Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз, Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл, болон Европын холбооны Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзэд Элчин сайдаар томилогдсон явдалд баяр хүргэн, Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл болон бусад төлөөлөгч нарт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.
Тэрбээр Европын холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих өөрчлөлт, шинэчлэлийг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн түнш гэдгийг онцлоод Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэхийг эрмэлзэж байгаагаа дурдлаа.
Түүнчлэн нийслэлийн зүгээс НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгойлон анхаарч буйг дурдаад цаашид Улаанбаатар хотын ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлэх саналтай байгааг илэрхийлэв.
Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл агаарын бохирдол, хог хаягдлын менежмент, хүний эрх зэрэг олон салбарт чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтран ажиллаж буй гэдгийг дурдаад, эдийн засгийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг дурдав. Мөн хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, тогтвортой хөгжлийн бодлогыг хангаж ажиллана гэдэгт итгэж байна хэмээв.
Уулзалтын үеэр талууд ногоон хөгжлийн төслүүдийг Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлэхэд тус салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулах санал гаргаж, тус төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг судлахаар тохиролцлоо.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР