АНУ-аас Орост тавьсан шинэ хориг арга хэмжээ нь Олон улсын сансрын станц дахь бидний хамтын ажиллагааг үгүй хийх боломжтой гэж ОХУ-ын Сансрын агентлагийн тэргүүн мэдэгдэв. Одоогоор тойрог замд НАСА-гийн дөрөв, Оросын хоёр, Европын нэг сансрын нисгэгч тус тус ажиллаж, амьдарч буй юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Пүрэв гаригт шинэ хориг арга хэмжээгээ зарлахдаа "Оросын сансрын салбар, тэр дундаа сансрын хөтөлбөрийг доройтуулна" гэж хэлсэн. Үүний дараа "Роскосмос"-ын ерөнхий захирал Дмитрий Рогозин твиттер хуудсаараа дамжуулан "Станцын тойрог зам болон сансар дахь байрлалыг Оросын хөдөлгүүрүүд удирддаг" гэж мэдэгджээ.
Рогозин “Хэрэв бидэнтэй хамтран ажиллахгүй бол Олон улсын сансрын станцыг хяналтгүй тойрог замаас гарч, АНУ, эсвэл Европ руу унахаас хэн аврах вэ? Энэтхэг, Хятад руу ч бас 500 тонн даацтай байгууламж унах магадлалтай. Олон улсын сансрын станц зөвхөн Оросын дээгүүр нисдэггүй. Тиймээс ийм эрсдэлд бэлэн үү?” гэж хэлсэн байна.
НАСА "Олон улсын сансрын станцын аюулгүй ажиллагааг хангахын тулд "Роскосмос" зэрэг олон улсын бүх түнштэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна" гэж мэдэгдэв. Мөн "Хориг арга хэмжээний хүрээнд тус агентлагийн тойрог зам болон газрын станцын үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэгт ямар нэгэн өөрчлөлт оруулахаар төлөвлөөгүй. Экспортын хяналтын шинэ арга хэмжээний хүрээнд АНУ, Оросын иргэний сансрын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн зөвшөөрнө” гэжээ.
Олон улсын сансрын станц нь Оросын тойрог замын сегмент ба АНУ-ын тойрог замын сегмент гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Энд АНУ, Орос хоёр улсаас гадна Япон, Канад болон Европын сансрын агентлаг хамтран ажилладаг.
Эх сурвалж: CNN