"Бүх юм тос, усаараа ялгарч байна"

Хуучирсан мэдээ: 2022.02.26-нд нийтлэгдсэн

"Бүх юм тос, усаараа ялгарч байна"

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.  

 О.БААСАНХҮҮ: МАН АВЛИГАТАЙ ТЭМЦЭНЭ ГЭДЭГТ ИТГЭХГҮЙ БАЙНА

Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй
цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хөгжлийн банкны асуудал нийгэмд маш том дуулиан болж байна. Олон нийт ч бухимдалтай байна. Энэ асуудалд аль нам буруутай гэж та үзэж байгаа вэ. Зарим улстөрчид, нэн ялангуяа эрх баригч намынхан Ардчилсан намыг буруутгаж байгаа шүү дээ?

-2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Хөгжлийн банкны тухай хуулийг МАН өөрчилсөн. Тус хуулийн 18 дугаар зүйл заалтад Хөгжлийн банкны эзэн, эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар байна гэж заасан. Тэгэхээр Хөгжлийн банк сайн, муу ажиллаж байгаа нь Засгийн газартай шууд холбоотой гэсэн үг. Үүнд нам хамаагүй. Тухайн үед Хөгжлийн банкинд намын харъяаллаар захирлуудыг сонгож, тэр бүү хэл үйл ажиллагаанд нь шууд ба шууд бусаар оролцож байсан нь үнэн. Та нэгэнт улс төржсөн асуулт тавьсан учир  тайлбар хэлье. 2011-2012 оны хооронд МАН засаг барьж байх үед ганцхан зээл Хөтөлийн цементийн үйлдвэрт олгосон. Тэр нь чанаргүй. Алдагдал нь -5.47 тэрбум байсан. Харин 2013-2015 онд АН-ын хүн Хөгжлийн банкийг удирдаж байхад нийт хөрөнгө нь 6.7 их наяд төгрөг, хуримтлагдсан ашиг нь 33.2 тэрбум төгрөг. Нийт 800 зээл олгоход маш цөөхөн нь, ердөө 13 зээл л чанаргүйд тооцогдсон байдаг. Үүний дараа МАН засгийн эрх авч, 2016-2019 онд Б.Батбаяр, Г.Амартүвшин нар Хөгжлийн банкийг удирдсан. Гэтэл нийт хөрөнгө нь буурч, 4.27 их наяд төгрөг, хуримтлагдсан алдагдал нь -151.3 тэрбум төгрөгт хүрсэн. Ашиг байхгүй. Олгосон зээл 50 байгаагаас чанаргүй зээл нь 35 байгаа юм. Үүнээс харахад хулгай хийхийн донтой нөхдүүд МАН-д байгаа биз дээ. Г.Амартүвшин өнөөдөр ямар албан тушаалтай байгаа билээ. МАН буруугаа бусдаас хайх хэрэггүй. Өөрсдөөсөө хайсан нь дээр. АН-ыг яг юунд буруутгаад байгааг би ойлгохгүй байна.

-Эрх баригч МАН Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон намынхантайгаа хариуцлага тооцохоо зарласан. Гэхдээ үүгээр далимдуулан хэн нэгнийг хэлмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол байна. Та энэ талаар юу хэлэх вэ? 

-Хөгжлийн банкны асуудал хүчээ авч гарч ирсэн нь маш сайн хэрэг. Монгол Улс Чингис, Самурай бондын өр төлнө. Зээл авсан хүмүүс зээлээ эргэн төлвөл Засгийн газар ачаа үүрэхгүй гэсэн үг. Энэ талаас нь харвал сайн хэрэг. Гэвч зохион байгуулалттай төрийн “махны машин” ажиллаад байгаа юм биш биз гэх хардлага төрж байгааг нуухгүй. Нэг жишээ хэлэхэд, Төрийн орон сууцны корпораци (ТОСК)-ийн зээлийн өрийг барилга барьсан компанийн өр мэтээр гүтгээд байна. ТОСК нь зээл аваад, компаниудад санхүүжилт хийсэн. Гэтэл нэг компани тэр зээлийг авсан мэтээр нийгэмд буруу ойлголт төрүүлээд байна. Уг нь олон компани хувааж авсан шүү дээ. ТОСК ойролцоогоор 147 тэрбумыг авч, ”Хангай” хотхон, Буянт-Ухаа “1, 2, “Шинэ яармаг” хорооллыг барьсан байхад ганц компанийн нэр цохоод байгаа нь хардлага төрүүлж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


 

"В.ПУТИН ДЭЛХИЙГ ДОНСОЛГОСОН БУРУУ ХАНДЛАГА ТОГТООЖ БАЙНА"

Доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

 

-ОХУ өчигдөр Украин руу дайралт хийсэн. Үүнийг дэлхийн улс орнууд буруутгаж байна. ОХУ-ын зүгээс хийсэн энэ алхам дэлхий улс төр, эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-В.Путин АНУ, Европын холбооны удирдлагуудтай биечлэн болон цахимаар удаа дараагийн уулзалтууд хийх үеэрээ “ОХУ Украинд довтлохгүй гэж амалж байсныг дэлхий нийт мартаагүй  байх. Тэр хэлсэндээ хүрсэнгүй. АНУ, НАТО Украинд цэргээ илгээхгүй” гэж удаа дараа мэдэгдэж байсан. В.Путинд үйл ажиллагаагаа эхлэх баттай боломж олгосон нь маргаангүй болов уу. Лондоны цагаар хоёрдугаар сарын 24-ний 16:00 цагийн байдлаар ам.доллартай харьцах рублийн ханш огцом унаж, 86.47, евротой харьцах ханш 97.38 болсон байна. Москва, Санкт-Петербургийн биржүүд дээр хувьцааны ханш унаж, хаагдсан байна. Брент төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 104 ам. доллар, WTI-ийнх 99 ам.доллар давлаа. Нэг унц алт 1945 ам.долларт хүрсэн байна.

-Орос улс өөрөө асар их хохирол амсах нь гарцаагүй. Улс төр судлаачид Орос энэ дайралтыг хийх гэж найман жил цэргийн бэлтгэл хийсэн гэх юм. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-ОХУ-ын хувьд Украинд довтлоход найман жил бэлтгэх огт шаардлагагүй. Сүүлийн хоёр сар л хангалттай болов уу. В.Путин ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Луганск, Донецкийн асуудлыг нэлээд дээр шийдэх байсан юм гэж байна лээ. Харин Орос, Украины ард түмнийг дэмжиж, В.Путины эсрэг жагсаал хийгээд эхэлж байна. ОХУ-ын цохилтын улмаас Украины цэргийн дэд бүтцийн 74 газар дээрх байгууламж ажиллагаагүй болж, тэдгээрийн дотор Агаарын цэргийн хүчний 11 нисэх онгоцны буудал, гурван командын цэг, тэнгисийн цэргийн бааз, агаарын довтолгооноос хамгаалах "S-300, Бук-М1" системийн 18 радарын станц байсан гэж Москвагийн цагаар 16.30-т тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч гэх хошууч генерал Игорь Конашенков мэдээлж байна лээ. "ТАСС" агентлагийн уламжилснаар, Украины газрын тосны ачаа тээврийн хоёр хөлөг онгоц Азовын тэнгист пуужингийн цохилтод өртсөн гэж Оросын Холбооны аюулгүй байдлын албаны Краснодарын хязгаар дахь хилийн хяналтын мэдээллээс эш татсан байна. Хэд хэдэн хот пуужингийн довтолгоонд өржээ. ОХУ, мөн Украины эсрэг бүх чиглэлээр кибер дайралт хийсэн байна. Азовын тэнгисийн агаарын орон зайг бүхэлд нь хаасан байна.

-Зарим судлаачид Украин удаан тэсэхгүй, удахгүй Орос өөрийн талын эрх баригчдыг тавина. Барууны хориг улам чангарч, Оросын эдийн засаг "бүслэлт"-д орно гэж дүгнэж байгаата та санал нийлэх үү?

-Дэлхийн III дайн ч гэх юм уу ийм байдлаар ярих хэрэггүй. АНУ, ОХУ хоёр дайтвал асуудлыг энэ хүрээнд ярьж болно. Бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөнүүд бол байнга л гарч байдаг. 2008 оны Бээжингийн зуны олимпийн үеэр Орос, Гүрж хоёр байлдаж, Өмнөд Осет, Абхаз хоёрыг ОХУ тусгаар тогтнуулсан байдаг. Зүүн Украины зэвсэгт мөргөлдөөн аль 2014 онд хавар эхлээд өнөөг хүртэл үргэлжилж л байна шүү дээ. Шинэ агуулга нь гэвэл Луганск, Донецкт Оросын цэргийн хүч тусгай ажиллагаа явуулж эхэллээ. Киевийг эзэлнэ гэсэн ойголт байхгүй болов уу. Нэмэлт хатуу хоригийн нөлөөгөөр Оросын эдийн засаг хохирол амсах нь гарцаагүй.

-Орос, Украины  зэвсэгт мөргөлдөөний дараа олон улсад ямар өөрчлөлт гарах бол?

-ЗХУ-ын задралын нэгдэх том шалтгаан нь Афганистаныг түрэмгийлсэн явдал. Энэ дайн 10 жил үргэлжилж, ялалтгүйгээр өндөрлөсөн. Хоёр дахь нь асар өндөр өртөгтэй зэвсгийн уралдаанд оролцсон. НҮБ, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага үнэхээр нөлөө үзүүлж чадахгүй байна. 2014 оны хавар Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэхэд ч тэр ийм л байсан. Украины асар том сургамж бол Орос-Өрнөдийн хооронд эрх ашгийн тэнцвэрийг зохист түвшинд барьж чадаагүй нь 2014 оны Майдены өнгөт хувьсгалын үр дүн юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

 


БНСУ-Д АЖИЛЛАХ ИРГЭД НЭГ ЖИЛ 10 САРААР ГЭРЭЭГЭЭ СУНГАЖ БОЛНО

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний
газрын дарга З.Буянбадрахтай ярилцлаа.

-Covid-19-ийн үед Өмнөд Солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр явж буй хүний тоо нэмэгдсэн үү?

-ХХҮЕГ нь Өмнөд Солонгос улсын аж үйлдвэр, хүний нөөцийн газартай гэрээтэй. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тус улсын хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ажилладаг. Энэ хүрээнд Монголоос  Өмнөд Солонгост ажиллах гэрээт ажилчдыг илгээдэг. Covid-19-өөс шалтгаалж, 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс ажилтан илгээх үйл ажиллагаа түр зогссон. Тиймээс  БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл хийгээгүй. Одоо нөхцөл байдал сайнгүй байгаа ч Засгийн газар тодорхой арга хэмжээ авч иргэдээ вакцинжуулж байна. Удахгүй цар тахал намжина гэсэн төсөөллөөр Өмнөд Солонгосын талтай харилцан зөвшилцөөд өнгөрсөн есдүгээр сараас бүртгэл явуулахаар  болж, товоо зарласан. 2022 онд явах иргэдийг оны өмнө бүртгэсэн гэсэн үг.

-Цахим бүртгэлд хэчнээн иргэн бүртгүүлснээс хэд нь түвшин тогтоох шалгалтад тэнцсэн бэ? 

-Цахим бүртгэлд нийт 4000 орчим хүн бүртгүүлж, 656 иргэн түвшин тогтоох болон ур чадварын шалгалтад тэнцсэн. 2019-2021 онд тэнцсэн хүмүүсээс одоогоор 400 гаруй нь илгээгдэж, өнөөдөр гэхэд 60 нь явж байна. Гэрээт ажилтан илгээгүй жилийн хугацаанд БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр 680 гаруй монгол иргэн авах санал ирсэн нь эрэлт, шаардлага үүсээд байгааг харуулсан. Өмнө нь буюу цар тахлаас өмнө шалгалт өгч тэнцсэн иргэд санаа зоволтгүй. Тэдгээр иргэдийн бүртгэл дээр 2021 онд шалгалт өгсөн 656 иргэн бүртгэгдсэн. Тодруулбал, 2019 онд БНСУ-д ажиллахаар сонгогдсон 463 иргэн байна. Жил гаруй хугацаанд хүлээнэ гэдэг мэдээж хүндрэлтэй. Бид Өмнөд Солонгосын хөдөлмөрийн газар, Монгол дахь төлөөлөгчтэй өдөр бүр холбоотой ажилладаг. Тиймээс ажиллах хүчний нөөцийг ойрын хугацаанд бүрэн илгээнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Ажлын саналын хувьд монголчуудад харьцангуй их ирдэг. Тухайлбал, сүүлийн 14 хоногт 80 ажлын санал ирсэн. БНСУ-д цар тахалгүй жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очдог.

-Гэрээт ажилтан илгээхэд асуудал их гарч байна уу?

-Асуудал харьцангуй бага гардаг. Халдвар хамгааллын үед хэрэгжих журмаас шалтгаалсан шаардлагууд бий. Гэрээт ажилтан очоод тусгаарлагдах, тус улсын хүний нөөц, аж үйлдвэрийн газрын сургалтад гурав хоног суух зэрэг дээр хүний тоо зааж байна. Эдгээр шалтгаанаас хамаарч 14 хоногт нэг удаа ажилтан илгээж байна. 2020 оноос өмнө долоо хоног бүр иргэдээ явуулдаг байсан.

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар БНСУ-аас өөр ямар улсад гэрээт ажилтан илгээдэг вэ?

-Өмнөд Солонгосоос гадна 2019 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд монгол иргэд Япон руу гэрээт ажилтнаар явах боломжтой. Тодруулбал, ур чадвартай ажилтан, ур чадвартай дадлагажигч ажилтнаар тухайн улсад очиж ажиллана гэсэн үг. 3-5 жил ажиллах боломжтой “Токүтэй гиноо” буюу тусгай ур чадварын ажилтны шалгалтад хамрагдаж явах эрх үүснэ. Тухайн шалгалтуудад N4 түвшний япон хэл шаарддаг бөгөөд ѳмнѳ нь дадлагажигчаар гурван жил явсан бол адил ангилалдаа шалгалт өгөхгүй ажилд орох боломжтой. Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилтан авах зөвшөөрөлтэй 84 байгууллага бий. 2021 оны байдлаар ХХҮЕГ нийт 32 иргэнийг Япон улс руу илгээсэн. Одоо шалгалтад тэнцээд явахаа хүлээж байгаа 40 орчим иргэн байна. Сайт дээрээ ур чадвар болоод япон хэлний шалгалт зарласан. Энд тэнцсэн хүмүүсийг мөн л шат дарааллын дагуу явуулахаар бэлтгэж ажиллаж байна. Японы хувьд тусгай байгууллага ШУТИС дээр шалгалт авдаг бөгөөд хоёр, гуравдугаар сарын хуваарь гарч, товын дагуу шалгалт авахдаа бэлдсэн.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж