Украин руу хийсэн ОХУ-ын түрэмгийллийн эсрэг АН-аас мэдэгдэл гаргажээ. Сөрөг хүчин гаргасан мэдэгдэлдээ ОХУ-ыг буруутган, “Сүүлийн хэдэн өдрийн турш В.Путин тэргүүтэй Кремлийн удирдагчид ОХУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Украин улсын эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг Ардчилсан Нам эрс эсэргүүцэн буруушааж байгаа”-гаа илэрхийлснийг олон нийтийн сүлжээнд “Саваагүй нохой саранд хуцна”,” эсгий хийх газар нохой хэрэггүй” гэх мэтчилэн шооолох тохуурах хүн олон харагдав. Өөрсдийнхөө хэрүүл талцалд анхаарахыг, бусдын асуудалд оролцох хэрэггүй зөвлөсөн, шүүмжилсэн, ундууцсан сэтгэгдлүүдийг уг мэдэгдлийн дор цөөнгүй бичжээ.
Үнэндээ өнгөрсөн 30 жил ардчиллаар овоглож, хүний эрх, эрх чөлөөг тугаа болгож ирсэн Ардчилсан нам “Үй олон энгийн номхон иргэдийн амь нас үрэгдэж, эдийн засгийн асар их хор хохирол учруулах аюултай энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг бид шаардаж байна. ОХУ-ын энэ алхам нь хэрхэвч зөвтгөх аргагүй бөгөөд Европ болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд нэн аюултай үйлдэл юм. Энэ хүнд цаг мөчид Монголын Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна” гэсэн нь харин ч цагаа олсон мэдрэмжтэй “нүүдэл” байлаа. Манайхан хараах хэдий ч олон улс АН-ын мэдэгдлийг арай өөрөөр харна. Ядаж л сөрөг хүчин нь хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны төлөө дуугарч байна гэж. Тэгээд ч АН засгийн эрхийг барьж байгаа биш болохоор заавал төвийг сахиж амаа үдэх албагүй. Монгол Улс парламентын тогтолцоотой ардчилсан улс мөн бол шүү дээ.
Ардчилсан улсын сөрөг хүчний хувиар Ардчилсан нам ингэж байр сууриа илэрхийллээ гээд буруудах зүйлгүй. Угаасаа Ардчилсан нам бол баруун төвийн үзэл баримтлалтай нам. Тэгээд ч ОХУ-д иргэд нь хүртэл удирдагчийнхаа эсрэг, хүн төрөлхтний энх тайвны төлөө жагсч, тэмцэж байхад, монголчууд амаа үдүүлсэн мэт чимээгүй байж болохгүй. Энэ бол “муу эр дайнд хөөрсөн” явдал бүр ч биш юм.
Харин эрх баригч МАН аливаа улс төрийн болон геополитикийн асуудалд буурьтай, тооцоотой, бодлоготой хандах ёстой болов уу. Засгийн эрх барьж буй намын гишүүд хамар доорх “хагархай”-гаа хазаарлахгүй бол Монголд хохирол ч дагуулж болзошгүй. “Номин талст”-ын дуучин, МАН-ын Бага хурлын гишүүн А.Хаянхярваагийн бичсэн пост үнэндээ цагаа олоогүй мэдрэмжгүй наргиан байсан нь худлаа биш. Товчхондоо, МАН-ын гишүүдийн үг бол эрх баригч намын байр суурь гэж харагдана, уншигдана. Золоор Монгол Улсыг яаж Шанхайн ломбардад тавьчихаагүй юм.
Орос, Украины асуудлаас Ардчилсан нам нэг зүйлийг ухаарсан гэж найдаж байна. Цувж явсан барнаас илүү цуглаж суусан шаазгай хүчтэй байдгийг. Дэлхийн улс төр, геополитекийн эмзэг, тогтворгүй үед Монголын улс төр, нийгмийн, дотоодын эв нэгдэл хамгаас чухал болохыг. Өнгөрсөн хугацаанд үл ойлголцол, хэрүүл талцлаасаа болоод АН өөрөө ч бусдын идэж болж яваа. Дараалсан сонгуульд ялагдал хүлээсэн нь МАН-ын сайных биш АН-ын хэрүүл талцлын үр дагавар. АН яг ийм хэрүүл зодоонтой байх тусмаа улс төрийн тавцангаас арчигдахад бэлэн байгаа. Тиймээс АН малгай, толгойгоо олж, гэрээ засахгүй бол Монголын ардчилалд ч бас аюул занал ойрхон байна.
Зөвхөн АН ч биш өөр хоорондоо хэрүүл, талцалтай байх тусмаа бусдыг өгөөш болоход амархан болохыг монголчууд бас ойлгож авсан байх гэж найдъя. Далайд гарцгүй хоёр их гүрний дунд байгаа улсын төр засаг дотроо эв нэгдэлтэй гаднаа ухаалаг тоглох цаг ирсэн байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ