Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа цаг үеийн байдал, эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлс, авч хэрэгжүүлж буй болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай мэдээлэл өгч байна.
Нээлттэй, жижиг эдийн засагтай манай орны хувьд Covid-19 цар тахал гадаад худалдаа, түүхий эдийн үнэ, гадаад хөрөнгө оруулалтаар дамжин төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлжээ. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн орлогын тасалдал, хөдөлмөрийн зах зээлийн уналт нь нийт орлогыг хумьж, эдийн засгийн идэвхжлийн сулруулсан байна.
Энэ нь нөгөө талдаа зээлийн чанар муудах, зээлийн нөхцөл чангарах зэргээр санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж, бодит эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэх эрсдэлийг үүсгэсэн байна.
Монголбанкнаас шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн мөнгөний болон макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээнүүд нь санхүүгийн нөхцлийг зөөлрүүлэх, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, санхүүгийн салбарыг дэмжих, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалахад эерэгээр нөлөөлж буй юм.
Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн хоорондын харилцан уялдаа цар тахлын үед өөрчлөгдөж, тооцоолол хийх боломжийг хязгаарлаж байгаа аж.
Цар тахлын вирусийн шинэ хувилбарууд гарч, давлагаа нь давтагдан, удаан үргэлжилсний улмаас өрхийн хэрэглээтэй эерэг хамааралтай үзүүлэлтүүдийн 80 хувь нь сөрөг хамааралтай болсон байна.
Эдийн засгийн сэргэлт сул байгаа энэ үед нийлүүлэлтийн шалтгаантайгаар үнийн өсөлт эрчимжсэн нь бодлогын сорилт дагуулж байгаа аж. Өнгөрсөн онд инфляци төсөөллийн голч утгаас давж өссөн нь урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн хүчин зүйлсээс ихээхэн хамаарчээ. Үүнд малын гоц халдварт өвчин мал бэлтгэлийн үетэй давхцаж тархсан, Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа доголдсон, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ хурдтай өссөн, худалдааны түнш орнуудын инфляци нэмэгдсэн зэргийг нэрлэж болно.
Манай улсын инфляцийн дийлэнх хэсгийг хүнс, шатахууны үнийн өсөлт тайлбарлаж байгаа хэдий ч сүүлийн саруудад импортын барааны үнэ, түүний дам нөлөө нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа аж. Тиймээс инфляцийн цаашдын төлөв тээвэр, логистикийн асуудлууд, гадаад үнээс ихээхэн хамаарах юм. Гэвч дэлхий нийтээр инфляци нэмэгдэж, төв банкуудын зорилтоос давж байгаа нь гадаад үнээр дамжин импортын барааны үнэ үргэлжлэн нэмэгдэх эрсдэл дагуулж байгаа ажээ.
Б.Баярдаваа захирал илтгэл тавьж дууссаны дараа Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төв банкны удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Орос, Украины нөхцөл байдал эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх эрсдэл үүсч буйг хэллээ.
Холбоотой мэдээ