ГХЯ: 21 оюутныг агаараар татан авах боломжгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

ГХЯ: 21 оюутныг агаараар татан авах боломжгүй боллоо

ГХЯ: 21 оюутныг агаараар татан авах боломжгүй боллоо

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2022.02.25/ Украин дахь Монгол Улсын иргэдийг татан авах, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус яамнаас өдөр бүр 15:00 цагаас мэдээлэл хийхээр болов. Энэ нь Украины цагаар өглөө болж байгаа тул шуурхай мэдээлэл хүргэх зорилготой гэдгийг онцоллоо.


Консулын газрын захирал Б.БОЛД: 

-Украины Харьков хотод 18 оюутан, байнгын оршин суугч 4 иргэн байна. Киев хотод 12 оюутан байнгын оршин суугч 3 байна. Харьков хотод байсан оюутнууд хорогдох байранд байсан. Өнөөдөр зарим нь байрнаас гарч өөр байранд очсон байна. Харьцангуй нөхцөл байдал тогтвортой байна. Киев хот дахь оюутнууд оюутны байрандаа байна. Бусад хотуудад оршин сууж буй иргэд өөрсдийн гэрт байна.

Львов хотод суралцдаг нэг оюутан Украинд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамт өнөөдөр өглөө Польш улсын хилээр нэвтэрсэн. Тус улс 15 хоногийн хугацаанд виз шаардахгүй хил нэвтрүүлнэ гэдгийг мэдэгдсэн. Дөрвөн иргэнийг Варшавт тосч, Монгол Улс руу татан авна. Бидний зүгээс энэ сарын 26, 27-нд 21 оюутнаа татан авахаар төлөвлөж байсан ч нислэгүүд цуцлагдсан гэсэн мэдээлэл ирсэн. Иймд иргэдээ газраар татан авах хувилбарыг ярьж байна.

Киев хотын орох, гарах замуудыг хаасан тул татан авах ажиллагааг нөхцөл байдал намжтал хойшлуулахаас өөр аргагүй боллоо. Иймд Украин дахь монгол иргэд, оюутнууд байгаа газартаа хоргодон нуугдах зөвлөмж хүргүүлэв. Өнөөдөр өглөө Украин дахь оюутнуудын ар гэрийнхэн ирж бидэнтэй уулзлаа. Тэд татан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах, хоол хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй тул энэ асуудалд анхаарахыг хүслээ. Бид нэг сарын өмнө Украин дахь монголчуудын мэдээллийг цуглуулан, оюутнуудтай цахимаар уулзсан. Энэ үеэр дайн үүсч болзошгүй тул эх орондоо ирэхийг зөвлөн, тээврийн зардлыг төр даана гэдгийг мэдээлсэн. Тухайн үед бид дайн гарч болзошгүй гэж анхааруулсан. Түүнээс дайн гарах нь гарцаагүй гэж хэлэх боломж байгаагүй. Бидний өгсөн зөвлөмжийн дагуу олон оюутан Монголд ирсэн. Одоо хэлний бэлтгэлд явж буй оюутнууд Монголдоо ирвэл ирэх жил нэгдүгээр дамжаанд элсэх боломжгүй тул ирж чадаагүй юм билээ. Бид оюутнуудыг татан авахтай холбогдуулан сар гаруйн өмнөөс холбогдсон. Үндсэндээ 68 оюутнаас 40 орчим нь эх орондоо ирээд байна.
Өнгөрсөн Мягмар гаригийн орой оюутнуудыг эх орондоо ирэх санал тавьж, буцах зардлыг даахад бэлэн гэдгийг мэдэгдсэн. Украинд үлдэж буй оюутнуудын тухайд дийлэнх нь хэлний курст суралцсан, төгсөх дамжааных. Хэрэв хичээлээ орхиж эх орондоо буцвал хэлний бэлтгэлийн оюутнуудыг нэгдүгээр дамжаанд оруулах, төгсөх курсийн оюутнууд төгсөхгүй гэсэн шаардлагад дэмжлэг үзүүлэхийг  хүсэлт оюутнууд тавьсан. Энэ дагуу “Бид албан бичиг гаргаж өгье, та бүхэн эх орондоо ир” гэсэн хариу өгсөн. Гэвч удалгүй 24 цагийн дараа дайн эхэлж, энэ асуудал түр хугацаанд зогссон. Мөн бидний авсан мэдээллээр, тус улсад оршин суудаг монгол эмэгтэй “Оюутнуудыг нутаг буцаахгүй байх хэрэгтэй, Заавал буцах бол Засгийн газраасаа бичиг ав гэсэн шаардлага тавьсан" гэсэн. Ямар зорилгоор ийм зүйл ярьсныг сайн мэдэхгүй байна. Үүнээс болж цөөн оюутан буцах шийдвэр гаргаж чадаагүй" гэв.

Гадаад харилцааны яамны Консулын газрын үүрэг гүйцэтгэгч  Б.Болдын мэдээлснээр Польш улсын хилийг нэвтрэх хүсэлтэй иргэдийн жагсаалтыг хүргүүлжээ. Мөн Украин дахь иргэдийг татан авахад 500 сая хүртэл төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан байна. Тус улсаас 21 оюутныг татан авах нислэг цуцлагдсантай холбогдуулан газраар ОХУ руу татан авах хувилбарыг судалж байгаа аж. Мөн бусад хотууд дахь иргэдээ Польш, Унгар, Чех улсаар дамжуулан газраар татан авах боломжийг судалж байгаа юм байна. Одоогоор Харьков, Киев зэрэг хотуудыг хаасан. Ялангуяа Харьков хотод хоол хүнсний хомсдол үүсч болзошгүй тул анхаарал хандуулах хүсэлтийг оюутнуудын ар гэрийнхэн нь гаргасан. Иймд Украин дахь Өргөмжит Консулын газар болон бусад хүмүүстэй холбогдож дэмжлэг үзүүлэх тухай судалж байна гэдгийг албаныхан хэлэв.

ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн:

-Украинд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байхгүй. Одоогоор Өргөмжит Консул буюу Украин улсын иргэн ажилладаг. Тус хүний дэмжлэгтэйгээр бид тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамны зүгээс Элчин сайдын яамдаас Консулын ажилтнуудыг татан ажиллуулах, төвөөс Консулын ажилтан илгээхээр төлөвлөж байна.

Украин дахь оюутнуудын зүгээс Гадаад харилцааны яамнаас нөхцөл байдал хүндрэхээс өмнө татан авах тал дээр анхаарал хандуулахгүй, хайхрамжгүй хандсаныг шүүмжилж байгаа. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас “Нөхцөл байдал хэвийн, тогтмол нислэг үйлдэж байсан тул тусгай үүргийн нислэгээр татах авах шаардлагагүй байсан” гэх тайлбарыг өглөө. Тус яамнаас “Оюутнуудтай уулзах үеэр тусгай үүргийн нислэг явуулж татан авах шаардлага тавьж байсан. Тухайн үед нөхцөл байдал хэвийн байсан тул эцэг эхтэйгээ ярилцаж, эх орондоо ирэхийг зөвлөсөн. Нөхцөл байдал хүндрэхээс өмнө нислэг хэвийн байх үед ирэхийг зөвлөж байсан. Тухайн үед тусгай үүргийн нислэг үйлдэх шаардлагагүй байсан. Зарим оюутны зүгээс Монгол Улс руу ямар ч тохиолдол буцахгүй гэдгийг хэлсэн. Харин нөхцөл байдал хүндэрвэл хоргодох байрны жагсаалт гаргаж өгөх хүсэлт гаргаж өгсөн. Иймд томоохон хотууд дахь хоргодох байрны жагсаалтыг гаргаж өгсөн” гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж