Б.Лакшми: ОХУ, Украины дайн Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

Б.Лакшми: ОХУ, Украины дайн Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлнө

Б.Лакшми: ОХУ, Украины дайн Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлнө

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.


-ОХУ, Украины дайнаас улбаалан дэлхийн эдийн засагт том доргилт ирнэ гэсэн шинжээчид дүгнэж байгаа. Нэн ялангуяа Монголын эдийн засагт багагүй дарамт ирэх байх. Дэлхийн улс төрийн хямралаас бол хэр хохирол амсч, хэчнээн жил үргэжилнэ гэж та харж байна?

-ОХУ, Украины дайн Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхүйц дүр зураг харагдаж байна. Нэгдүгээрт, ОХУ-д эсрэг хориг арга хэмжээ тавьж эхэллээ. Хориг арга хэмжээ гэдэг нь Европын холбооноос ОХУ-д санхүүгийн зах зээлд хориг тавьж байна гэсэн үг юм. Тэгэхээр банкууд ялангуяа санхүүгийн салбарын гадаад харилцааны мөнгө шилжүүлэх свифт гүйлгээнд хориг тавьж байна. Хоёрдугаарт, экспорт, импортод хориг тавихаар харагдаж байна. Монгол Улс хоёр хөрштэй, далайд гарцгүй орон. Цар тахал, өвлийн олимпоос улбаалан Хятад хилээ хаасан. Хил хаагдсанаар бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багассан. Одоогоор паралимпийн дараа хил гаалийн асуудал жигдэрч эхлэх нь гэдэг хүлээлттэй байгаа. Мөн энэ хугацаанд Хятад хилээ хааснаар тодорхой хэмжээний Монголын зах зээлд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч эхэлсэн. Үүнтэй холбоотой дээрх хомсдлыг нөхөхийн тулд ОХУ, Туркаас бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг боллоо. Эдгээр бараа бүтээгдэхүүнийг транзитаар ОХУ-аас оруулж ирж байгаа.

Тэгэхээр хориг арга хэмжээ тавигдсанаар Монгол Улсад нэг талаасаа шатахууны үнэ өсөх нь тодорхой болчихлоо. Хоёрдугаарт, инфляцид нөлөөлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх дүр зураг харагдаж байна.

Дээрээс нь ОХУ Монгол Улсын махны экспортыг хориглосон гэсэн мэдээ өнгөрөгч долоо хоногт гарсан. Үүнтэй холбоотой бидний экспортлох гарцууд улам хумигдсанаар эдийн засгийн хүндрэлүүдэд орох болов уу.

-Шатахууны үнэ өссөнөөр инфляцид нөлөөлнө гэсэн үг үү? 

-Тийм. Яагаад гэвэл Монгол Улсын хувьд хэрэглээ буюу импортын инфляци өндөр хувь эзэлдэг. Монгол Улсын хувьд эдийн засаг төрөлжөөгүй. Ихэнх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гадаадаас хамаардаг учраас инфляцид нөлөөлөх нь ойлгомжтой. Хоёрдугаарт, ОХУ-аас худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийг цаашид худалдан авах боломжтой юу үгүй юу. Боломжтой байлаа гэхэд бусад зах зээл рүү гарах боломж нь бага байгаа учраас яалт  ч үгүй бараа бүтээгдэхүүний үнэ өснө.

-Монгол Улс үр тарианы нөөцөө ОХУ-аас бүрдүүлдэг. Дайнтай холбогдуулан үр тарианы нөөц хомсдох асуудал яригдах байх. Үр тарианы нөөцийн тухайд юу хэлэх вэ?

-Үр тарианы хувьд Монгол Улс томоохон хүндрэлтэй асуудал нь бид хэзээ ч нөөцөө бүрдүүлдэггүй. Хавраас тариалалтын улирал эхлэхээс өмнө үр тариагаа худалдаж авдаг. Нэг талаас бидэнд худалдаж авдаг боломж нь байгаа учраас энэ нөхцөл байдалдаа дасчихсан, тайван байдалтай явсаар нөөцөө бүрдүүлж чаддаггүй. Энэ нь өнөөгийн эдийн засагт маш их хэмжээний бэрхшээл болж байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын гадаад өр өндөр хэмжээнд байна. Эдийн засаг муудаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь эдийн засагт сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл эдийн засаг хангалттай хэмжээнд өсөхгүй, төсөв бүрдэхгүй.

Гадаад зах зээлээс хөрөнгө мөнгө босгоё гэхээр өрийн тааз тулчхаад байгаа тул боломжгүй. Эдийн засагчдын зүгээс олон жил “Эдийн засагт сөрсөн бодлого явуулах хэрэгтэй, эдийн засаг сайн байх үед нөөцөө бүрдүүлэх ёстой” талаар байнга хэлсээр ирсэн. Харамсалтай нь улстөрчдийн буруу шийдвэр улс орныг баллаад хаячихлаа.

-Дайнаас улбаалсан эдийн засаг дахь хямралыг хэрхэн хохирол багатай даван туулах ёстой юм бол. Эрх баригчдад энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?

-Оны өмнөхөн Сангийн яамнаас гаргасан эдийн засгийн прогнозыг харахад энэ оны эдийн засгийн төлөвийг нэлээн өөдрөгөөр төсөөлсөн байсан. Миний хувьд бол тэр хэмжээнд хүрэхгүй байх гэж харагдаад байна. Нэгдүгээрт, Хятад улс өвлийн олимпийн явцад хил нээхгүй нь тодорхой байсан. Тиймээс дээрх нөхцөл байдлын улмаас эдийн засаг хангалттай хэмжээнд өсөхгүй нь харагдаж байна. Хоёрдугаарт, паралимп дуусч хил гааль нээлттэй болсон ч Тянжинь, хил дээр цугларсан бараа бүтээгдэхүүн орж ирээд хэвийн байдалдаа ортол хугацаа хэрэгтэй. Тэгэхээр энэ байдал намраас жигдрэх болов уу. Бидний хувьд нэг талаасаа өнөөдрийн нөхцөл байдлыг түүхэндээ үзэж байгаагүй. Нөгөө талаасаа сүүлийн 20 жил уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотой Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн явж ирсэн. Энэ богино хугацааны амжилтад ташуураад эдийн засаг хүндэрдэг гэдгийг мартчихсан явж байсан. Мэдээж 2007, 2008 онд олон улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Харин Монгол Улс Олон улсын валютын сан /ОУВС/-ийн хөтөлбөр хэрэгжүүлж хохирол багатай даван туулж чадсан.

-Хил хаалттай, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн хүндрэлтэй цаг үед эдийн засгаа сэргээх ямар арга хэмжээ авах нь зүйтэй юм бол?

-Эдийн засгаа төрөлжүүлэх асуудал хамгийн эхэнд орж ирнэ. Эдийн засгаа төрөлжүүлэх буюу дотооддоо наад захын хангамжийг үйлдвэрлэдэг хэмжээнд баймаар байна. Мөн хувийн хэвшлээ дэмжиж бизнесийн томоохон реформ хийх хэрэгтэй. Урт хугацаанд эдийн засагт нөлөө үзүүлэхүйц томоохон асуудлаа шийдэх хэрэгтэй байна.

Эдийн засгаа төрөлжүүлнэ гэж ярьсан ч үр дүнгүй энэ чиглэл рүү ямар ч алхам хийгээгүй нь харамсалтай.

Өнөөдөр Монгол Улсын гадаад өрийн дарамт нэмэгдэж, Хөгжлийн банк дампуурлын ирмэг дээр ирсэн нь үнэхээр арчаагүйн шинж. Мөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд мэргэжлийн эрсдэлийг даван туулах чадвартай лидер авч гардаг. Түүнээс өнөөдөр байгаа хүмүүс хангалттай хэмжээнд авч гарч чадахгүй байх гэж харж байна.

-Цар тахлын нөлөөгөөр олон аж ахуй нэгж хөл хорионд орж, ашиг орлого, ажлын байраа алдсан. Тиймээс Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого гаргаж, Эдийн засгийн яам байгуулахаар болсон. Үүнийг та хэр үр дүнтэй гэж харж байна вэ?

-Эцсийн дүндээ ганц яам байгуулаад эдийн засгийн хямралаас гарахгүй. Шинэ сэргэлтийн бодлогыг харахад шинэ зүйл байхгүй байсан. Өнөөдөр бид гадаад хөрөнгө оруулалтыг татна гээд байгаа боловч сүүлийн хоёр жил гадаад хөрөнгө оруулалтыг татах хариуцсан яам агентлаг байхгүй байна. Гадаад хөрөнгө оруулалт татахад ямар ч алхам хийгээгүй.

Шинэ сэргэлтийн бодлогыг намар гаргасан. Уучлаарай дайн болно гэдгийг урьдчилж хараагүй. Тэгэхээр Шинэ сэргэлтийн бодлогыг дорвитой хэмжээнд эдийн засагт нөлөө үзүүлэхгүй гэж харж байгаа. Эдийн засгийн яам байгууллаа гэсэн чинь нөгөө л хүмүүс оччихсон байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж