"No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү өнөөдөр /2022.02.28/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Украинд дайны бүсэд олон монгол оюутан гацсан. Гадаад харилцааны яамаас /ГХЯ/ тэдгээр оюутнуудтай 24 цагийн турш холбоотой байгаа гэж мэдээлсэн. Гэвч бодит мэдээллийг авахаар яам дээр очиход хаалттай хаалга мөргөж байсан. Украинд метроны хонгилд хонож байгаа оюутнууаас ирж байгаа мэдээллээр "Амь нас, эрүүл мэнд нь цаг минутаар хэмжигдэж байгаа" гэдгийг хэлсэн. Гэтэл ГХЯ нь амралтын өдрөөр амарч байх жишээний. Хамгийн гол нь яах гэж Элчин сайдын яам гэж байдаг юм. Онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд мэдээлэл цуглуулж, дүгнэлт, прогноз гаргаж нөхцөл байдал хаашаа эргэхийг урьдчилан таамаглах ёстой биз дээ. Улмаар иргэдээ нүүлгэн шилжүүлэх, өөрийн иргэдээ хамгаалах үндсэн үүрэгтэй. Гэтэл нөхдүүд иргэдээ авч чадсангүй. ГХЯ бүх юмыг л болж, бүтээд байгаа юм шиг мэдээлээд байгаа. Бодит байдал дээр Польш улсад байгаа монгол иргэд өөрсдийнхөө нөөц бололцоогоор 13 хүүхдийг Украинаас гаргаж авч чадсан. Украинд 20 гаруй хүүхэд үлдсэн гэх мэдээлэл бий.
XXI зуунд ОХУ хүчирхийллийн аргаар асуудлаа шийдэх гэж оролдож байгаа дэлхийн улс орнууд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс "No double standart", "Хэвтүүл", "Монгол туургатны төв холбоо" буюу төрийн бус байгууллагууд нэгдэж дуу хоолойгоо хүргэхээр шийдсэн. Бид маргааш төв талбай дээр тайван жагсана. Иргэд нь дуу хоолойгоо хүргэе. Харин Монголын төр байр сууриа илэрхийл. Монгол Улс ямар байр суурь баримталж байгаа вэ гэдгээ олон улсад зарламаар байна. Чимээгүй дүлий дүмбэ байгаа нь зохимжгүй бас аюултай байна" гэв.
Холбоотой мэдээ