"Eurovision" дууны тэмцээнийг зохион байгуулагчдад Оросыг энэ жилийн тэмцээнд оролцохыг хориглох хүсэлт нэлээд иржээ. Тус тэмцээн нь тавдугаар сарын 10-14-ний хооронд Италийн Турин хотод зохион байгуулахаар төлөвлөж буй. Финалын өмнөх хагас шигшээ нь тавдугаар сарын 14-ний Бямба гаригт болохоор төлөвлөж байгаа бол тавдугаар сарын 10-нд эхний хагас шигшээ болохоор байжээ. Энэ жилийн “Eurovision” дууны тэмцээнд Орос болон Украины дуучид оролцохоор бүртгэгдсэн байв. Эхний хагас шигшээ болох өдөр Украины хамтлаг дуучид үзүүлбэрээ үзүүлэхээр төлөвлөж байсан. Дараагийн хагас шигшээд Оросын дуучид өрсөлдөх байв.
Гэхдээ Украинд түрэмгийлсэн ОХУ-ын дуучдыг оролцуулах хүсэлгүй байгаа бололтой. Оросууд Пүрэв гаригт Украинд бүрэн хэмжээний цэргийн довтолгоо хийж эхэлсний дараа олон хүн энэ тэмцээнд оролцохыг хориглох ёстой гэж үзэж эхлэв. Гэхдээ Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос энэ асуудалд мэдэгдэл гаргажээ.
“Eurovision дууны тэмцээн бол улс төрийн бус соёлын арга хэмжээ юм. Харин Европын өргөн нэвтрүүлгийн холбоо Украинд болж буй үйл явдлуудад санаа зовж байгаа ба нөхцөл байдлыг анхааралтай ажигласаар байх болно" гэж мэдэгдэв. ОХУ-ын үйл ажиллагааг түдгэлзүүлэхийг уриалж буй хүмүүсийн нэг нь Украины төрийн телевиз “UA:PBC” бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Микола Чернотыцки нь Европын өргөн нэвтрүүлгийн холбоонд нээлттэй захидал бичиж, Оросын холбооны гишүүнчлэлийг түдгэлзүүлж, Оросыг “Eurovision 2022” дууны уралдаанаас хасахыг хүссэн байна.
Эх сурвалж: EURONEWS