Хуурамч компанийн нэрээр “Богд Зонхова”-г үргэлжлүүлж байна уу?

Хуучирсан мэдээ: 2022.02.28-нд нийтлэгдсэн

Хуурамч компанийн нэрээр “Богд Зонхова”-г үргэлжлүүлж байна уу?

Хуурамч компанийн нэрээр “Богд Зонхова”-г үргэлжлүүлж байна уу?

Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овоонд “Богд Зонхова” бурхны хөшөө барьж буй. Бурханы хөшөөг барихад 2022 оны улсын төсвөөс 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөг төсөвлөснийг олон нийт эсэргүүцэж, тэтгэврийн нэмэдлээр төсөвт тодотгол хийхдээ уг санхүүжилтийг царцаасан. Гэвч барилгын ажил үргэлжилсэн хэвээр байгаа юм. Тиймээс санхүүжилт нь хаанаас,  барилга хариуцагч компани ямар мөнгөөр уг хөшөөг барьж байгааг сурвалжилсан юм.

Тасганы овоог битүү хашаалж, барилгын ажил ид өрнөж байна.  Хаалгаар нь машины орсон гарсан мөр тод харагдана. Хашааны дээгүүр өнгийж харвал манаач болон хариуцсан эзэн харагдсангүй.  Харин гадаа үүдэн хэсэгт хамгаалалтын машин, хүмүүс зогсож харагдлаа. Тэд өөрсдийгөө барилгын компанийн ажилчид биш, энэ бурханы хөшөөтэй огт хамааралгүй гэлээ.

Биднийг очиход хашаан дотор сайжруулсан шахмал түлш олноор өрж тавьсан бөгөөд барилгын материал хавтангаас гадна ууттай юмс ч буулгасан харагдав. Барилгын ажил одоогоор явагдаагүй ч үргэлжлэх нь илэрхий.

"ТАМГА ТЭМДЭГ НЬ ГАНЦХАН ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙХАД МАНАЙ КОМПАНИ БИШ ГЭДГИЙГ ЦАГДАА ШАЛГААД  ТОГТООЖ ЧАДААГҮЙ"

Төслийг гүйцэтгэгч “Зарт Өргөө” ХХК. Гэвч тус компанийн захирал Б.Гэрэлмаатай холбогдоход компаниа уг төсөлтэй холбоогүй, дансаар нь ямар нэг гүйлгээ ороогүй гэдгийг онцлов. Тэрбээр БСШУ яаманд ажилладаг болох нь дуулиан анх дэгдэх үед илчлэгдэж байв.  “Зарт Өргөө” ХХК захирал Б.Гэрэлмаа энэ асуудлаар цагдаад хандсан ч ямар нэг шийдтэй хариу сонсоогүй болохоо бидэнд хэлсэн юм.

-Танай компанийн үйл ажиллагаа яг хэзээнээс зогссон бэ. Хэрэв танай биш юм бол яагаад заавал Зарт Өргөө гэсэн нэрээр энэ төслийг үргэлжлүүлсэн юм бол?

-Миний хувьд төрийн албан хаагч. Сүүлийн хоёр жил манай компани үйл ажиллагаа явуулаагүй. Хэрэв хүмүүсийг цалинжуулж, ажиллаж байсан бол татварын тайлан өгнө. Covid-19 гарснаас хойш Х тайлан ч өгөөгүй. Бичиг баримтаар нь шүүгээд үзсэн ч болно. Ийм том хэмжээний төсөвтэй төсөл авдаг байсан бол ийм цалин аваад ажил хийгээд явах шаардлагагүй шүү дээ. Өнгөрсөн жил сайтууд дээр гарсан мэдээллийн мөрөөр энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа хэргийг шалгаад прокурорт шилжүүлсэн ч гэмт хэргийн шинжгүй гээд хаасан.

Банкны данс, байгууллагын данс, хамтран эзэмшигч гээд бүх хүмүүсийн дансны хуулгыг цагдаа мэдээж шалгасан байх. "Зарт Өргөө" компанийн нэр дээр нэг ч төгрөг орж ирээгүй. Хэдэн жилийн өмнө компаниа зарах уу, нэрийг нь худалдаж авъя гэж хүн ярьж ч би зараагүй.

-Таны нэр дээр бүртгэлтэй байгаа бусад компаниуд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-“Зарт Өргөөг” компаниас гадна хоёр, гурван компанитай гэх мэдээлэл худал. Талийгаач нөхөртэйгөө үүсгэн байгуулсан ганц л компани надад бий. Тэр нь “Зарт Өргөө” ХХК. Харин нөхрийн нэр дээр “Застсан” гэсэн компани байсан. Энэ компани бол надтай огт хамааралгүй.

-Таны ярьж байгаа үнэн бол өөр хүмүүс таны компанийн нэрийг нь  хууль бусаар ашиглаж улсын төсвөөс санхүүжилт авахаар оролдсон гэсэн үг үү?

-Тийм л болж таарлаа. Миний хардаж байгаагаар ижил нэртэй компани нээсэн том эрх ашиг энэ хэргийн ард байгаа байх. Тайлан гаргаагүй олон жил болсон, эзэмшигч нь олон хүний танил биш учраас манай компанийн нэрийг ашигласан байж болно. Би Улсын бүртгэлийн ерөнхий газраас ч асуусан. Компани үйл ажиллагаа явуулаагүй ч эзэмшигчийн нэр, тамга тэмдэг солихыг зөвшөөрөөгүй тохиолдолд компанийн эзэн солигдох боломжгүй.

Надад байгаа тамга бол хүчинтэй. “Богд Зонхова”-гийн суурийг нь тавиад барилгын ажлыг нь эхлүүлэхэд тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй болно, компанийн тамга заавал шаардагдана. Тиймээс үүнийг нягталж, тодруулж өгөөч гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэвч энэ хэргийг хэрэгсээгүй.

-Гүйцэтгэх захирал Г.Сансармаа гэгч хүн энэ асуудалд холбоотой байж болох уу. Тамга болон компанийн нэрийг нь танд мэдэгдэлгүйгээр ашиглуулсан байж магадгүй юм?

-Татан буулгаагүй, дампуураагүй, тамга тэмдэг нь хүчин төгөлдөр байхад эзэмшигчээс бусад нь эрх шилжүүлэх боломж хуульд байдаггүй. Үүсгэн байгуулагч татан буулгаж, бусдад зарж, шилжүүлж болно гэсэн үг. Г.Сансармаа гэдэг хүн бол энэ хэрэгт хамааралгүй. Би энэ хэргийг санаатай болон санамсаргүй байдлаас болж нээсэн ижил нэртэй компанийн хийж байгаа ажил. Ард нь эрх ашиг, мөнгө яригдаж байгаа л гэж хардаж байна.

"ЗУРАГ ТӨСӨЛ БИЧИГ БАРИМТ ДУТУУ ШАЛТГААНААР СОЁЛЫН ЯАМ ТЕНДЕР ЗАРЛААГҮЙ"

Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй. Өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй гэдгээ мэдэгдсэн. Хуулиар заасны дагуу зураг төсөл болоод төсвийн тухай хуулийн шалгуурт нийцэхгүй байсан учраас яамнаас тендер зарлаагүй. Бичиг баримт бүрэн, хуульд нийцсэн бол мэдээж үйл ажиллагаа явуулна. Одоо бол энэ төсвийн үйл ажиллагаа яамнаас тусдаа асуудал. Санхүүжилт болоод бүтээн байгуулалтыг дэмжих тал дээр огт оролцохгүй. Магадгүй санхүүжилтийн хувьд гандангаас гаргах боломжтой. Тиймээс бусад холбогдох газраас асуух нь зөв гэсэн юм.

МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ: САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР ЯРИЛЦАЖ БАЙГАА

Барилгын ажил өнгөрсөн 2021 оны тавдугаар сарын сүүлээс эхэлж, олон нийтийн эсэргүүцэл маргаан гарахад зогссон. Гэхдээ бүрэн биш. Харагдах байдлын хувьд ажил явуулаагүй ч шаардлагатай материалыг татан авсан хэвээр байна. Төсвийг нь царцаасан ч төслийг өөр хэн нэгэн санхүүжүүлж үргэлжлүүлэх эрх нээлттэй. Тиймээс тус төслийг бурхан шашинтны төв санхүүжүүлж ажлыг үргэлжлүүлэх эсэхийг асуулаа. Гандангаас өгсөн мэдээллээр “Мэдээлэл өгөх боломжгүй. Санхүүжилтийн хувьд ярилцаж байгаа. Одоогоор  тус төслийг санхүүжүүлээгүй байна. Гэхдээ мэдээж бурхан шашинтны төв учраас тус ажлыг дэмжихийг үгүйсгэхгүй” гэв. Тэгэхлээр төслийг санхүүжүүлэх эзэн байгаа ч ажил гүйцэтгэх хариуцагч компани байхгүй болж таарав.

ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ НИЙСЛЭЛЭЭС 2014 ОНД БОАЖЯ-Д ОЛГОСОН

Тасганы овоон дээр "Богд Зонхова"-г барьж буй уг газрыгнийслэлээс 2014 онд цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай олгожээ. Тодруулбал, одоогоос найман жилийн өмнө нийслэлийн Засаг даргын А-55 дугаар захирамжаар шилжүүлсэн байна. Гэтэл цэцэрлэгт хүрээлэн биш бурханы хөшөө баригдаж эхэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэх болсон. Тэр тусмаа хуурамч компанийн нэрээр “Богд Зонхова”-г үргэлжлүүлэн барьж байгаа нь анхаарал татаж буй.  Төсөл хариуцагч компани нь мэдэхгүй, гүйцэтгэгч компани нь цагдаад өгсөн байтал барилга баригдсаар байгаагийн цаана хэний ямар эрх ашиг бийг хуулийнхан шалгаж тогтоох ёстой юм.  Хэдийгээр энэ оны төсөвт суулгасан 32 тэрбумыг төсвийг тодотголоор царцаасан ч ирэх жилээр татвар төлөгчдийн мөнгөөр "Богд Зонхова"-г барихгүй гэсэн баталгаа алга байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж