ГХЯ: Украинаас найман иргэнээ Польшид авчраад байна

Хуучирсан мэдээ: 2022.02.26-нд нийтлэгдсэн

ГХЯ: Украинаас найман иргэнээ Польшид авчраад байна

ГХЯ: Украинаас найман иргэнээ Польшид авчраад байна
Гадаад харилцааны яамнаас "Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас нэг, Польшийн хил дээр ирсэн гурав, нийт дөрвөн иргэнээ авлаа. Өчигдөр орж ирсэн дөрөв, өнөөдөр орж ирсэн дөрөв, нийт найман иргэнээ одоогийн байдлаар Польшид авчраад байна. Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авах зорилгоор Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно" гэж мэдэгдлээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, Украин дахь монгол оюутнуудаа татан авах ажилд зориулж, 500 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээлсэн билээ.

Украин дахь монгол иргэдийн нөхцөл байдлын талаар ГХЯ-наас Монголын цагаар 15.00 цагт өдөр бүр мэдээлэл өгөхөөр болсон.

ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд өмнө нь "Украины Харьков хотод Монголын 18 оюутан, дөрвөн байнгын оршин суугч байна. Киев хотод 12 оюутан, гурван байнгын оршин суугч байгаа юм. Мөн Кировоград хотод хоёр оюутан байна. Харьковт байгаа оюутнууд "дайн" эхэлснээс хойш хоргодох байранд байсан. Зарим оюутан хоргодох байрнаас гарч, оюутны дотуур байр болон бусад байр руу явсан. Тус хотод нөхцөл байдал хэвийн болж байна. Киевт байгаа иргэд оюутны байрандаа байгаа. Кировоград болон бусад хотод байгаа иргэд гэр гэртээ байгаа гэсэн мэдээлэл ирсэн" хэмээн мэдээлсэн билээ.

Харин Берегове хотод суралцдаг нэг оюутан Украинд түр зорчиж байсан гурван монгол иргэний хамт Польш улсын хил нэвтэрчээ. Энэ иргэнийг Польш улсын Варшав хотод очиход нь Монгол Улсын ЭСЯ-наас тосож, байранд оруулж, Монгол руу ирэх ажлыг зохион байгуулах юм байна.

"Польш улс нь дайнаас дайжиж буй иргэдийг өөрийн улс руу виз болон бусад шаардлага тавихгүй 15 хоног нэвтрэхийг зөвшөөрч байгаагаа зарласан. Энэ хүрээнд Польш улсаар хил нэвтрэх иргэдийн жагсаалтыг тус улсад хүргүүлсэн" гэж онцолсон юм.

Энэ сарын 26, 27-нд 21 оюутныг Харьков-Истанбул чиглэлийн нислэгээр татан авахаар суудал захиалсан ч тухайн нислэг цуцлагдсан тул дараагийн хувилбар буюу иргэдээ газраар татан авах хувилбар руу шилжиж буйг тодотгосон билээ. Тэрбээр "Бид Харьковт байгаа иргэдээ ойр гэдэг утгаар нь ОХУ руу татаж авах боломж байгаа эсэхийг судална. Киев болон бусад хотод байгаа оюутнуудаа Польш, Унгар, Чех гэсэн орноор татан авах боломжийг судалж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж