Украин-Оросын талаарх улс орнуудын байр суурь

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

Украин-Оросын талаарх улс орнуудын байр суурь

Украин-Оросын талаарх улс орнуудын байр суурь

Украин-Оросын талаар улс орнуудын төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд ямар байр суурьтай байгааг та бүхэнд хүргэе.


АНУ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж, дэлхийн улс орнууд Оросын цэргийн довтолгоонд хариуцлага тооцно гэж мэдэгдэв. Тэрбээр энэхүү халдлагыг “өдөөн хатгасан, үндэслэлгүй” гэж тодорхойлжээ.

Жо Байден “Оросын цэргийн хүчний үндэслэлгүй, өдөөн хатгасан халдлагад өртөж буй Украины ард түмний төлөө залбиръя. Энэ дайралтын улмаас учрах үхэл, сүйрлийн хариуцлагыг зөвхөн Орос л хүлээнэ. АНУ болон түүний холбоотнууд, түншүүд нэгдсэн бөгөөд тэдний эсрэг шийдэмгий байдлаар хариу арга хэмжээ авах болно. Дэлхий нийт Орост хариуцлага тооцох болно” гэв.

Их Британи

Их Британи болон түүний холбоотнууд мөн Орост шийдэмгий хариу өгнө гэж тус улсын ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн. Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Украинд болж буй үйл явдалд санаа зовж буйгаа илэрхийлж, Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй холбогдож, дараагийн алхмуудын талаар ярилцсан аж.

Борис Жонсон твиттер хуудаснаа “Ерөнхийлөгч Путин Украины эсрэг ямар ч үндэслэлгүй дайралт хийснээрээ цус урсгах сүйрлийн замыг сонголоо. Их Британи болон манай холбоотнууд тэдэнд эрс шийдэмгийн хариу барих болно” гэж жиргэжээ.

Франц

Франц мөн Оросыг буруушаасан. Тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн твиттер хуудаснаа “Орос улс цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой” гэж мэдэгдэн, Орос “дайн хийх” шийдвэр гаргасан гэв. Тэрбээр “Франц Украинтай эв санааны нэгдэлтэй байна. Украинчуудын талд зогсч, түншүүд болон холбооднуудтайгаа хамтран дайныг зогсоохоор ажиллаж байна” гэжээ.

Итали

Италийн ерөнхий сайд Марио Драги Оросыг шүүмжлэн Европ болон НАТО яаралтай хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж мэдэгджээ. Тэрбээр “Италийн Засгийн газар ОХУ-ын Украинд хийсэн дайралтыг буруушааж байна. Энэ бол үндэслэлгүй, зөвтгөх аргагүй үйлдэл. Итали улс Украины ард түмэн, байгууллагуудтай энэ аймшигт мөчид ойр байх болно. Бид Европ болон НАТО-ийн холбоотнуудтай нэн даруй, шийдэмгий байдлаар хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэв.

Япон

Японы ерөнхий сайд Фүмио Кишида Оросын Украинд хийсэн дайралтыг буруушааж, “олон улсын дэг журмын суурийг ганхуулж байна” гэж тодорхойлжээ. Тэрбээр “Оросын дайралт нь олон улсын дэг журмын үндсийг ганхуулж байгаа учир нөхцөл байдлыг өөрчлөх оролдлого хийж буй нэг талын үйлдлийг зөвшөөрөхгүй. Бид Оросыг эрс буруушааж байна. Бид олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа АНУ-тай хүчин чармайлтаа нэгтгэн, энэ асуудлыг шуурхай шийдвэрлэх болно” гэжээ.

Европын холбоо

Европын холбооны удирдагчид Оросыг шүүмжилж, “Европт эргэн дайныг авчирлаа” гэж тодотгон Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа амласан. Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен өөрийн твиттер хуудаснаа “Бид ерөнхийлөгч Путиныг Европын аюулгүй байдлын бүтцийг нураахыг зөвшөөрөхгүй” гэжээ. Харин Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррель ерөнхийлөгч Путинд хандан “утгагүй түрэмгийллээ” зогсоохыг уриалан “Энэ бол дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Европын хамгийн хар бараан цаг мөчүүдийн нэг” хэмээн ярив.

Урсула фон дер Ляйен мэдэгдэлдээ “Бид Оросын эдийн засгийн стратегийн гол секторуудын зах зээл, технологид нэвтрэх боломжуудыг хаах болно. Үүнээс гадна бид Европын холбоон дахь Оросын хөрөнгийг царцааж, Оросын банкуудын Европын санхүүгийн зах зээлд нэвтрэхийг зогсооно” гэжээ. Үүнийхээ эхлэл болгон Кремлийн албаны хүмүүс, хууль тогтоогчид болон тус улсын гурван банкны Европын санхүү, хөрөнгийн зах зээлд нэвтрэх эрхийг хязгаарлаад байна.

НАТО

НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ-ын Украинд хийсэн халдлагыг буруушааж, “тоо томшгүй олон энгийн иргэний амь насыг эрсдэлд оруулж байна” гэж шүүмжилжээ.

Тэрбээр “Энэ бол олон улсын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд Евро-Атлантын аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. Бид удаа дараа анхааруулж, дипломат замаар уйгагүй хүчин чармайлт гаргасан ч Орос үл тоож, тусгаар тогтносон улсын эсрэг түрэмгийлэл үйлдлээ. Бид мөн Беларусийг ийм халдлагыг зөвшөөрснийг буруушааж байна” гэжээ.

НАТО хуурай газрын болон агаарын хүчин мөн түүнчлэн тэнгисийн хүчээ нэмэгдүүлж эхэлсэн.

Герман

Германы канцлер Олаф Шольц “Энэ бол Украины хувьд аймшигтай өдөр, Европын хувьд хар өдөр” гэж тодотгожээ. Германы гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Бүх үйл явдалд бэлтгэсэн” гэдгийг зарлаж, G7, НАТО, Европын холбоо хамтран хориг арга хэмжээг зохицуулах, аюулгүй байдлын хэмжээг бууруулах чиглэлээр хамтран ажиллана гэж мэдэгдэв.

Сүүлийн жилүүдэд Герман, Орос улсууд худалдаа, эрчим хүчний харилцаагаа өргөжүүлсэн бөгөөд дээрх үйл явдлын дараа Оросоос Герман руу байгалийн хий тээвэрлэх зорилготой 11 тэрбум ам.долларын өртөгтэй “Умард Урсгал II” төслийг зогсоохоо Берлиний тал мэдэгдлээ.

Израиль

Израилийн гадаад хэргийн сайд Яир Лапид Оросын үйлдлийг буруушааж, Украины ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэжээ. Тэрбээр “Изриал улс Орос, Украинтай гүн гүнзгий, урт удаан, сайн харилцаатай. Тус хоёр улсад хэдэн арван мянган израилчууд, еврей хүмүүс бий. Тэдний аюулгүй байдал хангах нь мөн бидний анхаарах асуудал” гэжээ.

Хятад

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин Бээжин хөшигний ард Москваг дэмжиж буй гэх санааг үгүйсгэсэн. Тэрбээр ярихдаа “Бид Америк шиг Украинд их хэмжээний цэргийн техник нийлүүлэхгүй. Орос хүчирхэг гүрэн учир Хятад болон бусад улс орнууд тэдэнд цэргийн тусламж үзүүлэх шаардлагагүй. Хятад улс өнөөдөр Украинд болсон үйл явдлыг болоосой гэж хүсээгүй” гэжээ.

Харин Хятадаас НҮБ-д суугаа элчин сайд Жан Жүн НҮБ-ын аюулгүйн зөвлөлд үг хэлэхдээ бүх талуудыг тэвчээртэй байж, хурцадмал байдлаас зайлсхийхийг уриалав. Тэрбээр “Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх үүд хаалга бүрэн хаагдаагүй, хаагдах ч ёсгүй” гэжээ.

Энэ долоо хоногийн Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин өөрийн твиттер хуудаснаа Тайванийн эрх баригчдыг Украины асуудлыг өөрт ашигтайгаар ашиглахыг оролдохгүй байхыг анхааруулж, “Тайвань бол Украин биш” гэв. Мөн Хятадын Хятадын гадаад хэргийн яамны өөр нэгэн төлөөлөгч Жао Лиажин олон нийтийн сүлжээнд АНУ-ын хийсэн дайн, цэргийн ажиллагааны жагсаалтыг нийтэлж, “Дэлхий дахинд хэн бодит аюул заналхийлж байгааг хэзээ ч бүү мар” гэжээ.

Канад

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Оросын өдөөн хатгасан үйлдлийг Украины бүрэн эрхт байдалд заналхийлж, олон улсын хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэв. Тэрбээр мэдэгдэлдээ “Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Украины ард түмэн өөрсдийн ирээдүйгээ чөлөөтэй тодорхойлох ёстой. Оросын увайгүй үйлдэл шийтгэлгүй үлдэхгүй” гэжээ.

Өмнөд Солонгос

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай оролцогчийн хувьд Өмнөд Солонгос улс зэвсэгт түрэмгийллийг таслан зогсоох, нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн эдийн засгийн хориг арга хэмжээ болон олон улсын бусад хүчин чармайлтыг дэмжиж нэгдэх болно” гэжээ.

Иран

Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан ОХУ-ын талд байгаа мэт мэдэгдэл хийж, удахгүй болох хямралд НАТО-г буруутгав. Тэрбээр твиттер хуудаснаа “Украины хямрал НАТО-ийн өдөөн хатгалтаас үүдэлтэй. Гал зогсоож, улс төрийн хүрээнд ардчилсан шийдэлд хүрэх нь зайлшгүй зөв” гэжээ.

Финланд

Финландын ерөнхийлөгч Саули Ниинистё Оросын халдлагыг хатуу зэмлэн буруушааж, энэхүү халдлагыг Украинд төдийгүй Европын бүх аюулгүй байдлын тогтолцоонд халдсан гэж тодорхойлсон байна. Мөн тэрбээр Швед, Норвеги зэрэг Скандинавын орнуудын удирдагчид нэгдсэн байр суурьтай байгаа гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж