Сурвалжлага: Орос-Украины дайны сургаар Монголд үнэ өсөв

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Орос-Украины дайны сургаар Монголд үнэ өсөв

Сурвалжлага: Орос-Украины дайны сургаар Монголд үнэ өсөв

ОХУ, Украины хооронд өрнөж буй дайн Монголд шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоор сүүдрээ тусгаж эхэлжээ. Урд хөрш хилээ хаахад жимс, нарийн ногооны лангуу хоосорч байсантай адил хойд хөрш нүүр буруулахад ургамлын тос, будаа, элсэн чихэр, гоймон зэрэг өргөн хэрэглээний бараа тасарч лангуугаа цоожлоход бэлэн байгааг худалдаачид хэлж байв. “Хүчит шонхор” захын гурил будааны бөөний тасгийн худалдагч Б.Долгор “Хятад хилээ хааж, Оросод дайн болж байна. Орос, Украины дайн бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөллөө. Дахиад л үнэ нэмэгдэх сурагтай. Магадгүй гурилаас бусад ургамлын тос, будаа, элсэн чихэр тасарч магадгүй. Нийлүүлэлт  их багассан. Бараагаа нөөцөлье гэсэн ч орлого бага тул боломжгүй. Байгаагаа шавхах болов уу” гэсэн юм. Түүний хэлснээр шуудай гурилны үнэ 3000-5000 төгрөгөөр нэмэгдсэн бол ургамлын тос, будааны үнэ нэг үетэй харьцуулахад тогтож байсан ч эргээд өсчээ.

Бөөний цэгүүдээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш сонирхвол ургамлын тос дунджаар 7000-15000 төгрөгийн үнэтэй бол цагаан будаа 3500, бор будаа 5500-9000, элсэн чихэр кг нь 2000 төгрөгийн үнээр тус тус борлуулж байна. 

Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар үнэ ханшийн судалгааг харвал, зах худалдааны төвүүдэд цагаан будаа кг нь 1343 төгрөг, элсэн чихэр 1970, ургамлын тос 6400 төгрөгийн үнэтэй байж.

Сүүлийн жилүүдэд монголчуудын өргөн хэрэглээний хүнсний нэг болсон тахианы махны үнэ ханш сонирхвол кг нь дунджаар 8000 төгрөгөөр борлуулж байв. Тус захад тахиа, гахайны мах борлуулдаг  шилэн лангууны худалдагчтай цөөн хором ярилцвал  “Өнөөдрийн байдлаар тахианы махны үнэ тогтвортой байна. Хэрэв хомстол үүсч эрэлт нэмэгдвэл үнэ өснө. Хятад хилийн хязгаарлалтаа чангаруулсан тул Оросоос тахианы мах авч борлуулдаг. Ерөнхийдөө үнэ тогтвортой ч нийлүүлэлт багасах шинжтэй байна. Цаана тахианы мах тасарвал энд үнэ нэмээд ч нэмэргүй, лангуугаа хаахаас яах билээ. Хятад хилээ нээх хүртэл ОХУ тогтвортой бол ямар ч асуудал үүсэхгүй. Орос, Украины асуудал энд ч бас нөлөөлж байна шүү дээ” гэлээ.

Өнөөдрийн байдлаар зах, худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн элбэг дэлбэг байна. Цөөн хэдхэн худалдаачдаас бусад нь “Барааны үнэ хэвэндээ, шатахууны үнэ нөлөөлөөгүй, нөөц хангалттай” гэцгээнэ. Харин дээрх худалдагч нар шиг  бодит байдлыг нуулгүй хэлэх нь цөөн. Гэхдээ худалдан авалт муудсан гэдгийг ам уралдан хэлцгээж байв.

МАХНЫ  НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСЧЭЭ 

Ажил тарж, зах хаах дөхсөн тул хөл хөдөлгөөн сийрэг. 17:00 цагтай уралдан “Хүчит шонхор” хаалгаа барьж, худалдагч нар лангуугаа цэвэрлэсэн ч орлогоо бодож хүн харуулдах нь ч цөөнгүй. Тус захын махны тасгаар нь орвол ийм дүр зураг угтлаа. Худалдагч нар “Мах аваарай, хямд ав”, “Шинэ мах 10 мянган төгрөгт л авахгүй юу”  гэх зэргээр уриалгахан загнана. Махны худалдаачид орой болсон тул орлогоо бодсон уу үнээ хямдруулжээ. Өглөө нь кг үхрийн цул махыг 15000 төгрөгөөр зарж байсан бол орой нь 10 мянган төгрөг болж хямдруулжээ. Зарим хүмүүс ч махны үнэ боломжийн байхад нь авлаа  гэж байв. Учир нь 7 кг махыг дунджаар 15000 төгрөгөөр тооцвол 105 мянган төгрөг бол 10 мянга болж хямдарсан үед авбал дунджаар 72000 төгрөг болж байв. Гэхдээ махыг 7 кг-аар нь авах хүн цөөхөн. Дунджаар 3 кг авах нь нийтлэг болохыг худалдагч нар хэлдэг. Тус захад үхрийн  ястай мах кг нь 13000 бол цул мах кг нь 14-15 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн хонины мах кг нь дунджаар 12 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Худалдаачид махны үнэ нэмэгдээгүй болохыг хэлж байгаа ч зарим нь өмнөх долоо хоногоос  500 төгрөгөөр нэмэгдсэн болохыг хэлж байлаа. Гэхдээ махны нийлүүлэлт багасчээ. Шалтгаан нь, хаврын улиралд  мал туранхай тул малаа нядалж орон нутаг руу мах нийлүүлэх малчид цөөрчээ. Мөн шүлхий дэгдсэнтэй холбоотой нийлүүлэлт эрс багассан гэнэ. Ийм боловч махны үнэ шинэ болон хуучин, өнгө, чанараас хамаарч хоорондоо 1500 төгрөгийн үнийн зөрүүтэй байдаг аж. Хэдийгээр шатахууны үнийн нэмэгдэл махны үнэд нөлөөлдөг ч Хятад хилээ нээж, мах экспортолж эхэлбэл хомстол үүсч үнэ эрс өснө гэдгийг худалдаачид хэлж байсан юм. Одоогоор урд хөрш рүү нийлүүлээгүй их хэмжээний нөөцөлсөн махыг борлуулж байгаа тул үнэ тогтвортой байгаа гэх.

Харин “Бөмбөгөр” худалдааны төвөөр орвол үхрийн ястай мах кг нь 14500 төгрөг бол цул мах кг нь 16700 төгрөгөөр борлуулж байна. Хонины мах ч мөн адил кг нь  10 мянган төгрөг давжээ. Бараг л 20 мянган төгрөг лүү дөхсөн гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн статистикийн газрын хоёрдугаар сарын 23-ны үнэ ханшийн мэдээллээр, энэ оны хоёрдугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 12293 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 14235 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 272  төгрөг буюу 1.9 хувь, үхрийн цул махны үнэ 243  төгрөг буюу 1.5 хувиар өссөн аж.  Худалдаачдын зүгээс махны үнэ цагаан сарын баярын дараа 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн болохыг хэлж байлаа.

СУРГААР НЬ  ОРОС НАРИЙН НОГООНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДАВ

Мөн нарийн ногооны тасгаар урд хөршөөс нарийн ногооны импорт тасарсан тул ОХУ-аас орлуулж байгаа аж. Гэвч маш үнэтэй.  Тухайлбал,

  • Улаан лооль кг нь 18000 төгрөг
  •  Үрлэн улаан лооль кг нь 25000 төгрөг.
  • Брокли 15000
  • Цагаан мөөг кг нь 30000 төгрөгт
  • Хулуу, чинжүү кг нь 18000 төгрөг болжээ.

Лангууны худалдагч “Үнийг нь сонсоод ухаан алдав аа. Хятад хилээ хаасан болохоор Орос ногоо маш үнэтэй байна. Үүнд Орос, Украины асуудал ч нөлөөлж байна. Гэхдээ барс худалдааны төвийнхөн ч бас үнийг хөөрөгдүүлж байгаа. Удахгүй Хятад хилийн хязгаарлалтаа цуцалбал Орос ногоо хумигдах биз” гэлээ. Мөн Монголын хөрсөнд ургуулсан гэх юуцай, салатны навч кг нь 40.000 төгрөг. Учир нь гадуур энэ ногоо тасарсан тул өвлийн хүлэмжид ургуулж тариалсан нь ийм өртөг өндөртэй байна. Мөн монгол сармис ч бас 40000 мянган төгрөг аж. Хүнсний ногооны тухайд төмснөөс бусад нь нэмэгдсэн бололтой. Төмс кг нь 1200 төгрөг бол кг нь 2995 төгрөг байсан лууван 3500 болжээ. Мөн байцаа кг нь 2400 төгрөг байсан бол 2500 гэх зэргээр үнэ мэдэгдэхүйц өсч. Хэдийгээр “Мах гурилтай байхад өлсч үхэхгүй” гэж хэн дуртай нь ярьдаг ч энэ бүх үнийн өсөлт, хилийн хориг хүнсний хомстолд орох эрсдэлтэй ч үгүйсгэх аргагүй. Ялангуяа ОХУ болон Украины зөрчилдөөн Монголд хэрхэн нөлөөлж буй талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улс  ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнийг бараг 100 хувь импортолдог. Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ аваад бүх төлбөр тооцоогоо олон улсын төлбөр тооцооны SWIFT системээр дамжуулан хийдэг. Өөрөөр хэлбэл, бүх банк SWIFT сүлжээнд холбогдож, харилцаж буй банк руугаа тус сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцоогоо хийдэг. SWIFT-ийн мэдээлснээр ОХУ-ын төв банк болон нэр бүхий томоохон таван банкийг SWIFT-ийн төлбөр тооцоо явуулахгүйгээр зогсоосон. Хэрэв манай улсын банкуудаар дамждаг гадаад төлбөр тооцоо эдгээр банкаар дамждаг бол зогсох эрсдэлтэй. Мөн Зүүн Европоос ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор хүнс болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн орж ирдэг. Үүнд мөн тодорхой хэмжээний эрсдэл үүсч магадгүй байна. Одоогоор эдгээр сүлжээ доголдсон, экспорт, импорт хаасан зүйл байхгүй ч бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж харж байна” гэж өчигдөр мэдэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар шатахууны үнэ АИ92 авто бензин дунджаар 2286-2290 төгрөгийн үнэтэй байна. Тухайлбал, “Петровис” ШТС АИ-92 авто бензинийг литр тутамдаа 2290 төгрөгөөр борлуулж байгаа юм. Одоогоор шатахууны нөөц, нийлүүлэлт хэвийн байгаа ч иргэд зохиомол ачаалал үүсгэснийг тус ШТС-ын түгээгч хэлж байсан юм.  Шатахууны үнийн нэмэгдлийг дагаад такси ч бас тав алхахгүй газрыг 2000 төгрөгөөр тооцох болсон нь иргэд автобусаа хүлээх үү, явган алхах уу гэдгийг сонгохоос ч өөр аргагүй болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж