Доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.
-ОХУ өчигдөр Украин руу дайралт хийсэн. Үүнийг дэлхийн улс орнууд буруутгаж байгаа. ОХУ-ын зүгээс хийсэн энэ алхам дэлхий улс төр, эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-В.Путин АНУ, Европын холбооны удирдлагуудтай биечлэн болон цахим удаа дараагийн уулзалтууд хийх үеэрээ “ОХУ Украинд довтлохгүй гэж амалж байсныг дэлхий нийт мартаагүй байх. Тэр хэлсэндээ хүрсэнгүй. АНУ, НАТО Украинд цэргээ илгээхгүй” гэж удаа дараа мэдэгдэж байсан. В.Путинд үйл ажиллагаагаа эхлэх баттай боломж олгосон нь маргаангүй болов уу. Лондоны цагаар хоёрдугаар сарын 24-ны 16:00 цагийн байдлаар ам.доллартай харьцах рублийн ханш огцом унаж, 86.47, евротой харьцах ханш 97.38 болсон байна. Москва, Санк-Петербургийн биржүүд дээр хувьцааны ханш унаж, хаагдсан байна. Газрын тос брент маркийн 1 баррель нь 104 ам. доллар, WTI 99 ам. долларыг давлаа. 1 унц алт 1945 ам. долларт хүрсэн байна.
-Орос улс өөрөө асар их хохирол амсах нь гарцаагүй. Улс төр судлаачид Орос энэ дайралтыг хийх гэж найман жил цэргийн бэлтгэл хийсэн гэх юм, энэ талаар та ямар байр суурьтай байна?
-ОХУ-ын хувьд Украинд довтлоход найман жил бэлтгэх огт шаардлагагүй. Сүүлийн хоёр сар л хангалттай болов уу. В.Путин ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Луганск, Донецкийн асуудлыг нэлээд дээр шийдэх байсан юм гэж байна лээ. Харин Орос Украины ард түмнийг дэмжиж, В.Путины эсрэг жагсаал хийгээд эхэлж байна. ОХУ-ын цохилтын улмаас Украины цэргийн дэд бүтцийн 74 газар дээрх байгууламж ажиллагаагүй болж, тэдгээрийн дотор Агаарын цэргийн хүчний 11 нисэх онгоцны буудал, гурван командын цэг, тэнгисийн цэргийн бааз, агаарын довтолгооноос хамгаалах "S-300, Бук-М1" системийн 18 радарын станц байсан гэж Москвагийн цагаар 16.30-т батлан хамгаалах яамны төлөөлөгч гэх хошууч генерал Игорь Конашенков мэдээлж байна лээ.
"ТАСС" агентлагийн уламжилснаар Украины газрын тосны ачаа тээврийн хоёр хөлөг онгоц Азовын тэнгист пуужингийн цохилтонд өртсөн гэж Оросын Холбооны аюулгүй байдлын албаны Краснодарын хязгаар дахь хилийн хяналтын мэдээг эш татсан байна. Хэд, хэдэн хот пуужингийн довтолгоонд өржээ. ОХУ мөн Украины эсрэг бүх чиглэлээр кибер дайралт хийсэн байна. Азовын тэнгисийн агаарын орон зайг бүхэлд нь хаасан байна.
-Зарим судлаачид Украин удаан тэсэхгүй, удахгүй Орос өөрийн талын эрх баригчдыг тавина. Барууны хориг улам чангарч, Оросын эдийн засаг бүслэлтэд орно гэж дүгнэж байгаа?
-Дэлхийн III дайн ч гэх юм уу ийм байдлаар ярих хэрэггүй. АНУ, ОХУ хоёр дайтвал асуудлыг энэ хүрээнд ярьж болно. Бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөнүүд бол байнга л гарч байдаг. 2008 оны Бээжингийн зуны олимпийн үеэр Орос-Гүрж хоёр байлдаж, Өмнөд Осет, Абхаз хоёрыг ОХУ тусгаар тогтнолуулсан байдаг. Зүүн Украины зэвсэгт мөргөлдөөн аль 2014 онд хавар эхлээд өнөөг хүртэл үргэлжилж л байна шүү дээ. Шинэ агуулга нь гэвэл Луганск, Донецкт Оросын цэргийн хүч тусгай ажиллагаа явуулж эхэллээ. Киевийг эзэлнэ гэсэн ойголт байхгүй болов уу. Нэмэлт хатуу хоригийн нөлөөгөөр Оросын эдийн засаг хохирол амсах нь гарцаагүй.
-Тэгвэл Орос, Украины зэвсэгт мөргөлдөөний дараа олон улсад ямар өөрчлөлт гарах бол?
-ЗХУ-ын задралын нэгдэх том шалтгаан нь Афганистаныг түрэмгийлсэн явдал. Энэ дайн 10 жил үргэлжилж ялалтгүйгээр өндөрлөсөн. Хоёр дахь нь асар өндөр өртөгтэй зэвсгийн уралдаанд оролцсон. НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага үнэхээр нөлөө үзүүлж чадахгүй байна. 2014 оны хавар Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэхэд ч тэр ийм л байсан. Украины асар том сургамж бол Орос-Өрнөдийн хооронд эрх ашгийн тэнцвэрийг зохист түвшинд барьж чадаагүй нь 2014 оны Майдены өнгөт хувьсгал үр дүн юм.
Олон улсын харилцаа, геополитикийн орчинд урьдчилан таамаглаж болохуйц нөхцөл байдал, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрмээр тоглодог олон улсын дэг журам үндсэндээ алдагдаж эхэллээ. Урьд өмнө байгаагүй цөмийн зэвсгийн сүрдүүлгийн аюул шинээр гарч ирлээ. Их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн жижиг, дунд орнуудыг “хөлдөө чирж”, тэдгээрийг тодорхойгүй төлөв байдалд оруулсаар байна. Төв, Зүүн Европ, хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын тэнгисийн улсууд НАТО-д элссэн нь аюулгүй байдлын хувьд ямар их чухал ач холбогдолтой болохыг Оросын заналхийлэл харуулж байна гэж тэд үзэж байна.
Нөгөө талд энэ мөргөлдөөн бол Орос-Украины зөрчилдөөн гэхээсээ илүүтэй Орос, АНУ, НАТО-гийн зөрчилдөөн юм. ОХУ-ын үйлдэл нь “precedent” буюу “уруу татах, муу жишиг” тогтоож байгаа юм. Ер нь В.Путин дэлхийг донсолгосон буруу хандлагыг тогтоох гэж байна.
Харин үүнд нь Хятад, Казахстан, Турк зэрэг орнууд таатай хандахгүй байгаа болов уу. Цаашид Украины НАТО-д элсэх эсэх асуудлыг нийт украинчуудын санал асуудлгаар шийдэх учиртай.
-Барууны орнууд ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа зарлаж байна. Оросын зүгээс ямар хариу үйлдэл үзүүлнэ гэж та харж байна?
-ОХУ эдийн засгийн хариу хориг арга хэмжээ авах болов уу. 2014 онд ОХУ Өрнөдийн эсрэг хүнсний бүтээгдэхүүний импорт дээр хариу хориг тавьж Европ багагүй хохирол амссан.
–АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Оросын үндэслэлгүй халдлагад өртөж буй Украины төлөө дэлхий нийтээрээ залбирч байна. Ерөнхийлөгч Владимир Путин хүн төрөлхтөнд зовлон авчрах төлөвлөсөн дайны замыг сонголоо. Уг зовлон, үхэл хагацал, сүйрлийн хариуцлагыг Орос дангаараа үүрэх болно. АНУ болон түүний холбоотнууд нэгдсэн арга хэмжээ авна. Дэлхий нийт Орост хариуцлага тооцно" хэмээн мэдэгдсэн. Тэрхүү хариуцлага нь эдийн засгийн хоригоос өөр юу байж болох уу ?
-ОХУ-д олон улсын эрхзүйн ямар хариуцлага, яаж тооцохыг одоогоор хэлэх боломжгүй. Харин Украинд санхүүгийн буцалтгүй тусламж, зээл, зэвсэг техникийн тусламж үзүүлсээр байна.
-В.Путин хуучин Зөвлөлт Холбоод Улсын бүрэлдэхүүнд байсан орнуудад буцааж нөлөөгөө тогтоох хүсэлтэй. Украин ураны хүдрийн батлагдсан нөөцөөрөө Европт эзлэх байр суурь нь нэгт байдаг. Титаны хүдрийн нөөцөөр Европт хоёр дугаар байранд ордог бол дэлхийн хэмжээнд аравдугаар байрт ордог. Энэ нь дайныг эхлүүлэх шалтгаан болсон гэж харах хүмүүс байна л даа?
-В.Путин хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудад байр суурь, нөлөөгөө эргэн тогтоох эрмэлзэлтэй байгаа нь олон жилийн өмнө тодорхой болсон. Донбассын нутаг дэвсгэр бол байгалийн арвин нөөцтэй. Тэгэх тусмаа Донецк нүүрсний баялаг сав нутаг. Гэхдээ ОХУ байгалийн баялгийг нь өөрийн мэдэлд булаан авахын тулд түрэмгийлэл хийсэн гэж дүгнэвэл энэ нь ихээхэн гэнэн хэрэг болно. Бүх зүйл урьдаас бэлтгэсэн зохиолоор явагдаж байна гэж хэлэхээр байна.
Киевийн хяналтаас ОХУ-ын шууд дэмжлэгтэйгээр найман жил de facto салан тусгаарлагдаж байсан Луганск, Донецкийн салан тусгаарлагчдыг хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг Төрийн Дум ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, ҮАБЗ сайшааж, В.Путин зарлигаар баталгаажуулж, Холбооны хурал соёрхон баталсан. Ийнхүү ОХУ дурьдсан салан тусгаарлагчдын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоож, холбоотны гэрээ байгуулсан. Дараа нь хоёр АБНУ-ууд ОХУ-аас цэргийн тусламж хүсч, Оросын зэвсэгт хүчнийг хилийн чанадад ашиглах В.Путины хүсэлтийг Холбооны хуралд хэмжиж, дурьдсан бүс нутагт “цэргийн тусгай ажиллагаа” явуулах эрхзүйн үндэс бүрдсэн. Бүр Беларусын цэргийн хэсэг Донбасст энхийг сахиулахаар оросын цэрэгтэй хамт орж ирсэн мэдээ явж байна лээ. Мэдээж НАТО Дорно зүгт тэлж байгаатай холбоотойгоор ОХУ Өрнөдөөс аюулгүй байдлын баталгаа шаардсан нь гол учир шалтгаан юм.
-Хөрш оронд үүссэн энэ нөхцөл байдал манайд ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү?
-Мэдээж, газрын тосны үнийн өсөлт Монголын хувьд сөрөг нөлөө үзүүлэх ч унц алтны үнийн өсөлт таатай мэдээ байх болов уу. Европоос импортоор орж ирэх, Монголоос Европын холбоонд экспортлох бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэй асуудал эрсдэлтэй. Монгол Улсын үндэсний эрх ашгийг хөндөөгүй, хөрш болон бусад гүрнүүдийн маргаанд оролцохгүй гэдгээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан байдаг. Монгол Улс, ОХУ-ын хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ