Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлийн асуудал энэ долоо хоногт олны анхаарлын төвөөс гарсангүй. Тус банкнаас өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр зээлээ эргүүлэн төлөөгүй зээлдэгчдийг шүүхэд өгсөн талаар мэдээлсэн. Түүнээс хойш зээлийн эргэн төлөлтөд тодорхой ахиц гарч, өнгөрсөн Пүрэв гариг (2022.02.24)-ийн байдлаар Хөгжлийн банкинд 49 тэрбум 710 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.
Төрийн сан болон Монголбанкинд нээсэн тусдаа дансанд зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлж буй юм.
Чанаргүй зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалтын ажил 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж буй бөгөөд АТГ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран тодорхой мэдээлэл өгч ажиллаж байгаа билээ.
Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын нэг нь “Эрдэнэс Монгол” ХХК. Тус компани одоогоос 15 жилийн өмнө буюу 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан билээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтсээс Хөгжлийн банкнаас ямар учраас зээл авсан, авсан зээлийн зарцуулалт, түүний хэрэгжилт, эргэн төлөлтийн явц ямар байгаа талаар тодрууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт заасан шийдвэрийн дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд барьсан 239 км авто зам, Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх дэд бүтцийн байгууламжийг төрийн өмчид худалдан авах хөрөнгийн эх үүсвэрт зориулан Засгийн газрын шийдвэрийн дагуу "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-иас 170,6 тэрбум төгрөгийн зээлийг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-д олгожээ.
Мөн оны хоёрдугаар сарын 13-ны өдөр “Энержи Ресурс” ХХК-д төлбөрийг шилжүүлсэн байна. Тус мөнгийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд барьсан 239 км авто зам, Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх дэд бүтцийн байгууламжийг төрийн өмчид худалдан авсан төлбөрт зарцуулжээ. Дээрх авто зам болон дэд бүтцийн байгууламжийн төлбөрийг төлж барагдуулсан ба төрийн өмчид худалдан авч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн байна.
Өнгөрсөн хугацаанд энэхүү зээлийн төлөлтөд 29.2 тэрбум төгрөг, зээлийн хүүд 77.6 тэрбум төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүд 947 сая төгрөг буюу нийт 107.8 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Монгол" ХХК-иас "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-д төлжээ. Covid-19 цар тахлын улмаас 2021 оны дөрөвдүгээр сараас нүүрс тээвэр зогссон тул зээлээ хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүсчээ.
Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 141.3 тэрбум төгрөг, зээлийн хүүгийн хуримтлагдсан өглөг 10.6 тэрбум төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өглөг 225.9 сая төгрөг, нийт 152.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаа аж.
Хөгжлийн банкнаас 2014 онд жилийн 4.25 хувийн хүүтэй зээл олгосон ч 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн нэмэлт гэрээгээр жилийн хүүг 6.06 хувь болгон хүүгийн түвшинг нэмэгдүүлсэн. Мөн 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр жилийн хүүг 9.5 хувь болгосон билээ. Хүүгийн түвшинг нэмэгдүүлснээр жилд 7.5 тэрбум төгрөгийн хүүгийн зардлын дарамт үүсчээ. Энэхүү хүүгийн зөрүүгээр 45 тэрбумын хүүгийн төлбөр төлсөн ч үндсэн зээлээс нь хасагдаагүй байна.
Дээрх авто замын техник эдийн засгийн үндэслэлд авто зам ашигласны төлбөрийг 6,166.2 төгрөгөөр тогтооход эдийн засгийн хувьд ашигтай байхаар тооцжээ. Авто зам ашигласны төлбөрийг 2014 оноос 2000 төгрөг, 2016 оноос 3200 төгрөг болгон тус тус нэмэгдүүлсэн ч “Эрдэнэс Монгол” ХХК хангалттай орлого төвлөрүүлэх, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхөд хүндрэл үүссэн аж.
2014 оноос хойш Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын засвар арчлалт, ашиглалт, үйлчилгээ, хамгаалалт, байнгын бэлэн байдал, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах зэрэг чиглэлээр 127.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Дэлхий нийтээр тархаад байгаа Covid-19 цар тахлын нөлөөгөөр гол замын хураамжийн орлогын эх үүсвэр уртын нүүрс тээврийн үйл ажиллагаа бүрэн зогсч, богинын тээвэр эрс буурсан тул авто зам ашигласны төлбөрөөс олох орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй, орлого нь 2021 онд 23.9 тэрбум төгрөг, 2020 онд 67.3 тэрбум төгрөг болж, 66 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Хийн хоолойн асуудал дээр “Эрдэнэс Монгол” ХХК ямар үүрэг хүлээж байгаа вэ?
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа ОХУ-д хийсэн албан айлчлалын үеэр энэхүү төслийг хэрэгжүүлэх “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Үүний дараа ОХУ-ын “Газпром” НХН манай улсад охин компаниа байгуулсан. Монголын талаас хамтран ажиллах “Эрдэнэс газ” төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд байгуулж, ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэн түүхтэй.
Төсөл хэрэгжсэнээр Монгол улсад эдийн засаг, нийгмийн, бүс нутгийн хамтын ажиллагааны гээд олон талын эерэг үр дүнгүүд гарна. Хамгийн чухал нь байгалийн хийн хоолойг дагаж манай улсад маш олон бүтээн байгуулалт өрнөж, үүнийг дагаад ажлын байр бий болно. Цаашлаад энэ салбарт боловсон хүчин, хүний нөөц бэлтгэх бааз суурь тавигдана.
Байгалийн хийн хоолойн төсөл манай улсад хэрэгжсэнээр Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж, төсвөөр дамжуулан санхүүжих улс орны дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болох юм.
Төслийн барилгын ажлын явцад 10 гаруй мянган ажлын байр бий болно гэж үзэж буй. ТЭЗҮ-д туссанаар хийн шахуургын таван станц байгуулах юм. Тус тусдаа бие даасан хийн цахилгаан станцуудаар өөрсдийн эрчим хүчний хэрэгцээгээ хангана. Жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах төсөл хэрэгжсэнээр манай улсад технологи инновацийн шийдлүүд нутагшиж үлдэнэ.
“Эрдэнэс Монгол” ХХК 2022-2024 онд нарийвчилсан зураг төсөл, инженерийн ажлуудыг хийж гүйцэтгэх, боловсон хүчин, тоног төхөөрөмж, техник хэрэгслээ базаах зэрэг бүтээн байгуулалтын бүх бэлтгэлээ хангахаар төлөвлөжээ. Урьдчилсан байдлаар 2024 оноос барилгын ажил эхэлж, 2028 он гэхэд хийн хоолой бүрэн ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаагаар байгалийн хийн 970 орчим км урт хоолой манай улсын зургаан аймаг, 22 сумын нутгаар дамжин тавигдах юм. Инженерийн нарийвчилсан судалгаа, зураг төслийн ажлын явцад тооцооллууд нарийн тодорхой болох аж.
Дашрамд дурдахад, тус компанийн охин компани “Эрдэнэс Метан” ХХК юуны өмнө Монгол орны метан хийн нөөцийн хэмжээг тодорхойлох, улмаар ашиглах, олборлох стратегийн чухал ач холбогдол бүхий хийн аж үйлдвэрийн эх суурийг тавих зорилгын хүрээнд эхний ээлжид Тавантолгойн ордыг түшиглэж метан хийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.