Дайны нэн шинэ эрин үе – Дрон

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

Дайны нэн шинэ эрин үе – Дрон

Дайны нэн шинэ эрин үе – Дрон

Технологийн харилцан адилгүй байдал нь улс орнуудын хооронд тэгш бус харилцааг бий болгодог. Баллистик пуужин, ухаалаг зэр зэвсэг, кибер халдлага зэрэгтэй эн тэнцүүхэн өрсөлдөөнд орж ирж буй нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслүүд нь дайны нэн шинэ эрин үеийг тодорхойлж байх шиг.
Олон улсын харилцааны реалист онол ёсоор бол улс орнууд хэт их зардлаас түдгэлзэж, өөр хоорондоо дайтахаас зайлсхийдэг гэдэг. Дайн гэдэг дааж давшгүй эдийн засгийн зардал дагуулна. Ялалт мэдээж чухал ч ямар үнээр олдсон бэ гэдэг нь түүнээс дутуугүй чухал билээ.

ХОР ХӨНӨӨЛ ИХТЭЙ Ч ЗАРДАЛ БАГАТАЙ

Технологи хөгжихийн хэрээр дайны арга хэлбэр илүү хор хөнөөлтэй бөгөөд зардал ихтэй болсныг философич Иммануэль Кант онцлон хэлсэн байдаг. Тиймээс улс орнууд мөргөлдөөнөөс зайлсхийхийн оронд тулалдааны зардлыг бууруулахад анхаарлаа хандуулдаг аж. Сүүлийн үед дроны хэрэглээ бүх салбарт асар их, засгийн газрууд ч дайны зардлаа бууруулах боломжтой болсон.
Хүйтэн дайны үед Вьетнам, Камбожи тэргүүтэй зарим орнууд нисгэгчгүй онгоцыг тагнуулын зорилгоор ашиглаж байв. Анхны дэвшилтэт, тагнуулын нисгэгчгүй онгоцыг “General Atomics” компани 1989 онд зохион бүтээсэн. Энэхүү онгоцны анхны үйлчлүүлэгчид нь АНУ-ын Тагнуулын төв газар болон Туркийн Агаарын цэргийн хүчин байжээ. Улмаар 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараанаас дэлхий даяар нисгэгчгүй онгоцны хэрэглээ улам нэмэгдсэн байна. Ирак, Афганистан дахь цэргийн ажиллагаа нь эсэргүүцлийн хүчний үйл ажиллагааг хянах, тэднийг саармагжуулах зорилгоор байрлуулсан нисэгчгүй нисэх онгоцны туршилтын талбар гэж нэрлэгддэг байв. Израиль улс хоёр дахь алдартай нисгэгчгүй нисэх онгоц болох “Heron”-ыг үйлдвэрлэсэн.
Нисгэгчгүй нисэх онгоцнууд тагнуул хийхэд тохиромжтой хэдий ч илрүүлэлт болон цохилт хоорондох хариу үйлдлийн хугацаа удаан байсан. Энэ шаардлагаас улбаалан зохион бүтээсэн “MQ-9 Reaper” гэгддэг пуужинд суурилсан технологитой онгоц 2004 онд анхны нислэгээ хийжээ.


Өдгөө тэдгээр нисгэгчгүй нисэх онгоцнуудын хэлбэр хэмжээ өөрчилж, олон улс дроныг төрөл бүрийн зориулалтаар ашиглаж байна. 2014 онд нийтлэгдсэн “RAND” корпорацийн тайланд дурдсанаар дэлхийн 50 улс ажиглалт болон тагнуулын зориулалттай нисгэгчгүй онгоц бүтээж байна. Эдгээрийг мөргөлдөөн, бослого, терроризмын эсрэг цэргийн ажиллагааны нэг хэсэг болгон ашигладаг.
Нисгэгчгүй онгоцыг хөгжүүлснээр улс орнууд дайны зардлыг үлэмж бууруулахаас гадна зэвсэгт хүчний чадварын хувьд асар их дэвшилт гаргана. Нисгэгчгүй онгоцны эскадриль байгуулах зардал нь хэд хэдэн сөнөөгч онгоцны үнэтэй тэнцэх юм. Мэдээж хамгийн том давуу тал бол алсаас ажиллуулах боломж. Аливаа осол гарсан, буудуулсан тохиолдолд улс орнууд хүн хүчээ алдаж, гарз хохирол амсахгүй.


УЛАМЖЛАЛТ БУС АЮУЛ ЗАНАЛХИЙЛЛИЙН ЭСРЭГ УЛАМЖЛАЛТ БУС ШИЙДЭЛ

Босогчид байршлаа өөрчилж, хурдан нуугдаж чаддаг тул уулархаг бүс нутагт эсэргүүцлийн ажиллагааг хянах хүндрэлтэй байсан. Мэдээж ердийн сөнөөгч онгоц болон тагнуулын нисэх онгоцнууд энэ ажиллагаанд тохиромжгүй болсон. Тиймээс засгийн газруудад шинэ шаардлага урган гарч ирэв. Нисгэгчгүй онгоцнууд дунджаар 20-25 цаг нисч чаддаг. Зарим хувилбарууд нь нислэгийн үеэр түлшээ цэнэглэх замаар 60-70 цаг хүртэл нисэх нь ч бий. Хэдийгээр нисгэгчтэй онгоц ч гэсэн ийм үйлдлийг хийх боломжтой боловч амьд хүн учир ядарч цуцах, анхаарал сарних зэрэг олон асуудалтай. Хүний бие 9G гравитацын хүчийг тэсвэрлэх боломжтой. Тэгвэл дронуудын хувьд 50G хүртэл гравитацын хүчээр ажиллах боломжтой байдаг аж. Тиймээс одоогийн ашиглагдаж буй сөнөөгч онгоцнуудыг нисгэгчээр удирдуулсан сүүлийн онгоцнууд болно гэж зарим хүмүүс таамаглаж байна.

ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙ ДАХЬ НИСГЭГЧГҮЙ ОНГОЦУУД

Энэтхэг-Номхон далайн бүс нутагт 2015 оноос хойш нисгэгчгүй нисэх онгоцнуудын хөдөлгөөн олширсоор байна. Пакистан, Турк, Иран, Орос, Тайвань, Энэтхэг зэрэг улсууд зэвсэгт нисгэгчгүй онгоц хөгжүүлэх алхмаа хийгээд эхэллээ. 2020 оны сүүлийн байдлаар 39 улс зэвсэгт дрон ашиглаж байгаагаас тав нь Ази, Номхон далайн бүс нутагт байна.
Өмнөд болон Зүүн Хятадын тэнгист цэргийн хяналтаа тогтоох хамгийн хэмнэлттэй хэрэгсэл нь нисгэгчгүй онгоцнууд болов. АНУ, Их Британи, Орос тэргүүтэй томоохон гүрнүүд нисгэгчгүй нисэх онгоцны бүтээн байгуулалтаа далай руу чиглүүлэх болжээ. Үүнээс гадна Энэтхэг-Номхон далайн орнууд Хятадын үйл ажиллагааг хянах, далайн дээрэм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтнүүдийг ажиглах зэргийг нисгэгчгүй онгоцны технологи ашиглан шийдвэрлэх болсон.

Дрон бол мэдээллийн болон тагнуулын дайнд ялах Хятадын стратегийн чухал хэрэгсэл бөгөөд тэд олон тооны дэвшилтэт дрон системийг нэвтрүүлснээр энэ салбартаа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болсон. Стокгольмын энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгийн мэдээлснээр, Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд 220 нисгэгчгүй онгоцыг 16 улсад илгээсэн байна. Хятадын экспортын улмаас зэвсэгт нисгэгчгүй онгоц хаа сайгүй олноор тархах нь гарцаагүй. Хятадын экспорт нь Өмнөд Солонгос, Турк, Орос зэрэг бусад улс орнуудад нисгэгчгүй онгоцны хүчин чадлыг хөгжүүлэхэд нь асар их дэм болжээ.

Дэлхийн нисэгчгүй онгоцны зах зээлд АНУ-ын бий болгосон орон зайг Хятадын дронууд нөхөж байна. Хэдийгээр АНУ нисгэгчгүй онгоцоо 55 улсад экспортолдог ч энэ тухай хатуу хууль дүрэмтэй байдгаас нь хамаараад Африк, Ойрхи Дорнодын ихэнх үйлчлүүлэгчид нь Хятад руу ханджээ. Хятадын төрийн өмчит “AVIC” компани янз бүрийн тулааны талбарт ашиглах нисгэгчгүй онгоцыг худалдаалж байна. Хэдийгээр Хятадын онгоцнууд АНУ, Израилийнх шиг чадваргүй ч үнийн хувьд хамаагүй хямд байдаг аж. Тухайлбал, “MQ-9 Reaper” нь 30 сая ам.доллар, “Wing Loong II” нь 1-2 сая ам.долларын үнэтэй. Мөн АНУ-аас ялгаатай нь Хятад улс хэрэглэгчид нь эдгээр онгоцнуудыг хэрхэн ажиллуулж байгааг төдийлөн анхаардаггүй.

Олон улс орнууд нисгэгчгүй онгоцны эсрэг арга хэмжээ авахаар ажиллаж байгаа бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд бид байлдааны талбарт илүү үр дүнтэй дроны эсрэг системүүд тархахыг харах нь дамжиггүй.

Эх сурвалж: THEDIPLOMAT, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж