МАНИСТ “эмгэнэлт драм”-ын хөшигний ард…

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

МАНИСТ “эмгэнэлт драм”-ын хөшигний ард…

МАНИСТ “эмгэнэлт драм”-ын хөшигний ард…
2015 оны зургадугаар сарын 2. Энэ өдөр МАН-ын гишүүд Чингисийн талбайд энхийн цагаан тагтаа нисгэж, "Бид хамтдаа" хэмээн уриалж байлаа.

ЗОХИОГЧДЫН ЭМЗЭГЛЭЛ

Авлигын төлөөсийг амьдралаараа төлж буй монголчуудын эмзэглэл дээр тэд жүжиг тавьж байна.

“Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг”

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

 “Хууль шүүхийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаасан хэрэгт холбогдсон нь тогтоогдсон тохиолдолд эрх мэдэл, албан тушаал, намын харьяалал харгалзахгүй хариуцлага тооцох нөхцөлийг бий болгох ёстой”

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан/”Ам нээвэл” нэвтрүүлэгт хэлсэн үг. 2022 оны хоёрдугаар сарын 15/

Авлигын уурхай нь намын үүр нь болчхоод буйг намын дарга нь, шүүхийн шийдвэр бус намын шийдвэр эцсийнх байгааг нарийн бичгийн дарга нь хэлээд байна. Үнэн л дээ. Төрийн мөнгөөр казинодсон хэрэгт холбогдож байсан хүн шүүхээс ял авчаад гэртээ харьчихсан цорын ганц тохиолдол нь энэ л намын этгээд байсан. “60 тэрбумын схем”, “ЖДҮ-ийг дэмжих зээл”-ийн улаандаа гарсан дээрэм болоход ч МАН-истууд иймэрхүү юм ярьсан. Энэ мэт үй олон эмзэглэл дээр тэд дөрөөлөн нэгнээ золигт гаргаж, баатрын дүр эсгэн өөрсдийн жүжгээ тавьдаг билээ.

Үзэгчид нь монголын жирийн иргэд. Эл жүжиг нь үзэгчдэд таалагдаж байна гэж жигтэйхэн. Хар даа, та нарын тэтгэврийн мөнгийг зээлсэн нөхөр давхар Хөгжлийн банкнаас зээл авчиж. Тиймээс 195 обьектыг нь хураан авч өрийг нь барагдуулна гэхээр насаараа ганц байрны зээлийг төлөхөөр зүдэж яваа олон нийт нижигнэтэл алга ташна… Сэвээ ч гэж ярих юм алга. Аливаа уран бүтээл нийгмийнхээ захиалгаар бий болдог нь жам аж. Ялзарсан, завхарсан, бүр заваан гэмээр өнөөгийн эрх баригчдын үнэн төрхийг илчилсэн гэх энэхүү жүжгээр хөгжлийн өмнөх хямралыг харуулахыг зорьсон нь лавтай.

Анх мелодрам гэж тодорхойлсон ч эрэл хайгуулын явцад эмгэнэлт рүү хэлбийж, улмаар сэтгэхүйн болгох мэргэн санааг олсон ч чадсангүй. Оролцон тоглогчид нь хэтэрхий их дүрдээ орсноос нэгээс нөгөөд шилжих шилжилтийн хэсэгт өмнөх үзэгдлээсээ гарч чадахгүй дараагийн үзэгдэл давхиж орсноос инээдмийн төрөл рүү халтирч, насаараа жүжиг үзсэн хүний хөх инээдийг хүргэж байна. Намын дэмжлэгээр томилогдсон Н.Мандуул дарга гэнэт зээл авсан этгээдүүд луу унжиж байгааг илчилж, луу унжигчдын ард намын гишүүд зогсож байгааг зарлаж, зарласныг нь эрх баригчид уухайлан дэмжээд, хөөгөөд өгье гэж хэвлэлээр мэдэгдэл хийгээд л… Хавтас хэрэг нээх, нээхгүй нь мэдэгдэхгүй иргэдийг чирэгдүүлдэг хууль, хяналтынхан нь сажигнуулж байх.

Туслах дүр авсан нөхөр өөрийгөө гол дүр гэж эндүүрээд, итгэсэндээ итгээд зохиолын дагуу явахгүй утга санааг нь алдагдуулаад эхлэв. АТГ аж ахуйн нэгжийн шууд дампуурахуйц мэдэгдэл гаргаж, ард түмний тус компаниас байхыг анхааруулав. Үүнийг анхааралтай үзсэн мэргэжлийнхэн ч тэр гэж тодотгож чадахгүй байгаа болохоор тогтоож, тодотготол “МАНИСТ” гэх төрлөөр тус жүжгийг түр тодруулаад явцгаая.

ЦЭВЭРЛЭГЭЭ

МАН түүхэндээ хоёр удаа цэвэрлэгээ хийсэн гэдэг ч үнэндээ байнга л хийдэг. Нам угаасаа сүм байсангүй. Сүм биш учраас ариун байх боломжгүй. “Ариун” гэдэг үгийн утгыг ч тэд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлах гээд будилсан, бүр буруудсан, бузрын араатан болсон түүх харин олон. Эхнээсээ өөрийн гэсэн бодолтой, үг дуугүй намын шийдвэрийг даган биелүүлдэггүй, үндэстнээ гэсэн үзэлтэй нөхдийг зайлуулахаар эхэлсэн энэ цэвэрлэгээ яасныг бид одоо л хагас, хугас мэдэж байна. Товчхондоо МАН шударга шүүмжилсэн гишүүн болгоноо толгой дараалан тонилгохгүй юмаа гэхэд зайлуулж ирсэн түүхтэй. Ингэхдээ ямагт шударга ёс, ёс суртахуунаар халхавч хийдэг бөгөөд тэрхүү шударга ёс нь эрх мэдэл булаацалдаад байгаа нэгнээ зайлуулахыг л хэлээд буй хэрэг болохоос энгийн иргэдийн ойлгодгоос шаал өөр зүйл билээ. Хамгийн сүүлд өөрсдийнх нь тоглоод буй жүжгээр хөөгдөж, туугдсан нэрсийг нь хараарай. Сүр бадруулж хийсэн Хяналтын хорооны хурлаараа намдаа хэрэггүй, улс төрийн карьер нь дууссан нөхдийг гишүүнээсээ хассан шийдвэр гаргасан билээ. Нэг тодорхой зүйл гэвэл энэхүү хурлын дараа хууль, хяналтынхан баривчилгаагаа эхлүүлсэн юм. Халдаж болох нөхрийн нэрс гарсан учраас үдээс хойшдоо баривчилгаа эхэлсэн хэрэг. Бүх зүйлийг урьдаас төлөвлөсөн байсныг нь мэдсэн хэргийн холбогдогчдын зарим нь таслан сэргийлэх шийдвэр гаргаж буй шүүгчдээс, шүүхээс татгалзаж, цаг хожсон ч тэрийг нь ч тооцчихсон байсан бололтой. Маргааш өглөө нь шинэ бүрэлдэхүүн томилоод, шүүх хурал хийлгээд явуулчих жишээтэй.

Энэ бүхний өмнөхөн их хурлаа хийж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан зэргийг ч бас бодууштай. Энэ дүрмийн дагуу хариуцлага алдсан болон гэмт хэрэг, авлигад холбогдсон этгээдүүдийг намаас хасах шийдвэр гаргасан билээ. Энэ нь авлигын эсрэг тэмцээд байгаа мэт наанаа харагдавч үнэндээ нам дотор бүлэглэлийн цэвэрлэгээ хийх эрхээ авсан хэрэг. Шүүгчдийг ч өөрсдийн дураар хөдөлгөх сэтгэл зүйг бэлдэхийн тулд хэргийг удаашруулсан шүүгчийг зайлуулсан тухай өнөөдөр мэдэгдлээ. Бусдад нь сануулга өгөөд буй хэрэг.

ШҮҮХ БИШ ХЯНАЛТЫН ХОРОО ШҮҮХ ҮҮ?

Тусгай албаныхантай сүр дуулиантай баривчилгаа явуулж, “мөрөөдлөө” биелүүлсэн, авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах тухай сэрүүн зүүдэлдэг УИХ дарга, гишүүд ч оногдсон үүргээ онц биелүүлэхээр чармайж байна. УИХ-аас Ажлын хэсэг байгуулав. Энэ ажлын хэсгийнхэн шүүх лугаа адил эрх ямба эдлэхийг хүсэх бөгөөд Хяналтын хороо байгуулах санаачлага гаргасан юм. МАН-д яг ийм нэртэй бүтэц бий бөгөөд хэнийг яахыг түүгээр дамжуулан шийдсэн талаар дээр дурсан билээ. Тэгэхээр УИХ-д ийм хороо байгуулах хэний төлөө байх вэ?

Шүүхийн нэр хүндийг нийтээр нь унагааж, “хонгилын” гэгчилэн хоч зүүж, удаан хугацаанд балбаж ирсэний үр дүн одоо гарах бололтой. Банк, санхүүгийн өндөр мэдлэгтэй гэхээсээ илүү өөр хэмжүүрээр тэднийг сонгосон нь ажлын хэсэгт багтсан нэрсийг нь харахад л ойлгомжтой. Энэ асуудлаар нээлттэй сонсгол хийхээр болсон бөгөөд түүнд сэтгүүлчдийг ч өргөнөөр оролцохыг уриалаад буй нь болж өгвөл асуудалд олон хүнийг хамруулан, олонхоороо шийдвэр гаргасан мэтээр харагдуулахыг зориод байна. Шүүхгүйгээр шүүх ажиллагаа явбал юу болох нь ойлгомжтой.

ИЛ ХЭРНЭЭ ДАЛД НУУЦ

“ЖДҮ”-ийг дэмжих зээлийн сангийн зээлийг АН-ын үед банкаар дамжуулан олгож байсныг МАН төрийн эрхэнд гармагцаа яамны мэдэлд болгон өөрчилж байгаад өөрсдөө хувааж авах боломжийг бүрдүүлсэн байдаг. Ингэж иргэдийнхээ боломжийг хулгайлсан эрх баригчид хэнтэй яаж хариуцлага тооцсон бэ? Ганц хүнтэй хариуцлага тооцсон уу? Тийм бол тэр гээд зааж туслаарай.

Хөгжлийн банкийг ч яг л ийм жишгээр өөрчилж байгаад тоночихлоо. Ингэхдээ өрсөлдөгч хүчнээ хэвтэрт ортол нь нүдэж, хэг ёг хийх чадалтайг нь шорон руу явуулж, сэхэл авахгүй болгочоод хэргээ хэрэггүй болсон нөхдийнхөө хамт хэрэг тотохоор улайрчээ.

НЭР ЦЭВЭР ГАР БОХИР

Жүжиг сонгууль хүртэл өрнөж дуусах бөгөөд энэ хугацаанд золихыг нь зольж, зодохыг нь зодож, тэднээс тодрон гарагчид нь тодорч, ялгуусан баатруудаа тодруулж, МАН-ын үйл хэрэг зөвхөн Монголын эрх ашгийн төлөө байсан мэтээр жүжиг төгсөх юм. Нэрээ цэвэрлэх энэ замд намын нөхрийнхөө ч шударга бус, сувдаг сэтгэлтэй эвлэрч чадаагүй гэх дуугаа тэд дуулна. Ямар их золиос гарсан талаар ядах юмгүй контент үйлдвэрлэнэ. Ийм л байсан. Тиймээрээ л байхыг хичээнэ. Гэхдээ энэ нам дангаараа засгийн эрхэнд гарвал ямар аюултай вэ гэдгийг, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө үе үеийн бусдыгаа зольж байсныг, амьд үлдэхийн тулд анд нөхрөө хайрладдаггүй, харгис хүчин гэдгийг мэддэг хүнд бол ямар муухай өрнөл яваад буй нь ядах юмгүй уншигдана. Ганц үнэн зүйл гэвэл золиосонд яваа, золиослоод байгаа аль аль нь ашиг сонирхлын төлөө, албан тушаал, эрх мэдлийн төлөө энэ улсыг өдий хүртэл өлмөн зэлмэн явуулж ирсэн билээ. Тиймээс ганц гэгээтэй зүйл гэвэл тэд дотроо дайсагнаж, хагарах тусам Монгол хождог. Муу муухайгаа илчилдэг. Харин нэгдээд, нам жим болоод, тэврэлдэж, үнсэлдээд эхэлбэл айх хэрэгтэй. Өөр өөрсдийнхөө монологийг уншиж л байг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж