ОХУ-ын төрийн өмчит Газпром болон тус улсын үндэсний агаарын тээвэрлэгч Аэрофлот нар Оросын Украинд хийсэн цэргийн ажиллагааны улмаас хохирол амсч эхэллээ. Тодруулбал, Германы "Шальке 04" баг Газпромын логоноос татгалзаж, Английн "Манчестер Юнайтед" баг Аэрофлоттой байгуулсан гэрээгээ цуцлахаар ажиллаж байгаа аж.
"Шальке 04" багийн мэдэгдэлд “Сүүлийн үед тохиосон үйл явдлуудын улмаас "Шальке 04" баг өөрсдийн гол ивээн тэтгэгч Газпромын логог өмсгөлөөсөө хаслаа. Үүний оронд “Шальке 04” гэсэн бичиг байрлах болно” гэжээ.
Газпром нь мөн Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн гол ивээн тэтгэгч бөгөөд Европын хөлбөмбөгийн холбоо өнөөдөр/2022.02.25/ гүйцэтгэх хорооны ээлжит бус хурлаа зарлажээ. Энэ жилийн УЕФА Аваргуудын лигийн финалын тоглолт Санкт Петербургт болох байсан ч цуцлагдсан билээ.
Харин Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, Аэрофлот тус улсад үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. Үүний улмаас Манчестер Юнайтед баг өөрсдийн албан ёсны тээвэрлэгч Аэрофлоттой гэрээгээ цуцлах эрсдэл үүсчээ. Өнөөдөр өглөөний мэдээллээр Манчестер Юнайтед баг 40 сая фунтын гэрээгээ цуцлахаар бэлдэж эхэлсэн гэнэ. "Манчестер Юнайтед", Аэрофлот нар 2013 оноос хойш хамтран ажиллаж эхэлсэн.
Их Британи руу нисэх, тэндээс хөөрөх Аэрофлотын бүхий л нислэгийг хориглож байна.
Холбоотой мэдээ