Зеленский Путиныг хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалав
Зеленский Путинтай хэлэлцээр хийхийг уриалав. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан гэмгүй иргэдийн амь насанд заналхийлэхийг зогсоохын тулд хэлэлцээрийн ширээний ард суухыг уриаллаа.
Тэрбээр хоёрдугаар сарын 25-ны Баасан гаригт хэлсэн илтгэлдээ тус уриалгийг гаргасан гэж "Укринформ"-ын сурвалжлагч мэдээлэв.
Зеленский "Би ОХУ-ын ерөнхийлөгчид дахин хандмаар байна. Украин даяар тулаан болж байна. Хүмүүсийн амиа алдах явдлыг зогсоохын тулд хэлэлцээрийн ширээний ард сууцгаая" гэжээ.
Орос чандарлах машин цэргүүдийнхээ араас явуулав
Орос улс хөдөлгөөнт чандарлах машиныг дайнд орох цэргүүдийнхээ араас явуулав. Их Британийн Батлан хамгаалах сайдын хэлснээр, Оросын арми Украинтай цаашид мөргөлдөөн гарахад цэргийн амь эрсдсэн бол ашиглах зөөврийн чандарлах машин бэлдсэн байна.Тус машин нь хүний цогцсыг нэг удаад "ууршуулах" өрөөнд суурилуулсан чандарлах үйл явцыг явуулах аж.
Батлан хамгаалахын сайд Бен Уоллес ийм системийг ашиглах нь Кремль цаашид байлдааны үеэр амь эрсдсэн цэргүүдийн тоог нуун дарагдуулах арга байж магадгүй гэж үзжээ. Аюултай биологийн хог хаягдлыг устгах зорилгоор тусгайлан бүтээсэн төхөөрөмжийг Санкт-Петербургийн Турмалин хэмээх компаниас үйлдвэрлэсэн гэж кирилл үсгээр бичжээ. Компанийн вэбсайтад үүнийг "Оросын шатаах үйлдвэр" гэж тайлбарласан байна.
Франц: Европ болон АНУ Оростой дайтахыг хүсэхгүй
“ЕХ болон АНУ-ын аль ч тал ОХУ-тай шууд мөргөлдөөн үүсгэж, дайн хийхийг хүсэхгүй байгаа. Учир нь ОХУ-ын цөмийн зэвсгээ болгоомжгүй ашиглаж, дэлхий нийтийг аюулд оруулахыг хэн нь ч хүсэхгүй” гэх тайлбарыг Францын Батлан хамгаалахын сайд Флоренс Парли Баасан гаригт радиогоор ярьжээ. Мөн Франц болон ЕХ, АНУ-ын аль нь ч дай зарлаагүй ба нөхцөл байдлыг намжаахыг хүсэж байгааг нэмж хэлэв. Орос бол цөмийн зэвсэгтэй гүрэн, НАТО ч ийм зэвсэгтэй гэдгийг сайд давхар онцолжээ. “Та нар цөмийн дайныг хүсч байна уу?" гэж тэрбээр асуув.
Франц Украиныг хамгаалахын тулд цэрэг илгээх бодолтой байгаа эсэх талаар сэтгүүлчид асуусан байна. Сайд Франц болон НАТО-гийн тэргүүлэх чиглэл бол гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах, ялангуяа зүүн жигүүрийн аюулгүй байдлыг хангах явдал бөгөөд "Украин бол эвслийн нэг хэсэг биш" гэж тайлбарлажээ.
Украины ерөнхийлөгч “Бухарест 9”-өөс тусламж хүсэв
Украины арми Иванков дэх Оросын танкуудыг зогсоожээ
Украинд бүх нийтийн дайчилгаа явуулах тухай зарлигийг баталлаа
Оросын тэрбумтнууд 90 тэрбумын хөрөнгөө алдав
Зеленский: Би Оросын гол бай
Киев Оросын хүчтэй дайралтад өртөж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины салан тусгаарласан бүс нутгуудад цэргийн ажиллагаа явуулах тушаал өгснөөс нэг өдрийн дараа Оросын арми Украины нийслэл Киев хотод ойртсон бололтой. Орон нутгийн цагаар Баасан гаригийн өглөө Киевт дэлбэрэлтийн чимээ сонсогджээ. Киевийн оршин суугчид хүчтэй дэлбэрэлт болсон гэж "Kiyev Independent" мэдээллээ. Украины арми нийслэлд Оросын пуужинг харвасан байж магадгүй гэж "Украинская правда" мэдээллийн агентлаг нийтлэлээ.
Үүнээс болж украинчууд нийслэл Киев хотоос түргэн гарахаар яаравчлах болжээ. Беларусь улсаас орж ирсэн Оросын механикжсан хүчин Киевээс 20 милийн зайд байна гэж "Axios" агентлаг мэдээлэв. Тиймээс АНУ-ын Батлан хамгаалах яам Украины армид илүү олон техник, тэр дундаа зэр зэвсгээр хангах арга замыг хайж байна гэж АНУ-ын сайд Остин мэдээлжээ.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хамгийн сүүлд 1941 онд гадаадын иргэд Киевт халдлага үйлдсэн гэж тэмдэглэжээ. "Оросын аймшигт пуужин Киев рүү довтоллоо. Хамгийн сүүлд манай нийслэл 1941 онд нацист Германы дайралтад өртөж байсан" гэж Кулеба хэлэв. "Украин тэр бузар мууг ялсан, үүнийг ч ялах болно. Путинийг зогсоо. Оросыг тусгаарла. Бүх хэлхээ холбоогоо тасла. Оросыг бүх газраас хөө" гэж Кулеба нэмж хэлэв. Киев хотын захад их хэмжээний хохирол учирчээ.
Украины Батлан хамгаалах яам Баасан гаригийн 03:00 цагийн байдлаар Орос улс долоон онгоц, зургаан нисдэг тэрэг, 30 гаруй танк, 800 гаруй цэргээ алдсан гэж мэдэгдэв. Амиа алдсан хүмүүсийн тоонд Оросын талаас ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй байна. Киев хотын дарга Виталий Кличко орон сууцны барилга руу пуужин харвасны улмаас гурван хүн шархадсаны нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлэв. Оросын зэвсэгт хүчин Киев хот руу гурван чиглэлээс дайрч байна гэж албаны хүн мэдэгдэв. Мөн зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг тус улсын хоёр дахь том хот болох Харьковын эргэн тойронд тулалдаан болж байв.
Зеленский: Украин өөрсдийгөө хамгаалж дууслаа
АНУ-ын хориг арга хэмжээнд орсон банкууд
Макрон Зеленскийн хүсэлтээр Путинтэй утсаар ярьсан гэв
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины ерөнхийлөгч Зеленскийн хүсэлтийн дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай Пүрэв гаригт утсаар ярьсан гэж мэдэгджээ. Европын холбооны Баасан гаригт болсон дээд хэмжээний уулзалтын дараа Макрон сэтгүүлчдэд “Ерөнхийлөгч Зеленскийн хүсэлтээр би Путинтай шуурхай, шууд, илэн далангүй ярилцсан” гэлээ. Түүний хэлснээр, яриа хэлэлцээний зорилго нь дайсагнах ажиллагааг аль болох хурдан зогсоох хүсэлт байв.
Т.ИСҮ
Эх сурвалж: ТАСС
Оросын хоёр цэрэг баривчлагджээ
Оросын Тэнгисийн цэрэг Могойн арал дээрх Украины заставыг эзлэн авсан гэв
ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Украинд довтолж эхэлсэн өдрөө Одесса хотоос өмнө зүгт 70 орчим милийн зайд орших Хар тэнгис дэх хилийн харуулын жижиг застав болох Могойн арлыг (Зминий арал) эзлэн авав.
Оросын Тэнгисийн цэргийн хүчний “Москва”, “Василий Быков” байлдааны хөлөг онгоцнууд уг байгууламжийг хяналтдаа авахын тулд арлыг тавцангийн буугаар бөмбөгдөж байсан гэж Украины хэвлэлүүд мэдээлж байна. Уг ажиллагааны үеэр Украины 13 хилчин амиа алдсан гэж мэдээлэв. Могойн арал руу хийсэн довтолгоо нь хойд зүгт Чернобылиас зүүн талаараа Донецк, өмнөд хэсэгт Херсон хүртэл Украиныг хамарсан Оросын бүрэн хэмжээний түрэмгийллийн багахан хэсэг юм. Оросын арми хоёрдугаар сарын 24-ний үүрээр олон талт довтолгоо хийснээс хойш газар дээрх байдал хурдацтай өрнөж, Херсон, Харьковын ойролцоо ширүүн тулаан болж, Оросын зэвсэгт хүчин хуучин Чернобылийн атомын станцын газрыг эзлэн авлаа.
Т.ИСҮ
Эх сурвалж:Daily mail
Оросын төрийн байгууллагууд кибер халдлагад өртөв
"Anonymous" хакерын бүлэглэл Оросын Засгийн газартай холбоотой зарим цахим хуудсыг богино хугацаанд устгасан кибер халдлагыг зохион байгуулжээ.
Твиттер дэх “Anonymous” бүлэглэлийн хуудаснаа Оросын суртал ухуулгын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох "RT News" руу халдлага хийсэн гэж мэдээлжээ. "RT.com" хэсэг хугацаанд устаж, эргэн сэргэсэн ч одоог хүртэл доголдолтой ажиллаж байна. Мөн Оросын интернет үйлчилгээ үзүүлэгч "Com2Com", "PTT-Teleport Moscow", "RELCOM", "Sovam Teleport" компаниудын сайт устсан гэж бүртгэгджээ.
2003 онд байгуулагдсан “Anonymous” бүлэглэл хэсэг хугацаанд чимээгүй байсан. Харин энэ удаад эргэн ирж буйгаа зарлан “Anonymous одоогоор ОХУ-ын эсрэг ажиллагаанд оролцож байна. Манай үйл ажиллагаа Оросын засгийн газрыг онилж байна. Үүнд хувийн хэвшлийнхэн ч өртөх нь гарцаагүй” гэв.
“Anonymous” нь дэлхийн өнцөг булан бүрт суух хакеруудын нэгдэл бүлэглэл бөгөөд тэд ул мөргүй, нууцлал сайтай халдлагуудаа хийдгээрээ алдартай. Тус бүлэглэлийн гишүүд Кремлийн "kremlin.ru", ОХУ-ын засгийн газар "government.ru", ОХУ-ын Батлан хамгаалах яамны "mil.ru" зэрэг цахим хуудсыг хаасан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Эдгээр цахим хуудсууд одоог хүртэл ажиллахгүй байна.
Өнгөрсөн Лхагва гаригт Оросын кибер хүчнийхэн Украины хэд хэдэн банк, төрийн байгууллагуудын цахим хуудас руу халдлага зохион байгуулсан гэнэ.
Б.Мөнгөнтамир
эх сурвалж:hstoday.us
Оросын цэрэг Чернобылийн атомын цахилгаан станцыг эзлэв
Дэлхийн хамгийн аймшигт цөмийн гамшгийн голомт болох Украины хойд хэсэгт орших Чернобылийн цахилгаан станцыг Оросын зэвсэгт хүчин хяналтдаа авсан тухай тус бүсийг удирдаж буй албанаас мэдээллээ.
Орос Украинд олон талт халдлага хийж эхэлсэн эхний өдөр цэргүүд үйлдвэрийг эзэлсэн гэж Украины Хорио цээрийн бүсийн менежментийн агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Евгения Кузнецова “CNN” агентлагт ярьжээ.
Тэрбээр өчигдөр өглөө Киев дэх ажлын оффис дээрээ ирээд Чернобылийн цахилгаан станцтай холбогдох гэж удаа дараа үзсэн байна. Гэвч удирдлагууд нь станцыг орхин явснаар холбоо барих боломжгүй болсныг мэдэж, ОХУ-ын цэргүүд эзэлснийг мэдэгджээ. Өмнө нь Украины ерөнхийлөгч Зеленский Оросын тал Чернобылийг эзлэхээр завдаж байна гэж удаа дараа хэлж байв. Мөн Москвагаас Чернобыль орчмын газрыг цэвэрлэж, аюулгүй болгох тушаалыг өгч байсан. Оросын цэрэг Чернобылийн цөмийн реакторыг хяналтдаа оруулах гэж яарсан нь Украинд цэргийн ажиллагаа явуулж болохгүйг NATO-д сануулах зорилготой байж магадгүй гэж албаны зарим эх сурвалж үзэж байна.
Мөн Украины ерөнхийлөгч Зеленский “1986 оны эмгэнэлт явдлыг дахин давтуулахгүйн төлөө манай цэргүүд амиа золиосолж байна” гэж твиттер хуудсандаа бичжээ.
Т.ИСҮ
Эх сурвалж: CNN , UKRIFORM
НАТО Украин руу цэрэг илгээхгүй
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ-ын Украины эсрэг явуулж буй цэргийн довтолгооны эсрэг байр сууриа илэрхийлж, тус байгууллага гишүүн орнуудад заналхийлсэн аливаа аюул заналхийллийн эсрэг хэрхэн тэмцэх талаар зарим дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. “НАТО одоогийн байдлаар Украины нутаг дэвсгэрт цэрэг оруулаагүй бөгөөд цаашид ч оруулах бодолгүй байна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. “Умард Атлантын зөвлөл НАТО-гийн хүчээ шаардлагатай газар руу илгээхээр батлан хамгаалах төлөвлөгөөгөө идэвхижүүлэхээр шийдсэн. Бид цэргүүдээ НАТО-гийн нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт аль хэдийнэ илгээсэн байгаа. Бидний үндсэн үүрэг бол бүх холбоотныг хамгаалах явдал” гэж тэр онцлов. Нато дор хаяж 120 холбоотны хөлөг онгоц, 100 гаруй тийрэлтэт онгоц, олон мянган цэргээ байрлуулж, өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа аж. Украин нь барууны батлан хамгаалах эвслийн түнш мөн боловч НАТО-гийн гишүүн биш юм.
ЕВРОПЫН ХОЛБОО ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ЗӨВШӨӨРЛӨӨ
Европын холбооны удирдагчид өчигдөр /2022.02.24/ Оросын санхүү, эрчим хүч, тээврийн салбарт шинэ хориг арга хэмжээ авч, экспортод хяналт тавихын зэрэгцээ нэлээд олон хүмүүсийг хар жагсаалтад оруулахаар тохиролцов. Тус холбооны 27 удирдагч Брюссель хуралдсан. Тодруулбал, уг хориг арга хэмжээ нь санхүү, эрчим хүч, тээврийн салбар, давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүн, экспортын хяналт, экспортын санхүүжилт, визний бодлого, Оросын иргэдийн нэмэлт бүртгэл, бүртгэлийн шинэ шалгуурыг хамарна гэв.
“ИХ-7” ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНИЙ СҮЙРЛИЙН БАГЦ ГАРГАХААР БОЛОВ
“Их-7”-ийн удирдагчид Орост хариуцлага хүлээлгэхийн тулд хориг арга хэмжээний сүйрлийн багц гаргаж, эдийн засгийн бусад хориг тавихаар тохиролцлоо. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ “Би “Их-7”-ийн түншүүдтэйгээ уулзаж, Путины халдлагын талаар хэлэлцсэн. Орост хариуцлага тооцох хамгийн хор хөнөөлтэй багц арга арга хэмжээг авахаар тохиролцсон” гэв.
АНУ НЭМЭЛТ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг “Бүх дэлхийд санаархаж буй түрэмгийлэгч, ЗХУ-ыг дахин бий болгох буруу мөрөөдөлтэй” гэж тодорхойлсон. Тэрбээр өчигдөр Оросын банк, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Энэхүү хориг арга хэмжээ нь ОХУ-ыг ам.доллар, евро, фунт, иенээр бизнес хийх боломжийг хязгаарлах зорилготой юм. Хориг арга хэмжээнд төрийн дэмжлэгтэй Сбербанк, "ВТБ", "ВЭБ", "ПСБ" тэргүүтэй таван томоохон банк, мөн Оросын элитүүдийн гэр бүлийнхэн багтжээ. "Сбербанк", "ВТБ" банкны эсрэг урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээ авч, тэдний үйл ажиллагааны үндсэн чадавхийг эрс өөрчилж байна. Тухайлбал, ОХУ-ын хамгийн том зээлдүүлэгч болох "Сбербанк" нь АНУ-ын банкуудын тусламжтайгаар мөнгө шилжүүлэх боломжгүй болно.
Банкнуудаас гадна Оросын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг гурван томоохон санхүүгийн байгууллагат хориг арга хэмжээ авлаа. Энэ нь "Откритие", "Новиком", "Совком" нэртэй байгууллагууд бөгөөд нийтдээ 80 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
Эх сурвалж: FOXNEWS, USNEWS, REUTERS,
HOME.TREASURY
Холбоотой мэдээ