Японы шинэ капитализм

Хуучирсан мэдээ: 2022.03.01-нд нийтлэгдсэн

Японы шинэ капитализм

Японы шинэ капитализм

Капитализмыг ашигтайгаар хэрэгжүүлж чадсан Япон улс уг системийг шинэчлэхээр ярьж эхэлжээ. Шинэ капитализм гэх холбоо үг сүүлийн үед Японы ерөнхий сайд Кишида Фүмиогийн амны уншлага болжээ. Харин неолиберализмыг хамгаалагчид Кишидагийн шинэ капитализмын санаа нь хуучин коммунизм гэдгийг анхааруулж байна. Нөгөө талд Японы коммунист нам үүнийг дампуу неолиберализмын үргэлжлэл гэж үгүйсгэжээ.

Кишидагийн ярьж буй шинэ капитализм гэж юу вэ?

Хэдийгээр төлөвлөгөө нь нарийвчлан дэлгэгдээгүй ч Кишидагийн шинэ капитализм дээрх хоёр тодорхойлолтын аль нь ч биш гэнэ. Үнэн хэрэгтээ энэ нь Японы залуу ерөнхий сайдын неолиберализмын талаарх мөлгөр шүүмжлэл юм. Японы эрх баригч Либерал ардчилсан нам (LDP) 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үед тус улсад неолиберализмыг бүтээсэн. Харин Кишида саяхан засгийн газрын хуралдаан дээр хэлсэн үгэндээ, өөрийн намын сүүлийн 20 жилд бий болгосон зах зээлд ээлтэй бодлогыг шүүмжилсэн байна. Неолиберализмаас салахын тулд капитал болон улс төрийн өрсөлдөгч нартай тулгарах шаардлагатай болно гэжэ.

АЛТАН ҮЕ РҮҮ БУЦАХ НЬ

Кишидагийн шинэ капитализм цалингийн өсөлт, татварын бодлогод ихээхэн анхаарал хандуулдаг тул уламжлалт дахин хуваарилах эдийн засагтай төстэй юм. Өөрөөр хэлбэл, шинэ капитализм нь бүхэлдээ шинэ зүйл биш бөгөөд 1960-аад оны үед бүтээлч байдал гараас гарт дамжин өсч байсан хуучин “капитализмын алтан үе”-ийг эргэн сэргээх аж. Тухайн үед төрийн эрх барьж байсан Либерал ардчилсан нам орлогыг дахин өсгөх бодлогыг амжилттай хэрэгжүүлсний ачаар ДНБ-ийн дундаж өсөлт хоёр тоонд байсны дээр ажилчдын цалин 1960-1967 оны хооронд хоёр дахин нэмэгджээ. Кишида энэхүү давхар өсөлтийг дахин авчрахыг хүсч, үүнийгээ өсөлт, хуваарилалтын амжилттай тойрог гэж нэрлэж байна.

АЖИЛЛАХ ХҮЧИН

30 гаруй жилийн өмнө Японы хөөсөн эдийн засаг хагарснаас хойш цалин хөлсний хэмжээ үндсэндээ өөрчлөгдөөгүй учир энэ нь зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм. Японы хүсэл мөрөөдлөө алдсан ажилчид хуримтлуулж чадсан бүх баялгаа ерөнхийдөө бараа, үйлчилгээнд зарцуулдаггүй, харин илүү хүнд хэцүү цаг үеийг угтаж хадгалдаг. Бага зарцуулалтын энэхүү трендийг өөрчлөхийн тулд Кишида орлогыг хоёр дахин өсгөх хуучин бодлогыг сэргээхээр зорьж байгаа аж.

Кишидагийн бодлогын нэг эерэг тал нь Японы хаа сайгүй ажилладаг, тогтвортой ажлын байргүй ажилчдыг дэмжих юм. Япон улс насан туршийн хөдөлмөр эрхлэлтийн соёлоороо алдартай байсан ч 1990-ээд онд неолиберал хөдөлмөрийн шинэчлэл хийснээр энэ байдал өөрчлөгдсөн. Өдгөө Японы ажиллах хүчний 40 орчим хувь нь тогтворгүй ажил хөдөлмөр эрхэлдэг байна.

Японы капитализм нь тогтвортой ажил олж чадахгүй байгаа хүмүүсийн хэт мөлжлөгөөс хамаардаг. Тухайлбал, эдгээр ажилчдад өндөр тушаалын ажлын байранд удаж чаддаггүй, ажлын цаг нь сэтгэлд нийцдэггүй, цалин хөлс нь бага байдагч илүү ажилладаг зэрэг бэрхшээл тулгардаг байна. Мөн эмэгтэй ажилчдын 50 хувийнх нь ажлын байр тогтворгүй байгаа бол эрэгтэйчүүдийн 22 хувь нь ийм хөдөлмөр эрхэлдэг аж.

Кишида шинэ бодлогоороо ажилчдын ажлын байрны энэхүү ялгааг арилгахыг зорьжээ. Түүнчлэн тэрбээр цагийн ажлын хөлсний доод хэмжээг 8.7 хувиар өсгөж, 1000 иенд хүргэх амлалт өгч байна. Одоогоор хамгийн өндөр цагийн хөлстэй мужид цагийн ажлын цалин 930 иенээр үнэлэгддэг аж.

КОРПОРАЦИЙН СОРИЛТ

Ажилчдад ээлтэй капитализмын эхний тулгарах сорилт нь капиталистууд өөрсдөө аж. Ажилчдын цалин өндөр байхын тулд ядахдаа богино хугацаандаа капиталистуудын ашиг буурах ёстой. Тиймээс капиталистууд ажиллах хүчний байр суурийг нэмэгдүүлэх аливаа оролдлогыг эсэргүүцнэ. Энэ нь урамшуулал, албадлагагүйгээр цалин нэмэгдэхгүй гэсэн үг.

Кишидагийн гол асуудал бол ашгийн зардлаар нийгмийн хэрэгцээг хангах капитализмд итгэх түүний гэнэн итгэмтгий байдал юм. Тухайлбал, тэрбээр “Сүүлийн жилүүдэд цалингийн өсөлт зогсонги байдалд байсан. Капитализмын шинэ хувилбарыг нэвтрүүлснээр цалинг тохиромжтой хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж итгэж байна” гэжээ.

Ямар ч “найдвар” цалинг нэмэгдүүлэхэд хүргэхгүйг хэлэх нь илүүц биз. Бизнесийн хүрээнийхэнтэй найрсаг харилцаатай байсан хуучин банкирын хувьд Кишида төрийн эрх мэдлийг ашиглан, компаниудад дарамт шахалт үзүүлж, цалинг нэмүүлэх нь юу л бол. Түүний капиталтай тулгарах шийдэмгий байдал дутсанаас аль хэдийнэ эсэргүүцэлтэй тулсан. Кишидагийн улс төрийн амлалтуудын нэг нь хөрөнгийн ашгийн татварыг нэмэгдүүлэх байсан ч хөрөнгийн зах зээл сөрөг хариу үйлдэл үзүүлж эхэлмэгц тэр эдгээр төлөвлөгөөгөө цуцалсан.

Кишида цалин нэмдэг компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх замаар хувийн хэвшлийг урамшуулахыг сонгосон. Ийм урамшуулал нь компаниудын цалинг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхэд түлхэц болох магадлалтай. Энэ нь урт хугацаандаа ашигт ажиллагаа нэмэгдсэн хэдий ч цалин зогсонги байдалд ордог корпорацийн хандлагыг өөрчлөх нь эргэлзээгүй.

Өмнөх засгийн тэргүүн Абэ Шинзо ийм төрлийн татварын хөнгөлөлт үзүүлэхийг оролдсон боловч төдийлөн амжилт олоогүйг тэмдэглэх нь зүйтэй. Абэг суудлаас буухад Японд сарын цалин түүнийг найман жилийн өмнө албан тушаалд томилогдсон  үеийнхээс дөнгөж 1100 иенээр л нэмэгджээ. Хөрөнгийн "нинжин сэтгэл"-д найдах үед ийм зүйл болдог.

УЛС ТӨРИЙН СОРИЛТ

Түүний шинэ капитализмын бодлогод тулгарах удаах сорилт нь улс төр. Бүр тодруулбал, Японы засгийг хамгийн удаан хугацаанд тэргүүлсэн ерөнхий сайд Абэ (2012-2020) эрх баригч намд асар их эрх мэдэлтэй, түүнийгээ Кишидаг хориглоход ашиглаж магадгүй. Эрүүл мэндийн шалтгаанаар огцорсныхоо дараа Абэ эрх намын хамгийн том фракцын тэргүүн болсон. Энэ нь Кишидагийн  бодлого үр дүнтэй хэрэгжихийн тулд Абэгийн зөвшөөрлөөс ихээхэн хамааралтай болно гэсэн үг.

Харамсалтай нь, Кишидагийн хувьд Абэ капитализмын шинэ хандлагад дургүйцлээ илэрхийлжээ. Энэ нь "Абеномик" гэж нэрлэгдсэн өөрийнх нь бизнесийг дэмжигч бодлогоос хэт холдож байна гэж Абэ үзжээ.

Абэ болон Кишидагийн засгийн газруудын хооронд гарч ирж буй өөр нэг ялгаа нь Японы төв банкны (BOJ) мөнгөний бодлого юм. 2013 онд Абэ Японы төв банкны захирагчаар Курода Харухиког сонгож, экспортыг нэмэгдүүлэхийн тулд иенийн ханшийг бууруулах үүрэг өгсөн. Курода иенийн ам.доллартай харьцах ханшийг 30 хувиар сулруулж чадсан бөгөөд экспорт тодорхой хэмжээгээр өссөн ч хүлээлтэд хүрээгүй.

Иенийн ханш суларсан нь экспортлогч, үйлдвэрлэгчид болон хөрөнгийн зах зээлд сайн байсан ч импортын улмаас Японы өрхүүдэд хүндрэл учруулж, улмаар өрхийн олон бараа илүү үнэтэй болсон. Харин Кишида засгийн эрхэнд гарснаар өрхийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд иений ханшийг чангатгахыг зорьж байгаагаа илэрхийлж, экспортод төвлөрсөн “Абеномик” бодлогыг өөрчилсөн.

Ямартай ч Кишидагийн шинэ капитализм шинэ зүйл биш ч сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжсэн неолиберализмаас салах сайн алхам юм.

Эх сурвалж: DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж