Хар бараан хувцас, гарцгүй зам ослын "шалтгаан"

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

Хар бараан хувцас, гарцгүй зам ослын "шалтгаан"

Хар бараан хувцас, гарцгүй зам ослын "шалтгаан"

Төв шуудангийн урд замын гарцаар гарч явсан хүүхэд автомашинд мөргүүлсэн осол өнгөрсөн Даваа гаригт гарсан. Харин тээврийн хэрэгслийн жолооч мөргөсөн хүүхдийн биеийн байдлыг шалгалгүй хэргийн газрыг орхин зугтаасан нь нийгмийн сүлжээнд цацагдснаар түүнд хариуцлага тооцох тухай яригдаж буй. “Prius-20” маркийн жолооч хүүхэд мөргөж зугтсан тухай ослын дуудлага Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдээгүй. Харин нийгмийн сүлжээнд цацагдснаар цагдаагийн байгууллагынхан жолоочийг илрүүлэн шалгах болсныг мэдээлсэн.

Хүүхдүүдийн хувьд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд гэр бүл, багш нартаа хэлэхгүй өнгөрүүлэх тохиолдол их гардаг аж. Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь гэнэт халуурах, бие нь тавгүйрхэхэд асууснаар л ослын тухай мэддэг байна.

Гэвч осол болсон үед мэдээлээгүй бол жолооч ослын газраас зугтах, хариуцлагаас мултрах ч тохиолдлууд гарахыг үгүйсгэхгүй. Тээврийн цагдаагийн албанд  хүүхэд нь автомашинд мөргүүлсэн тухай гомдол гаргахаар ирсэн ээж хэлэхдээ “Манай охин  өнгөрсөн Даваа гаригт найзуудтайгаа мөсөн дээр тоглож байгаад автомашинд мөргүүлж ухаан алдсан. Тухайн үед цагдаад дуудлага өгөөгүй. Гэтэл осол гарсныг нь бидэнд хэлэлгүй нуусан. Охин маань алхахдаа доголоод байх үед нь л шалгааж байж мэдсэн. Ослоос болж зөвхөн хөл нь гэмтээгүй, хамар нь мурийсан байгаа юм. Улсын эмнэлэгт үзүүлье гэвч оочертой тул хувийн эмнэлэгт нарийвчилсан шинжилгээ өгөхөөс авхуулаад зардал маш их гарч байна. Гэтэл осол гаргасан жолооч нь хохирол барагдуулах нь бүү хэл утсаа салгаад сураггүй болсон. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргана. Уг нь тухайн осол болсон үед дуудлага өгсөн бол гэмтлийн зэргийг нь тодорхойлж осол гаргасан хүн хохирлын зардлыг нь хариуцдаг юм билээ” гэсэн юм. Энэ мэтчилэн хөнгөн болон хүнд байдлаар хүүхдүүд автомашинд мөргүүлж бэртэх улмаар амь насаа алдсан тохиолдол гарсаар байна.

Тээврийн цагдаагийн албанд энэ долоо хоногт бүртгэгдсэн мэдээллээр, зам тээврийн ослын улмаас таван хүүхэд гэмтсэний нэг нь амь насаа алджээ.Мөн өнгөрсөн долоо хоногт 0-10 хүртэлх насны хоёр хүүхэд гэмтэж байв. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийн талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн   Ахлах зохицуулагч Г.Ариунбуянаас  тодруулав.

ТЦА: ХҮҮХДҮҮД ГАРЦАН ДЭЭР АВТО ОСОЛД ӨРТӨЖ БАЙНА

Хүүхдүүд зам тээврийн осолд өртөж гэмтэж бэртсэн тохиолдол буурахгүй байна. Энэ долоо хоногт таван хүүхэд гэмтсэний нэг нь нас барсан нь харамсалтай. Ослын улмаас нас барсан хүүхдийн тухайд явган зорчиж байсан уу?

-Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 14-нөөс хойш явган зорчигч байдлаар таван хүүхэд гэмтсэн. Тэдний гурав нь 10 хүртэлх насных. Харин орон нутагт тээврийн хэрэгслээр зорчиж явсан хүүхэд зам тээврийн ослоор нас барсан. Тус хэрэг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр багийн нутагт энэ сарын 22-нд гарсан.  Суудлын автомашины жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөсний улмаас 11 настай хүүхдийн амь нас хохирсон.

Зам тээврийн осолд хүүхдүүд өртөж байгаа нь жолооч, эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж байна. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийг биечлэн шалгах ёстой. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйн улмаас өнгөрсөн онд  гэр хороололд хашаандаа тоглож байсан найман хүүхэд автомашинд мөргүүлж амь насаа алдсан. Мөн энэ төрлийн осолд он гарснаас хойш хоёр хүүхдийн амь хохирсон.

Осол гаргасан жолоочид хариуцлага тооцох уу?

-Хүний амь хохирсон бол тухайн жолоочид хэрэг бүртгэл нээж Эрүүгийн хэрэг үүсгэнэ. Ихэвчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргадаг.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн тухайд эцэг эх, багшдаа хэлэлгүй нуух тохиолдлууд цөөнгүй. Ийм тохиолдолд хэргийн газраас зугтсан жолоочид хариуцлага тооцдог уу?

-Эцэг эхчүүд хүүхдэдээ зам хөндлөн гарахдаа гэрлэн дохиогоор гарцаар гарахыг зөвлөдөг ч зам тээврийн осолд өртсөн үед яаралтай залгах эцэг эх, багш, цагдаа, эмнэлгийн анхны тусламжийн дугаар руу мэдээлэхийг анхааруулдаггүй.

Хүүхдүүд зам тээврийн осолд өртсөн үедээ ослын газрыг орхиж зугтаахгүй, айж сандрахгүй байх, эцэг эхдээ түргэн шуурхай мэдэгдэх зэрэг мэдээлэлгүй учраас цаг алддаг.

Осол гарснаас хойш 24 цагийн дараа, аль эсвэл хичээл тарсныхаа дараа гэр бүлдээ мэдэгддэг нь хэргийг шалгахад хугацаа алддаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ зам тээврийн осолд өртсөн үед яаралтай авах арга хэмжээний тухай анхан шатны мэдээллийг өгөх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас иргэний гомдол мэдээллийн дагуу хэргийг шалгана. Хэдийгээр хүүхдүүд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байж болох ч жолооч мэдээлэх үүрэгтэй. Хэрэв осол гаргасан жолооч  хэргийн газрыг санаатайгаар орхивол хуулийн хариуцлага хүлээлгэх зүйл заалт нь нэмэгдэнэ.

Он гарснаас хойш хэчнээн хүүхэд зам тээврийн осолд өртөв. Хүүхдүүдийн хувьд гарцаар гарахдаа бэртэж гэмтдэг үү?

-Өнгөрсөн оны статистик мэдээллээр нийслэлийн хэмжээнд 160 хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтсэн. Тэдний 63 хувь нь явган зорчигч хэлбэрээр осолд өртсөн. Харин орон нутагт 167 хүүхэд тээврийн хэрэгслээр зорчих үедээ зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтсэн. Мөн он гарснаас хойш  зургаан хүүхэд бэртэж, гурван хүүхдийн амь нас хохирсон. Энэ жилийн хувьд хоёрдугаар сарын 14-нөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа 100 хувь танхимд шилжсэнтэй холбоотой тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Гэхдээ сургууль, цэцэрлэгийн орчимд эцэг эх зохицуулагч ажиллаж байгаа тул хүүхэд осолд өртөж гэмтсэн тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй. Хамгийн гол асуудал нь, эцэг эхчүүд 10 хүртэлх насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж байна. Угтаа бол Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхэд эцэг эхийн хамт замын  хөдөлгөөнд оролцоно гэж заасан.

Нөгөөтэйгүүр жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Гэтэл эдгээр заалтууд хэрэгждэггүйгээс хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс авто ослын хохирогч болох тохиолдлууд гарч байна.

Хүүхдүүдийн хувьд гэр рүүгээ харих, дэлгүүр явах замдаа гарцаар гарахдаа осолд өртдөг. Гэрлэн дохио анзаардаггүй, ганцаараа зам гарахдаа гэнэт гүйх тохиолдол гардаг. Ялангуяа нийслэлийн хэмжээнд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо авто осолд өртдөг.

Уг нь жолооч нар гарцан дээр явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэй шүү дээ?

-Дээр дурдсанаар Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч нар тээврийн хэрэгслээ зогсоож, явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэй. Тухайн жолооч дүрэм зөрчиж, осол гаргасан бол Зөрчлийн хэрэг нээж хуулийн дагуу арга хэмжээ авна.

Ерөнхийдөө явган зорчигчдод зам тавьж өгөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 14.7-д заасны дагуу 50 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг. 

Нөгөөтэйгүүр, Замын хөдөлгөөний дүрмийн 5.2-д “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид гэрэл ойлгох шинж чанар бүхий тод өнгийн хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэж заасан. Гэсэн ч  уг зөвлөмж хэрэгждэггүй.  Явган зорчигчид хар бараан өнгийн хувцастай, гарцгүй хэсгээр зам хөндлөн гардгаас болж осолд өртдөг. Тиймээс “Гэрлээр анхааруулъя” нөлөөллийн аяныг хэрэгжүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж