“Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн Баасан гаригт болсон. Тус хурлаар хэлэлцсэн илтгэл болон монголын төмөр замын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар байр эрдэмтэн, судлаачдын байр суурийг хүргэж байна.
Н:УДААНЖАРГАЛ: ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 79 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал:
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл нь инноваци, дэвшилтэт технологи шингэсэн томоохон бүтээн байгуулалт. Монголд анх удаа 10 мянган тоннын хүнд даацын ачааны вагон аялж эхлэх гэж байна. Инженерүүд цаашид Богдхан төмөр замын төсөл дээр мөн Монгол Улсын анхны төмөр замын туннелийг барьж байгуулахаар нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлсэн. Эрдэм шинжилгээний баг хуралд ХБНГУ-ын болон бусад эрдэмтэн докторууд, оюутан судлаачид оролцлоо. Нийт 70 гаруй бүтээл ирснээс 22 асуудлаар төмөр замын салбарын инновацийг хэлэлцсэн. Цариг хэмжээс, хил дээр зөрсөн, гацсан асуудал гээд олон маргаантай зүйлсэд бодит дүгнэлт хийх боломж олгосон бага хурал болж өндөрлөлөө.
14 жил гацсан төмөр замыг сүүлийн хоёр жилийн хугацаанд барьж байна. Попорч биш шинжлэх ухаанчаар бүтээж болдог гэдгийг харж байгаа байх. Төмөр зам барина гэдэг шинжлэх ухаан, технологийн түвшинд ямар ахиц гаргав гэдгийг онолын хэмжээнд хэлэлцэх нь зөв. Олон улсын зэрэглэлийн зам барихад тулгарч буй асуудал олон бий. Боловсон хүчин хүний нөөцийн асуудлаас эхлээд.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 79 хувьтай явж байна. Гол магистрал амласан ёсоор долдугаар сард ашиглалтад орно.
Цогцолбор төсөл учраас том ажил. Гол магистрал 240 км, дэлгэмэл уртаар 313 км. Энэ дэлгэмэл экспортын чиглэлийн төмөр зам нь уурхайн өртөө, хилийн өртөө хүртэлх хоорондын замыг хэлээд байгаа. Гашуунсухайт дээр суурьшлын бүс байгуулж 1200 хүн амьдрах боломжтой эмнэлэг, сургуультай цогцолбор байгуулахаар төлөвлөсөн. Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн илтгэлүүдээс доктор, профессор Н.Батнасангийн “Монгол улсын төмөр замын эрэлт ба хөгжлийн тулгамдсан асуудал”-ыг онцолмоор байна. Судалгааны ажил нь монголын эдийн засгийн ирээдүйн загварчлал. Гаргаж ирсэн аргачлал, загвар, төмөр замын үр нөлөөг тооцож гаргаж ирсэн нь төмөр замын салбарт үр өгөөжөө өгөхөөр томоохон бүтээл байгаа нь харагдаж байна. Мөн нарийвчилсан технологийн чиглэлийн илтгэлүүд, инновацийн талаарх илтгэлүүд анхаарал татлаа.
ГАШУУНСУХАЙТЫН ЗАМЫН ДАРАА МЕТРО, ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГНИЙ АСУУДАЛ ЯРИГДАНА
Хэсэгчилсэн байдлаар 2-4 зэрэглэлийн зам гэж үздэг. Улаанбаатар төмөрзамын гол зам 1100 км, Дархан-Эрдэнэтийн замыг оролцуулаад нийт 600 гаруй км салбар замтай. Салбар зам дээр зэрэглэл тогтоохгүй гэж үзвэл говийн хэсгийн зам хоёрдугаар хэсэг рүү дөхсөн. 90 км цагийн хурдтай явах боломжтой. Хангайн замд 3-4 зэрэглэл рүү орж ирсэн. Өөрөөр хэлбэл 40-60 км цагийн хурдтай явна гэсэн үг. Тэгэхлээр говьд баригдсан Гашуунсухайтын зам бол 100 хувь нэгдүгээр зэрэглэлийн зам. Ачаатай тээвэрлэлт цагийн 80 км хурдтай явах хүчин чадалтай. Мөн хурдны зориулалттай галт тэрэг явах боломжтой. Учир нь технологийн хувьд 200 км хүртэл хурдлах хүчин чадалтай.
Дараа, дараагийн удаад цахилгаан галт тэрэг, метро, хурдны галт тэрэг, соронзон галт тэрэгний асуудал яригдаж байна.
Хүмүүсийн дунд өргөн, нарийн царигийн тухай худал, ташаа ойлголт их байдаг. Энэ царигийн аль нь ч байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, төмөр зам дагуу мод тарих ногоон бүс болгох зэрэг эерэг нөлөөтэй. Царигийн тухай ойлголтын хувьд дэлхийн стандартын түвшин 1435-аас дээш бол өргөн, доош бол нарийн цариг гэж үздэг. Цариг бол төмөр замын технологид нөлөө үзүүлэхгүй. Нарийн цариг ашигтай, өргөн цариг ашиггүй гэдэг бол ташаа ойлголт. Төмөр замын хос дугуй ухаалаг болж аль ч цариг руу шилжээд орох боломжтой болж байна. Хил дамнасан байгууламжийг аль ч царигаар тавьж болно. Хамгийн гол нь ачааг хаана буулгах гэдэг л асуудал. Монголд буулгах уу эсвэл Хятадад уу? ямар ч байсан нүүрс бууна. Хаана гэдэг нь чухал. Царигийн маргаан бол улстөржсөн маргаан байсан.
Монгол Улсад явах төмөр замын тээврийн үнийг гадаадын улс тодорхойлох гээд байсан. Тэгэхлээр өөрийн улсдаа бүтээн байгуулалтыг хийж байна гэдэг ямар царигаар тавьсан нь хамаагүй том дэвшилт. Аль ч улс орны нутаг дэвсгэр дээр өөр орны вагон явдаггүй хуультай учир царигийн төөрөгдлөөс зарим хүн гарах хэрэгтэй. Тиймээс онолын мэдлэг, ойлголт өгөх хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.
Т.ДОРЖ: ТӨМӨР ЗАМЫГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТААР ҮР АШГИЙГ НЬ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧУХАЛ
УЭИСургуулийн ректор академич, ардын багш Т.Дорж:
-Орос, Монгол, Хятад зэрэг гурван улсын эдийн засгийн коридорт Монгол Улсын тээврийн дэд бүтцийн оролцоо, боломж гэсэн илтгэл хэлэлцүүллээ. Зах зээлд шилжээд 30-аад жил болж байгаа учраас төмөр замын монополь байдал хэвээр байх уу гэдэг асуудал яригдана.
Төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэмжээнд шилжүүлж үр ашгийг нь дээшлүүлэх чухал. Мөн эдийн засгийн механизмуудыг олгох, ялангуяа орон нутгийн төмөр зам ашиглалтыг тухайд энэ асуудал онцгой ач холбогдолтой.
Эдгээр шийдэх ёстой асуудлуудыг долоо хэмжиж нэг огтлох шаардлагатай. Олон улсын төмөр замын нөхцөл байдлын судалгаагаар монголын индекс тааруу гарсан. 133 дугаар байранд монголын төмөр замын логистик асуудал байрлаж байна.
Холбоотой мэдээ