УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.03.01) зохион байгууллаа. Энэ үеэр ажлын хэсгийн гишүүд санал солилцож үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцжээ.
Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардууд өнөөдрийг хүртэл хуульгүй явж ирсэн. Статистик мэдээллээр Монгол Улсад 1000 орчим ломбард байдаг ч татвар төлдөг нь тун цөөн. 2020 оны хоёрдугаар сарын байдлаар 294 татвар төлөгчийн 33.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоос 2.5 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Нөгөө талаар олон улсад нийтлэг байдлаар хувь хүн, хуулийн этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх боломжтой байдаг. Харин манай улсад хувь хүмүүс хооронд, эсхүл банк санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд мөнгөн зээлийн үйл ажиллагааг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж болон барьцаагүйгээр эрхлэн явуулдаг. Хэдийгээр Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын хүрээнд энэ нь хориглогдоогүй боловч зарим сөрөг үр дагаврыг бий болгосоор байгаа юм.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг ашиг олох зорилгогүй иргэд хоорондын зээлийн гэрээний харилцааг (customer to customer зарчимд суурилдаг) ашиг олох зорилготой, байнга, тасралтгүй зээлийн үйл ажиллагаа явуулдаг этгээдээс (business to customer эсхүл business to business зарчмын дагуу) ялгаж, тус бүрд үйлчлэх нөхцөлийг тодорхойлж өгснөөр дураараа зээлийн хүүгийн хэмжээ тогтоож, мөнгө хүүлдэг хувь хүмүүс, барьцаалан зээлдүүлэх газрууд харъяа орон нутгийн эрх бүхий байгууллага, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, зөвшөөрөл аваагүй бол зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга явуулж, хүү авах боломжгүй байх, харин иргэд хоорондын ашиг олох зорилгогүй, нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээнд хүү тохиролцож болох зарчмыг ялгавартайгаар зохицуулахаар боловсруулсан байна.
ЛОМБАРД ЭРХЛЭГЧДЭД ТОДОРХОЙ ШААРДЛАГА ТАВЬЖ, БҮРТГЭЛ, ХЯНАЛТТАЙ БОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТУСГАСАН
Хуулийн төсөл нийт найман бүлэгтэй. Уг хуулийн үйлчлэх хүрээг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцаа болон хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд үйлчлэхгүй байхаар тусгажээ.
Уг төсөлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тодорхой шаардлага тавьж, бүртгэл, хяналттай болгох зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга явуулах тохиолдолд хүү авах эрхээ алдаж, холбогдох зөрчлийн хэргийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Иргэний хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд тооцогдон хоног тутам алданги тооцохгүй байх, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой байдлаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглох асуудлыг тусгажээ.
Төсөл батлагдсанаар бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн мөнгөний эргэлт нь тодорхой болж, улсын төсөвт төлөх татвар шударгаар төлөгдөх нөхцөл бүрдэх юм. Хэлэлцүүлэгт оролцогчид барьцааны хөрөнгийг үнэлэх зах зээлийн үнэлгээг хэрхэн тооцох, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн зөвшөөрлийг олгох хугацааг тогтоох, нэмэгдүүлсэн хүүг тооцох аргачлал зэрэг асуудлыг хөндөн ярилцжээ.