Сурвалжлага: Нийслэлчүүд өглөөг дасгалаар эхлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Нийслэлчүүд өглөөг дасгалаар эхлүүлж байна

Сурвалжлага: Нийслэлчүүд өглөөг дасгалаар эхлүүлж байна

“Зун болохоос өмнө 15 кг хаяж гоё болно. Жин нэмсэн чинь хувцас таарахгүй. Өөртөө итгэх итгэл ч алга болдог юм байна” гэж ярих бүсгүйг Б.Солонго гэдэг. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тогтоосон хөл хорионы улмаас 10 кг нэмсэн гэдгээ сулхан дуугаар хэлэв. Б.Солонгын хувьд өглөө бүр 06:30 цагт Спортын төв ордонд зохион байгуулдаг “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аянд нэгдээд найм дахь өдрөө болж байна. Энэ хугацаанд нэг кг хасч урам авч, улам хичээж буйгаа онцлов. Түүнтэй адилхан зорилготой  60 гаруй хүмүүс зааланд цуглажээ. Ёстой л найман настай балчраас наян настай буурал хүртэл энд байна.

“Оффисын суугаа ажил, стресс бухимдал,  буруу хоололтын улмаас жин нэмсэн” гэх шалтгааныг хүн бүхэн ярьцгаана.

Ингээд удалгүй 06.30 цагт Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн  аэробик, гимнастикийн багш, дасгалжуулагч Э.Мөнх-Оргил, “Үнэгүй Fitness” группийн багш Л.Саруулбат нар орж ирж дасгалаа эхлүүлэв. Дээрх багш нар Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй. Дасгалын өмнө багш нар  ирсэн хүмүүсээ идэвхжүүлж, уриалахын зэрэгцээ дасгалаа яаж хийвэл илүү үр дүнтэй, хоол хүнсэндээ хэрхэн анхаарах талаар зөвлөгөө өгч байлаа. 

Эхлээд цугласан хүмүүсийн биеийг халаах зорилгоор эхлээд талбай тойруулж гүйлгэнэ.  Биеэ халаасны дараа эгнээ үүсгэж дасгалаа эхлүүллээ. Нас, насны хүмүүс цугласан учраас хүнд биш харьцангуй хөнгөн дасгал хийлгэнэ. Гэсэн ч зарим өндөр жинтэй хүмүүст энэ дасгал нь хүнд санагдаж байгаагаа хэлж байсан юм. Өчигдөр хөлний дасгал хийхэд өнөөдөр гурван хүн  ирээгүй гээд Э.Мөнх-Оргил багш жуумалзав. Дулаарч байгаа учраас цаашид олон  хүн ирнэ гэдэгт багш нар итгэлтэй байна.  Дасгалыг 40-50 минут хийхэд дунджаар 200-300 ккал илчлэг шатаадаг гэнэ.

Зааланд өглөө бүр ирдэг хүмүүс мэргэжлийн тамирчид шиг бэлтгэл хийдэггүй ч зөв амьдралын хэвшил, дадалд тэмүүлж, өөрийгөө ялан дийлэхийн төлөө мэрийж зүтгэж байгааг харах багш нарт сайхан байдаг аж.

"ГОЛ НЬ ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛЭХ ЁСТОЙ"

“Үнэгүй Fitness” группийн багш Л.Саруулбат “Таргалалт бол хувь хүний амьдралын хэвшил, хооллолт, хөдөлгөөн, сэтгэл санааны байдал, хорт зуршил зэргээс шууд шалтгаалдаг. Тиймээс Японд тарган хүнийг удирдах албан тушаалд томилдоггүй жишигтэй. Энэ нь өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж чадаагүй хүн бусдад анхаарал тавьж, удирдан чиглүүлж чадахгүй гэж үздэгийнх. 15 настай хүүхэд 110 кг, 12 настай хүүхэд 90 кг болчихлоо хурдан жинг нь хасаад өгөөч гээд эцэг эхчүүд надад хандсан тохиолдол бий. Тухайн хүн сард 10-20 кг хасна гээд ороод ирлээ гэж бодъё л доо. Тэгэхээр энэ хүн яг л фитнесс тамирчин шиг долоо хоногт маш олон цаг хүнд ачаалалтай бэлтгэл хийхээс гадна, маш хатуу хоолны дэглэмд орох шаардлага гарна.

Ийм их ачаалал гэнэт авахаар маш их ядарна, эмзэг мэдрэмтгий болно, хүний сэтгэлзүй их хямарна, сэтгэлээр унана, стресст өртөнө гээд бэрхшээлүүд бий. Тиймээс яарч хурдан жин хасна гэхгүйгээр фитнессийг зүгээр л амьдралынхаа нэг хэсэг болгочих хэрэгтэй. Энэ нь тийм их цаг шаарддаггүй, долоо хоногт ердөө л зургаан цагийг өөртөө зарцуулахад л хангалттай. Ингэж чадвал эрүүл сайхан харагдана, эрүүл чанартай амьдарна шүү дээ. Жингээ хасахаар зорьж байгаа хүмүүст өгдөг хамгийн эхний зөвлөгөө бол цагаар хооллох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өлсөж болохгүй гэдэг зарчим юм. Ер нь фитнесс хоол өөрөө их хэцүү, бас цаг "яс" барихыг шаарддаг. Цагаар хооллоод, үүнийгээ фитнесстэйгээ хослуулбал үр дүн хурдан гардаг. Хамгийн гол нь өдөрт хоол хүнсээрээ авч буй илчлэгийн хэмжээ зарцуулж байгаагаасаа бага байх ёстой. Идэх хүслээ өөрөө л удирдаж сурна даа. Хүссэн зорилгодоо хүрсэн үед тухайн хүнд өөртөө итгэл дүүрэн, гоо сайхнаа гайхуулан алхах, урам зоригтойгоор эрүүл урт удаан амьдрах сайхан шүү дээ. Гол нь өөрийгөө ялан дийлэх ёстой" гэдгийг онцлов.

СПОРТ ЗААЛУУД ИРЭХ ЗУРГАДУГААР САР  ХҮРТЭЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ  ҮЙЛЧИЛНЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Илүүдэл жингүй-Эртэч монгол” аян өрнүүлээд найм хонож байна. Энэ хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт биеийн тамир, спортын заал хоёрдугаар сарын 16-аас эхлэн 06:30-07:30 цаг хүртэл  үнэ төлбөргүй болсон.  Спорт заалууд ирэх зургадугаар сарын 1-нийг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй  үйлчилнэ.

 Өчигдөр /2022.02.24/ гэхэд  улсын хэмжээнд 4506 иргэн 119 заал, 40 танхим, гурван клуб, гурван соёлын төв, нэг иог, нэг усан бассейн, нэг фитнессээр үйлчлүүлсэн байна.  Энэ өдрийн дасгал хөдөлгөөнд Налайх дүүргийн 77 настай оролцогч хамгийн ахмад нь бол Ховд аймгийн зургаан настай оролцогч хамгийн залуу нь байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж