Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна
УКРАИНААС ИРГЭДЭЭ ЯАРАЛТАЙ ТАТАЖ ЭХЛЭВ
Хөрш ОХУ-аас өнгөрсөн Пүрэв гаригт /2022.2.23/ Украинд цэргийн дайралт хийж эхэлсэн тул Монгол Улсаас тус улсад амьдарч, сурч, ажиллаж буй иргэдээ яаралтай татаж эхэлсэн. Украинд Монгол Улсын 90 орчим иргэн оршин суудаг гэх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.
Шадар сайд С.Амарсайхан хоёрдугаар сарын 24-нд мэдээлэл хийхдээ, “Украинд цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа. Нийтдээ 60 гаруй Монгол Улсын иргэн оюутан тус улсад байдаг. Одоо 30-аад иргэн бий. Гадаад харилцааны сайдтай уулзаж үүрэг даалгавар өгсөн” гэж мэдэгдсэн.
Харин Украинд суралцдаг 68 оюутнаас 40 орчим нь ОХУ-ын дайралт эхлэхээс өмнө эх орондоо ирсэн аж. Украинд үлдсэн 21 оюутныг татан авах нислэг цуцлагдсан учир ОХУ, Польш, Унгар, Чех улсаар дамжуулан газраар татан авах ажлыг Гадаад харилцааны яам, эдгээр улсууд дахь Элчин сайдын яамдууд зохион байгуулахаар ажиллаж байна. Украинд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байхгүй. Одоогоор Өргөмжит Консул буюу Украин улсын иргэн ажилладаг.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт 24 иргэн Украинаас дайжиж, Польш улсад ирсэн байгаа аж. Үүнээс өчигдөр гурван иргэн эх орондоо буцсан бол үлдсэнийг нь ойрын хугацаанд нислэг явуулан татахаар болжээ.
"ЭРДЭНЭТ МЕДИПАС" ЭМНЭЛГИЙГ ТӨРД АВАХААР ШИЙДВЭРЛЭВ
Үнэгүй хувьчилсан "Эрдэнэт Медипас" эмнэлгийг төрийн өмчид буцаан авах тухай Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хоёрдугаар сарын 25-нд мэдээлсэн. Үүний дагуу "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 69.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2013 онд барьсан "Медипас" эмнэлэг, 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилгыг төрийн өмчид авахаар болжээ.
С.Амарсайхан ярихдаа, "УИХ, Засгийн газар төрийн өмчийг хувьчлах жагсаалт баталдаг. "Медипас" эмнэлэг энэ жагсаалтад ороогүй. Хоёрдугаарт, төрийн аливаа өмчийг хувьчлахдаа Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авах ёстой. Энэ зөвшөөрлийг аваагүй. Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байсан. Тэгэхээр үйлдвэрийн өмчийг хувьчлах талаар ТУЗ-ийн шийдвэр гарах ёстой. Ийм шийдвэр ч гараагүй. Өөрөөр хэлбэл, хууль ёсны ямар нэгэн шийдвэр, бичиг баримтгүйгээр шууд хувьчлаад авсан тул шүүхийн ямар нэгэн асуудал байх ёсгүй гэж үзэж байгаа" гэв.
Цаашид тус эмнэлгийг Бүсийн эрүүл мэндийн төв болгож, ЭМЯ-нд шилжүүлэх ажлыг цаашид хийх аж.
"ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН"-ЫГ ЗОХИОВ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган" Төрийн ордонд хоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү чуулганы үеэр Хөвсгөл нууранд тулгамдсан асуудлыг тодорхойлох, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцжээ.
Сүүлийн жилүүдэд хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нууранд живсэн автомашинууд, нуурыг түшиглэн, үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон.
Мөн 1950 оноос хойш нуурын мөс цөмөрч, ёроолд нь өнөөдрийг хүртэл том, жижиг 50 гаруй тээврийн хэрэгсэл эко системийг бохирдуулж байгааг хэлсэн. Өмнө нь Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан бөгөөд музей болгор зорилгоор засварлана гэж мэдэгдсэн.
Харин Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ цаашид Хөвсгөл нуурыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд стандартын шаардлага хангахгүй иргэн аж ахуйн нэгжид газар олгохгүй гэдгийг онцолсон. Тус аймагт 2021 оны жилийн эцсийн байдлаар нэг ээлжид 7000 орчим жуулчин хүлээн авах чадалтай 94 жуулчны бааз, 132 гэр буудал, мөрөн хотод 800 зочид буудал, 15 амралтын газар тус тус үйл ажиллагаа явуулдаг байна.
НИЙСЛЭЛИЙН 21 СУРГУУЛЬ ДАВАА ГАРИГААС 07:45 ЦАГТ ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЛЭВ
Улаанбаатар хотын түгжрэлд хамгийн их нөлөөлдөг Их тойруу болон Яармаг дахь төрийн болон хувийн хэвшлийн 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх зохицуулалт Даваа гаригаас /2022.2.21/ хэрэгжиж эхэллээ.
Тодруулбал,
- 21 сургууль 07:45 цагт
- 15 сургууль 08:15 цагт
- 23 сургууль 09:00 цагт хичээлээ эхлүүлж байна.
Сурагчдын хичээлийн цагийг дээрх байдлаар өөрчилснөөр эцэг эхчүүдэд ачаалал нэмсэн. Тухайлбал, хүүхдээ өглөө сургуульд нь хүргэж өчихөөд дөнгөж ажилдаа дөнгөж ирээд байтал өдөр хичээл нь тарах цаг нь болчихдог талаар зарим эцэг эхчүүд ярьж байв. Түүнчлэн зарим сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчилсөнөөр түгжрэл үүсэх цаг нь л өөрчлөгдсөнөөс буурсан дүр зураг ажиглагдахгүй байгааг иргэд тайлбарласан.
Сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчилснөөр түгжрэлийг 12.5 хувиар бууруулна хэмээн албаныхан тооцжээ. Гэхдээ энэ зохицуулалт зөвхөн энэ хичээлийн жилд мөрдөгдөнө гэдгийг албаныхан хэлсэн.
Холбоотой мэдээ