф танк эсэргүүцэх зэвсгийн систем, 2000 пуужин илгээх замаар нэмэлт тусламж үзүүлнэ" гэж мэдэгдэв. Батлан хамгаалахын сайд энэ долоо хоногтоо багтааж тус тусламжийн зэвсгүүдийг Украинд хүргэнэ гэж нэмж хэлжээ.


ЕВРОПЫН ХОЛБОО ОРОСЫН 26 ТОМ АЛБАН ТУШААЛТНЫГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛАВ

Европын холбооноос Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков болон холбогдох 25  албан тушаалтанд хориг арга хэмжээ авч, хар жагсаалтад оруулжээ. Мөн Оросын хийн үйлдвэрлэлийн даатгалын компани “SOGAZ”-д хориг арга хэмжээ авсан байна.

Песковын хамт хар жагсаалтад:

"Роснефть" компанийн Гүйцэтгэх захирал Игорь Сечин,

"Транснефть" компанийн Гүйцэтгэх захирал Николай Токарев,

"USM" холдингийн үүсгэн байгуулагч Алишер Усманов,

"Афта" банкны ТУЗ-ийн дарга томоохон хувьцаа эзэмшигч Петр Авен,

"Альфа" группын хамтран эзэмшигч Михаил Фридман,

Виолончельчин, бизнесмен Сергей Ролдугин

Шадар сайд Дмитрий Чернышенко

Барилга, орон сууцны сайд Ирек Файзуллин

Тээврийн сайд Виталий Савельев

Холбооны Зөвлөлийн тэргүүн дэд дарга (парламентын дээд танхим) Андрей Турчак

Кино найруулагч Тигран Кеосаян

Сэтгүүлч Ольга Скабеев

Нисэх онгоцны буудлын Захирлуудын зөвлөлийн дарга нар болох Александр Пономаренко, Шереметьево

Regnum мэдээллийн агентлагийн ерөнхий редактор Модест Колеров

Говорит Москва радио станцын ерөнхий редактор Роман Бабаян

Шударга Орос – Үнэний төлөө намын удирдагч, зохиолч Захар Прилепин

RT-ийн хөтлөгч Антон Красовский, сэтгүүлчид

"Россия-1" телевизийн сэтгүүлч, хөтлөгч Аркадий Мамонтов

Хар тэнгисийн флотын командлагчийн нэгдүгээр орлогч Сергей Пунчук

Өмнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч Алексей Авдеев

Өмнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч Рустам Мурадов

Өмнөд цэргийн тойргийн 8-р армийн командлагч Андрей Сычевой

"Волга" группийн хөрөнгө оруулалтын компанийн хувьцаа эзэмшигч Геннадий Тимченко

"Северсталь" компанийн ТУЗ-ийн дарга Алексей Мордашев болон "Промсвязь" банкны дарга Петр Фрадков нар багтжээ.

Тус хар жагсаалтад орсон 26 ОХУ-ын иргэд Европын холбооны орнуудад нэвтрэх эрхгүй болж байна.

Эх сурвалж: ТАСС


ОРОСЫН АРМИЙН АСАР УРТ ЦУВАА КИЕВИЙГ ЗҮГЛЭЖ БАЙНА

Оросын цэргийн 40 миль орчим үргэлжилсэн асар урт цувааг Даваа гаригт АНУ-ын хиймэл дагуулын дүрс бичлэгийн компани Украины нийслэл Киевээс хойд зүгт олж харсан байна. АНУ-ын "Максар" компаниас ирүүлсэн тус гэрэл зургуудаас үзэхэд Ням гаригаас хойш тус цуваа Киевийг зүглэж байгаа бололтой.

Эх сурвалж: AFP


УКРАИНЫ ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ХҮСЭЛТЭЙ” ГАДААДЫН ИРГЭДИЙГ ВИЗГҮЙ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Украинд өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 1-нээс “Украины тусгаар тогтнолын төлөө тэмцэх хүсэлтэй” гадаадын иргэдийг визгүй хүлээж авч эхэлсэн тухай “Укринформ” агентлаг мэдээлэв. Бүх улс орон иргэдээ гадаадад цэргийн мөргөлдөөнд оролцохыг зөвшөөрдөггүй.

Тухайлбал, Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес Даваа гаригт тус улсын иргэдийг дайнд оролцохоор Украин руу явахгүй байхыг зөвлөсөн бол Гадаад хэргийн сайд Лиз Трасс ийм шийдвэрийг дэмжихэд бэлэн гэдгээ хоёр хоногийн өмнө мэдэгдсэн байна. Албан ёсоор Их Британид ийм үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг боловч холбогдох хууль удаан хугацаанд хэрэгжээгүй байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж