Орос-Украины асуудал дэлхий нийтийг түгшээж байна. Олон улсын спортын байгууллагууд ч үүнд татагдан оролцож, өөрсдийнхөө хүрээнд ноцсон галыг унтраахаар мэрийж эхлэв.
Дэлхийн аваргагүй, УЕФА Аваргуудын лигийн финалгүй Орос
Олон улсын хөлбөмбөгийн холбоо(ФИФА), Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА)-ны зүгээс хориг арга хэмжээнүүдээ авч эхэлсэн. Эхлээд УЕФА ирэх тавдугаар сард Санкт-Петербург хотноо болох хуваарьтай байсан Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн УЕФА Аваргуудын лигийн финалын тоглолтыг цуцалж, Парис руу шилжүүлсэн.
Үүний дараа Польш, Швед, Чехийн хөлбөмбөгийн шигшээ багууд нэгдэн дэлхийн аваргын эрхийн төлөө Оросын эсрэг тоглохоос татгалзсан. Энэ талаар Польшийн шигшээ багийн довтлогч Роберт Левандовски “Энэ бол зөв шийдвэр. Украинд зэвсэгт түрэмгийлэл үргэлжилж байх үед би Оросын шигшээ багийн эсрэг тоглож чадахгүй. Оросын хөлбөмбөгчид болон фэнүүд нь үүнд буруугүй. Гэхдээ бид юу ч болоогүй юм шиг дүр эсгэж чадахгүй” гэжээ.
Тэгвэл өнөөдөр/2022.03.01/ ФИФА шигшээ багуудын дээрх мэдэгдлийг дэмжиж, Оросын шигшээг дэлхийн аваргын эрхийн төлөөх тоглолтоос хасч, УЕФА Оросын багуудыг тэмцээнээсээ хөөв.
УЕФА Газпромтой хийсэн ивээн тэтгэгчийн гэрээгээ цуцалж, жилийн 40 сая евро алдахаас айсангүй.
ФИФА болон УЕФА хамтарсан мэдэгдэлд “Хөлбөмбөг энэ цаг үед бүрэн нэгдэж, Украины ард түмэнтэй хамт байна. Хоёр холбооны ерөнхийлөгч нар Украин дахь байдал мэдэгдэхүйц сайжирч, хөлбөмбөг дахин хүмүүсийн эв нэгдлийн, амар тайвны вектор болно гэж найдаж байна” гэжээ.
Хүндэт ерөнхийлөгчийн албан тушаал, хар бүсээ алдсан Владимир Путин
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо Владимир Путины хүндэт ерөнхийлөгч, элч төлөөлөгч гэх статусыг түдгэлзүүлж буйгаа зарласан. 2008 онд тус холбооноос хар бүст Путиныг хүндэт ерөнхийлөгчөөрөө тодруулж байсан боловч Украины эсрэг хийсэн үйлдлээс нь болж, хориг арга хэмжээ авч байгаа нь энэ аж.
IJF-ийн мэдэгдэлд “"Украинд үргэлжилж буй дайны мөргөлдөөнтэй холбогдуулан Олон улсын жүдо бөхийн холбооноос ноён Владимир Путины Олон улсын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, элч төлөөлөгч гэсэн статусыг түдгэлзүүлснийг зарлаж байна" гэжээ.
Үүний дараа таеквондогийн холбоо Путины есдүгээр дан хүндэт хар бүсийг хурааснаа мэдэгдэв.
Ерөнхийлөгчийнх нь шийдвэр алдагдал дагуулав
Путин Украинд цэргийн үйл ажиллагаа явуулах шийдвэр гарсны дараа Оросын компаниуд, Путины ойрын хамсаатнууд хохиров. Германы хөлбөмбөгийн Шальке 04 баг ОХУ-ын төрийн өмчит Газпромын логоноос, Английн Манчестер Юнайтед баг тус улсын үндэсний агаарын тээвэрлэгч Аэрофлотоос тус тус татгалзжээ.
Мөн Челсигийн эзэн, орос тэрбумтан Роман Абрамович Их Британийн хязгаарлалт, шахалтын улмаас багийнхаа удирдлагыг буяны сангийнхаа итгэмжлэгдсэн хүмүүст хүлээлгэн өгчээ.
Орост арга хэмжээ зохион байгуулахгүй
Авто спортын оргил тэмцээнүүдийн нэг “Формула 1” Оросын Гранд Пригээ цуцлав. Үүнээс гадна Путины ойрын хүн Дмитрий Мазепиний хүү, “Haas” багийн нисгэгч Никита энэ улирал уралдах боломжгүй болжээ.
Олон улсын бадминтоны холбоо Орос болон Беларусьд болох байсан төлөвлөгөөт тэмцээнүүдээ цуцалж, өөрсдийн тэмцээндээ дээрх хоёр улсын туг далбаа, төрийн дууллыг ашиглахгүй гэдгээ илэрхийлжээ.
Энэ хооронд дэлхийн каратегийн холбоо Москвад болох байсан “Karate1-Premier League” тэмцээнийг цуцалсан аж. Тэдний адилаар олон улсын шатрын холбоо өөрсдийн тэмцээндээ Орос, Беларусийн туг далбааг мандуулахгүй, төрийн дууллыг нь эгшиглүүлэхгүй гэжээ.
Харин олон улсын усан сэлэлтийн холбоо ирэх наймдугаар сард Оросын Казан хотноо болох байсан өсвөр үеийн дэлхийн аваргын тэмцээнийг цуцалж, цаашдаа байдал намжихгүй бол Орост тэмцээнээ зохион байгуулахгүй гэв.
Олон улсын олимпийн хороо зүгээр суусангүй
Олон улсын олимпийн хорооны удирдах зөвлөлийн зүгээс Владимир Путин, Дмитрий Чернышенко, Дмитрий Козак нарт олгосон олимпийн одонгоо эргүүлэн авна гэдгээ мэдэгдсэн юм. Мөн тус зөвлөл нь олон улсын спорт холбоодыг Орос, Беларусийн нэрэн дор баг тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байхыг уриалжээ.
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахын мэдэгдэлд “Беларусийн дэмжлэгтэй Украин руу довтолсон Оросын довтолгоо нь олимп, паралимпийн Хартиг илт зөрчсөн бөгөөд хатуу хориг арга хэмжээ авах ёстой” гэжээ.
Сагсан бөмбөгчид, хөлбөмбөгчид, талбайн теннисчид, авто спортынхон гээд энх тайвныг эрхэмлэгчид дэлхийн өнцөг булан бүрт дайнаа зогсоохыг хүсч, гуйж, нэгдэж байна
Холбоотой мэдээ