УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өнөөдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “BINANCE” буюу дэлхийн томоохон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлөлтэй уулзаж, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж, 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Хууль 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, хэрэгжиж байна.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хуулийг дагалдан найман журам батлах ёстой бөгөөд журмуудыг Санхүүгийн зохицуулах хороо боловсруулж буй талаар болон хуулийг англи хэл дээр орчуулж, олон нийтэд, олон улсад таниулах ажил хийгдэж буйг дурдаад хуулийн гол зохицуулалтын талаар танилцуулав.
Уулзалтаар мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор харилцан санал солилцлоо. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцож, байгуулллагын төлөөлөгчдийн асуусан асуултад хариулт өглөө. Мөн Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ