Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл тус ажлын хэсэг Хөгжлийн банкны асуудлыг УИХ-ын хяналт шалгалтын хүрээнд зохион байгуулж байна. Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын ажлын хэсгийг Б.Баттөмөр гишүүн ахалж байгаа бол С.Чинзориг, Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар багтаж буй.
Хоёрдугаарт, цагдаагийн байгууллагын мөрдөх албан дээр Хөгжлийн банктай холбоотой гурван компани шалгагдаж байна. Тус банктай холбоотой бусад хэргүүд АТГ-ын мөрдөн шалгах албанд шалгагдаж байна. Энэ ажил ойрын хугацаанд хийгдэж дуусна гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн.
Түүнчлэн Битүүмжлэгдсэн эд хөрөнгө дотор 44 үйлчилгээний объект 52.4 тэрбум төгрөг, 7 үйлдвэр 1.9 тэрбум төгрөг, 46 орон сууц 32 тэрбум төгрөг, 82 газар 26.6 тэрбум төгрөг, 4 зоорь 2.3 тэрбум төгрөг, 3 дуусаагүй барилга 656 сая төгрөг, 7 фермийн барилга 228 сая төгрөг, 6 гарааш 564 сая төгрөг гээд нийт 195 ширхэг үл хөдлөхийн барилга байна.
Үүний зэрэгцээ Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүхэлд нь өөрчлөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор ажилдаа хариуцлагагүй хандсан, чанаргүй зээлийн ангилалд багтсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхөөр болсон.
Нөгөө талд Анхан шатны шүүх дээр Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй нийт 16 хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явуулж байна. Үнийн дүнгээр илэрхийлбэл 750 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгааг Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар мэдэгдсэн. Харин Давж заалдах шатны шүүхэд нэг, хяналтын шатны шүүхэд зургаа буюу 173 тэрбум төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүлээгдэж байгаа аж. Нэгдсэн дүнгээр 1.2 их наяд төгрөгийн маргаан зөвхөн шүүхийн процестт явж байна. Мөн энэ хэрэгт Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр, дэд захирал Н.Мөнхбаяр, Б.Чойжилжалбуу, "Алтай констракшн"-ын захирал Х.Бат-Эрдэнэ нарыг нэг сар хүртэлх хугацаагаар цагдан хорисон.
Холбоотой мэдээ