Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2022.02.25/ Украин дахь Монгол Улсын иргэдийг татан авах, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус яамнаас өдөр бүр 15:00 цагаас мэдээлэл хийхээр болов. Энэ нь Украины цагаар өглөө болж байгаа тул шуурхай мэдээлэл хүргэх зорилготой гэдгийг онцоллоо.
Консулын газрын захирал Б.БОЛД:
-Украины Харьков хотод 18 оюутан, байнгын оршин суугч 4 иргэн байна. Киев хотод 12 оюутан байнгын оршин суугч 3 байна. Харьков хотод байсан оюутнууд хорогдох байранд байсан. Өнөөдөр зарим нь байрнаас гарч өөр байранд очсон байна. Харьцангуй нөхцөл байдал тогтвортой байна. Киев хот дахь оюутнууд оюутны байрандаа байна. Бусад хотуудад оршин сууж буй иргэд өөрсдийн гэрт байна.
Львов хотод суралцдаг нэг оюутан Украинд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамт өнөөдөр өглөө Польш улсын хилээр нэвтэрсэн. Тус улс 15 хоногийн хугацаанд виз шаардахгүй хил нэвтрүүлнэ гэдгийг мэдэгдсэн. Дөрвөн иргэнийг Варшавт тосч, Монгол Улс руу татан авна. Бидний зүгээс энэ сарын 26, 27-нд 21 оюутнаа татан авахаар төлөвлөж байсан ч нислэгүүд цуцлагдсан гэсэн мэдээлэл ирсэн. Иймд иргэдээ газраар татан авах хувилбарыг ярьж байна.
Гадаад харилцааны яамны Консулын газрын үүрэг гүйцэтгэгч Б.Болдын мэдээлснээр Польш улсын хилийг нэвтрэх хүсэлтэй иргэдийн жагсаалтыг хүргүүлжээ. Мөн Украин дахь иргэдийг татан авахад 500 сая хүртэл төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан байна. Тус улсаас 21 оюутныг татан авах нислэг цуцлагдсантай холбогдуулан газраар ОХУ руу татан авах хувилбарыг судалж байгаа аж. Мөн бусад хотууд дахь иргэдээ Польш, Унгар, Чех улсаар дамжуулан газраар татан авах боломжийг судалж байгаа юм байна. Одоогоор Харьков, Киев зэрэг хотуудыг хаасан. Ялангуяа Харьков хотод хоол хүнсний хомсдол үүсч болзошгүй тул анхаарал хандуулах хүсэлтийг оюутнуудын ар гэрийнхэн нь гаргасан. Иймд Украин дахь Өргөмжит Консулын газар болон бусад хүмүүстэй холбогдож дэмжлэг үзүүлэх тухай судалж байна гэдгийг албаныхан хэлэв.
ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн:
-Украинд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байхгүй. Одоогоор Өргөмжит Консул буюу Украин улсын иргэн ажилладаг. Тус хүний дэмжлэгтэйгээр бид тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамны зүгээс Элчин сайдын яамдаас Консулын ажилтнуудыг татан ажиллуулах, төвөөс Консулын ажилтан илгээхээр төлөвлөж байна.