Үнэгүй хувьчилсан "Эрдэнэт Медипас" эмнэлгийг төрийн өмчид буцаан авах тухай Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныхан өнөөдөр /2022.02.25/ танилцууллаа.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хорооны хурал өчигдөр болсон. Манай хороо хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Долоон яамны төрийн нарийн бичгийн дарга нартай нийт есөн хүний бие бүрэлдэхүүнтэй хамтын шийдвэр гаргаж, шийдвэрээ тогтоол хэлбэрээр гардаг. Энэ эмнэлэг 2014 онд ашиглалтад орсон. 2015 онд тухайн үеийн "Эрдэнэт" үйлдвэрийн удирдах албан тушаалтнууд "Медипас" компанитай санамж бичиг байгуулсан. Энэхүү гэрээнд хэт нэг талын хүсэл сонирхлыг тулган шаардсан гэрээ байгуулсан. 2019 онд "Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчид 100 хувь ирж төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Ажлын хүрээнд Засгийн газар 2016-2019 оны хоорондох бүх үйл ажиллагааг болон санхүүгийн тайланд нэгтсэн шалгалт явуулсан. Тус шалгалтын явцад 68 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар "Медипасс" ХКК шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Үүний дагуу "Эрдэнэт" үйлдвэр 2020 онд Иргэний анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Мөн тухайн үед "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа хийж эхэлсэн. Орхоны Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны сүүлээр авч хэлэлцээд Иргэний шүүхийн хэргийг нь түдгэлзүүлсэн.
Үүнээс болж тус үйлдвэрийг төр өмчид буцааж авах ажил удааширсан. Үүний дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, "Эрдэнэт" үйлдвэрийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан. Бидний байгуулсан ажлын хэсэг гадаад дотоодын хууль хяналтын байгууллагуудтай нягт уялдаа холбоотой хамтарч ажилласан. Энэ хооронд "Медипас" эмнэлэг өмгөөллийн байгууллага хөлсөлж, "Эрдэнэт" үйлдвэрийг олон улсын арбитрын шүүхэд өгсөн. "Эрдэнэт" үйлдвэр гэрээгээ зөрчиж байна гэж 30 сая ам.доллар нэхэмжилсэн. Энэхүү асуудлыг Сингапурын олон улсын арбитрын шүүх өнгөрсөн оны дөрөвдүгээр сард урьдчилсан байдлаар авч хэлэлцсэн. Сингапурын олон улсын арбитрын шүүх энэ оны арваннэгдүгээр сард дахин хуралдахаар зар тараасан. "Медипас" компани 2015 онд байгуулагдсан. Гэтэл Японд тус онд яг ижил нэртэй "Медипас" нийгэмлэгийг байгуулсан байсан. Японд байгуулагдсан нийгэмлэг, Монголд буй "Медипасс" компанийн эцсийн өмчлөгч нь н.Энхчулуун гэдэг нь тогтоогдсон. Түүний талаар бид олон улсын эрэн сурвалжлах байгуулгын шугамаар мэдээлэл авсан. Хамгийн сүүлд өөрсдөө тодруулж мэдээллийг нь олж авсан. Өөрөөр хэлбэл, эртнээс зохион байгуулалттай төрийн өмчийг хууль бус аргаар хувьдаа завших гэсэн үйлдэл байж болзошгүй бөгөөд бидний цуглуулсан мэдээллийн хүрээнд ч хууль бус үйлдэл болох нь тогтоогдсон.
"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн:
-2022 оны хоёрдугаар сарын 25-нд 95 дугаар тушаал гарсан. Энэ тушаалаар одоогийн ажиллаж буй ажлын багаас "Эрдэнэт Медипас" эмнэлгийг хүлээж авах ажлын комисс байгуулсан. Ажлын комисс арван хүний бүрэлдэхүүнтэй. Бид энэ байгууламжийг бүрэн хүлээж авч байна. Хамгийн гол нь урьд ажиллаж байснаас нь илүү бүтээлч, өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг явуулах талаар Шадар сайд чиглэл өглөө. Мэдээж бид олон талаас нь бодож эмнэлэг үйлчилгээний чанар хүртээмж, орчин үеийн тоног төхөөрөмжийг өндөр түвшинд ашиглах ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу аль болох цаг алдахгүй хүлээж авна.
Ц.Хонгор
Холбоотой мэдээ