"Газпром", Монгол Улс хийн хоолойн зураг төслийг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.03.01-нд нийтлэгдсэн

"Газпром", Монгол Улс хийн хоолойн зураг төслийг эхлүүллээ

"Газпром", Монгол Улс хийн хоолойн зураг төслийг эхлүүллээ

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн зураг төсөл, инженерийн хайгуул, судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд өчигдөр (2022.02.28) Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурав. Тус хийн хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан билээ.

Гэрээний дагуу инженерийн хайгуул, судалгааны ажилд оролцох ОХУ-ын туслан гүйцэтгэгч байгууллагуудад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөр хураамжаас чөлөөлөх зэрэг ажлыг ирэх дөрөвдүгээр сард багтаан хийх юм байна. Төслийн хэрэгжилтийг төрөөс дэмжих цогц арга хэмжээний тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, батлуулах ажлыг 2023 оны эхэнд дуусгахаар төлөвлөжээ.

Мөн "Газопровод Союз Восток” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК хамтран инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул, судалгааны ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 30-ны дотор багтаан дуусгах юм байна. Байгалийн хий дамжуулах хоолойн барилга байгууламжийг барихад зориулан газар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газар арванхоёрдугаар сард багтаан шийдэхээр тусгажээ.

Гэрээг үзэглэх үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Сибирийн хүч-1, 2 төсөлд ажилласан арвин туршлагатай компани энэ төслийн инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийхээр болсонд баяртай байна. Монголын Засгийн газар энэхүү төсөлд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд 2022-2024 онд хийгдэхээр төлөвлөгөөнд туссан ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэхэд манай тал өөрөөс хамаарах бүхнийг хийх болно" гэжээ.

“Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер “Telegram” сувагт "Союз Восток хийн хоолойн төслийн ажил идэвхтэй, амжилттай урагшилж байна. Сарын өмнө ТЭЗҮ-ийн үр дүнг баталж, өнөөдөр зураг төслийн гэрээ байгууллаа. ​​Энэ нь төсөл практик шатанд шилжсэн гэсэн үг” гэж хэлснийг “Радио Спутник” уламжлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж