Пара байт харвааны ДАШТ-ээс Монголын баг хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

Пара байт харвааны ДАШТ-ээс Монголын баг хүрэл медаль хүртлээ

Пара байт харвааны ДАШТ-ээс Монголын баг хүрэл медаль хүртлээ

Пара байт харвааны "Дубай 2022" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг амжилттай оролцож, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ. Тодруулбал, өчигдөр/2022.02.27/ болсон олимп, паралимпийн үндсэн төрөл болох рекурв (70 м) харвааны эмэгтэй багийн төрөлд Монголын баг (Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс) хүрэл медаль хүртэж, дэлхийн медальтан болжээ.

Эмэгтэй найман багаас Италийн баг дэлхийн аварга болсон бол ОХУ-ын харваачид дэд аварга боллоо.

Манай харваачид урьдчилсан харваалтаар тавдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд эхний харваанд Туркийн багийг 5:4-өөр хожиж, хагас шигшээд үлдсэн. Улмаар чансаагаар тэргүүлсэн ОХУ-ын багт 6:0-ээр дийлдэн хүрэл медалийн төлөө харвах болсон юм. Манай багтай урьдчилсан харваанд хоёроор гарч ирсэн Энэтхэгийн хүчтэй баг таарсан ч "Токио 2020" паралимпийн наадмын оролцогч Д.Сэлэнгээ, шигшээ багийн харваач Б.Жавхлантөгс нар маань 5:1-ээр хожин медалийн болзол хангалаа.

Энэхүү ялалт Монголын пара баг тамирчдын ДАШТ-д үзүүлж байгаа бахдам амжилт юм гэж Монголын паралимпийн хорооны зүгээс тодотгосон юм.

Монголын эрэгтэй баг (А.Анхбаяр 547, П.Мөнхбаатар 541 оноо) эхний тойрогт АНУ-ын багт ялагдсанаар тэмцээнээ өндөрлуулсэн. Энэ төрөлд Их Британийн баг дэлхийн аварга болсон бол ОХУ мөнгө, Ираны баг хүрэл медаль хүртжээ. Мөн холимог багийн төрөлд манай баг Тайландын багт ялагдсан аж. Монголын багийн дасгалжуулагчаар Монголын байт харвааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, парабайт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоо ажилласан бол багийн орчуулагч, албаны хүнээр шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Нямхатан оролцлоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж