Согтууруулах ундаа хэрэглэснээс болон санамсар болгоомжгүйгээс хэчнээн гэмт хэрэг, осол гарч бүртгэгдсэн талаар холбогдох газруудаас тодрууллаа. Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн танхимын хичээл сургалт эхэлж, замын ачаалал нэмэгдсэн өдрүүдэд бэлэн байдалд ажиллаж буй. Тухайлбал, гудамж талбайн эргүүл нэмэгдэж, 10 гаруй мянган алба хаагч улсын хэмжээнд ажилласан байна.
Хоёрдугаар сарын 25-ны өдөр цагдаагийн 102 тусгай дугаарт нийт 1836 гомдол мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 104, хүний биед халдсан 70, гэр бүлийн хүчирхийллийн 132, согтуугаар автомашин жолоодсон 83, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 75 дуудлага бүртгэгджээ.
Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гэмт хэргийн зөрчил буурсан үзүүлэлттэй байгаа аж. Харин архидан согтуурсантай холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өнгөрсөн өдрүүдээс нэмэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид орон сууцны хотхон болон гэр хорооллын гудамжинд тавих хяналтыг чангатгаж ажиллажээ. Мөн орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдыг нэмэлтээр ажиллуулж буй аж.
ОБЕГ: ЗАМ ТОВЧЛОСНООС БОЛЖ ЦАС, МӨС РҮҮ ЦӨМӨРСӨН ДУУДЛАГА НЭМЭГДСЭН
Хөдөө, орон нутагт зорчиж байгаа иргэд машинтайгаа осолдох, замгүй хэсгээр зорчих, цасанд суух зэрэг дуудлага мэдээлэл ОБЕГ их бүртгэгдсэн байна. Мөн ахуйн шинжтэй галын дуудлага нэмэгджээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, Их нарангийн 4 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 07:20 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Мөн тус дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 45 дугаар гудамжны задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 24-ны өдрийн 23:40 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Х-ын таван ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Х /44 настай, эрэгтэй/, Ж /43 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсныг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Үүнээс гадна орон нутагт зорчиж буй иргэд зам андуурч төөрөх, цас шаварт суусан дуудлагын хувьд тухайн аймгийн онцгойгийн алба хаагчид шуурхай ажилласан байна.
ТЦА: СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ЖОЛООЧИД ГАЗАР ДЭЭР НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАЙГАА
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс амралтын өдрүүдэд нийт 1500 гаруй дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор орон нутгийн зам болон нийслэлийн замд эргүүлүүд ажиллаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн жолоочдод хариуцлага тооцож ажиллажээ.
Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан сайн үзүүлэлттэй байгаа ч сэрэмжтэй байх хэрэгтэй. 2022 оны хоёрдугаар сарын 7-14-ний хоорондох архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдох дуудлага, мэдээллийг хоёрдугаар сарын 15-21-ний хоорондохтой харьцуулахад 129 нэгж буюу 4.6 хувиар буурсан байна. Гэсэн ч өөрийн болон бусдын амь насыг хүндэтгэж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ТЦА-наас уриаллаа.
Холбоотой мэдээ