“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар хэвлэгдлээ


“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ. Түүнчлэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг нийтлэв. Энэхүү хуулиар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнан, мөнгөн тусламж олгох юм. Мөнгөн тусламж авахад ямар бичиг баримтыг бүрдүүлэх талаархи мэдээллийг эмхтгэлийн хуудаснаас авах боломжтой.

Монгол Улсын 2009 оны төсвийн  гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолыг мөн нийтлэв. Монгол Улсын 2009 оны төсвийн гүйцэтгэлийн орлогыг нэг их наяд, дөрвөн зуун гучин нэгэн тэрбум, найман зуун далан таван сая, дөрвөн зуун мянган төгрөгөөр, зарлагыг нэг их наяд, долоон зуун дөчин зургаан тэрбум, зургаан зуун арван зургаан сая, есөн зуун мянган төгрөгөөр баталсан билээ.

Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолтой зөвхөн “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцах боломжтой. Өндөр технологийн аж үйлдвэр гэдэгт инновацийн дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх замаар нэмүү өртөг ихээр шингээсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ, тухайн бүтээгдэхүүний нийт өртөгт түүнийг бий болгоход зарцуулсан судалгаа, хөгжлийн зардал өндөр хувийг эзэлдэг эдийн засгийн салбарыг ойлгох юм байна. Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйлдвэрлэл эрхлэхгүй байх зарчмыг баримтлах аж. Түүнчлэн экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тэргүүн ээлжинд дэмжин хөгжүүлэх юм байна.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолтой “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн хуудаснаас танилцаарай.  Энэхүү ажлын хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах мэргэшсэн институциональ хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Засгийн газрын болон орон нутгийн өрийн бичиг гаргах, уг өрийн бичгийг арилжихтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг боловсронгуй болгох зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.

Эмхтгэлийн энэ удаагийн дугаарт Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журмыг бүрэн эхээр нь мөн нийтлээд байна хэмээн УИХ-ын Тамгын газрын www.open-parliament.mn вэб сайтад мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж