"Бээжин 2022" өвлийн паралимпийн наадам ирэх сарын 4-нд эхлэнэ. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчид өнөөдөр /2022.02.27/ Бээжин хотыг зорилоо.
Монголын пара цанын баг тамирчид анх удаа гүйлтийн цана болон уулын цана гэсэн хоёр төрөлд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм.
Энэ удаа "Сочи-2014", "Пенчан-2018" паралимп наадамд оролцсон туршлагатай тамирчин Б.Ганболд гурав дахь наадамдаа өрсөлдөнө. Түүний хувьд "Бээжин 2022" өвлийн Паралимпийн наадмын нээлтийн ёслолд Монголын багийн тугчаар ажиллах аж.
2015 оноос пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Ц.Дашдорж болон 2012 оноос эхлэн пара уулын цанын спортын төрлөөр хичээллэх болсон Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпийн цасан замд уралдана. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог болон Д.Очирсүх нар ажиллах бол баг тамирчдаа Монголын үндэсний паралимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо ахлаж явна.
Холбоотой мэдээ