"Түүхэн, уран зөгнөлт кино зураачийн ур чадварыг шавхдаг"

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

"Түүхэн, уран зөгнөлт кино зураачийн ур чадварыг шавхдаг"

"Түүхэн, уран зөгнөлт кино зураачийн ур чадварыг шавхдаг"

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор тайз, дэлгэцийн зураач мэргэжилтэй залуу уран бүтээлчийг онцолж байна.

Тэрбээр “Уран бүтээлч болгон өөрсдийн уур амьсгалтай, дүр дүрслэлтэй, өнгөтэй, зураастай байдаг. Энэ л уран бүтээлчдийн ялгарал, урлагийн хязгааргүй орон зай” хэмээн өгүүлэх түүнийг Л.Батбилэг гэдэг. Ингээд түүний сонирхолтой ярилцлагыг уншигч танаа хүргэе.


ЛХАГВАСҮРЭН БАТБИЛЭГ: 1989.09.30

Төгссөн сургууль:
СУИС-ийн ДУДС-ийг тайз, дэлгэцийн зураач мэргэжлээр /2011 он/

Тайванийн үндэсний их сургуулийн урлаг судлалын ухааны магистр /2015 он/

Мэргэжил:
Тайз, дэлгэцийн зураач

Одоо эрхэлж буй ажил:
СУИС-ийн багш

Сошиал хуудас:

Batbileg Lkhagvasuren /Babi/ /фэйсбүүк/

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИХГҮЙ ЮУ?

-Бага наснаасаа л зураг зурах гэж оролдож, бага багаар сайжирч, маш олон дэвтэр дуусгадаг байж билээ. Ер нь зураг зурах дуртай хүүхэд байсан даа. Алдарт зураач Пикассо“Хүүхэд болгон уран бүтээлч төрдөг. Харин өсч торних явцдаа авьяасаа гээдэг” гэдэг. Миний хувьд нэгдүгээр ангиасаа зургийн дугуйланд ээж маань оруулж эхлэсэн байдаг. Гавьяат багш Н.Бавуужав, Б.Булганбаатар анхны багш минь. Сургуулийн багш нар маань намайг дэмжиж, урам өгдөг байлаа.

Манай аавын талд урлагийн хүмүүс байсан гэдэг. Аав ээж, гэр бүлийн маань зүгээс надад маш их эрх чөлөөг олгож, дэмжиж урам зоригоор дүүрэн өсгөсөн. Тэр бүхэн маань мөрөөдлөөрөө амьдрах, эргэлзээгүй тууштай энэ зүйлд дурлах, ажиллах хүчин зүйл маань болсон байх.

АНХНЫ АМЖИЛТ

-Их сургуульд элсэн суралцсан маань анхны амжилт юм уу. Би чинь хоёр сургуульд сурсан. Нэг нь Дүрслэх урлагийн дээд сургуульд анх шалгалт өгч олон хүүхэдтэй өрсөлдөж, тэнцсэн мөч сайхан байсан. Үүний эцэст зураач Н.Содномдорж багшийнхаа шавь болж мэргэжлийн гэдэг үгийн суурь үндэс болох бүх л зүйлийг сурсан даа. Хүний хөгжих том сорилт бол их сургууль. Их сургуульд тэнцэхийн тулд өөрийгөө бүрэн дайчилж, анхны шалгуураа давсан, сургуулиа төгссөн гээд энэ бүгд гайхалтай сайхан байдаг. Миний хувьд гэр бүл, багш нараа баярлуулах мөч маш сайхан. Харин яг одоо улам урагш тэмүүлж өөрийгөө хувь хүн талаасаа хөгжиж, мэдлэг ур чадвараа сайжруулах тал дээр анхаарч байна.

Их сургуулиа төгссөнөөс хойш Монголын уран зургийн галерей, Урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг үзэсгэлэнгүүдэд оролцдог. Энэ бол миний ажлын чухал хэсэг. Миний хувьд тайз, дэлгэцийн зураачаа, уран зургаа орхигдуулахгүйгээр хослуулахыг хичээдэг. Түүхээ сөхвөл, бидний өмнөх үеийн Л.Гаваа, Доржпалам, П.Цогзол О.Мягмар О.Пүрэвсүх гэх мэт театр, кино, уран зургийн салбарт их зүйлс бүтээсэн агуу мастерууд, зураач бий. Тэр дунд тайз, дэлгэцийн зураач гээд нарийн мэргэжил болж задардаг. Энэ амар биш яагаад гэвэл нийлмэл урлаг учраас маш олон мэргэжлийн хүмүүсийн дундаас бүтээл төрнө.  Миний хувьд нэг салбараа дагнаж болох ч би энэ мэргэжлийн улбааг өөрийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж өмнөх үеэсээ суралцаж, хойч үедээ нэг шат гүүр болохыг зорьдог.

-ЯМАР БҮТЭЭЛҮҮДЭД ЗУРААЧААР АЖИЛЛАВ?

-Уран зургийн бие даасан үзэсгэлэн нэг удаа, /WSD/ олон улсын фестиваль, мөн олон удаа хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан. Тайз дэлгэцийн бүтээлийн хувьд “Чингис хаан” бүжгэн жүжиг /Казахстан Наз Театр/ “Гэм зэм” пост драма “Хайрын гурван уул”туульсийн жүжгүүдэд ерөнхий зураачаар ажиллаж “Сүүлчийн бүжиг” уран сайхны киноноос туслах зураачаас эхлээд "Ану хатан”, “Содура”, “Хөх тавилан” “Сүүн замын сахиул” “Чин ван Ханддорж” “Сингли лэйдис 4” “Хотулун гүнж” гээд нийт 25 кинонд ерөнхий зураач болон хувцасны зураач, тайзны зураачаар ажилласан байна.

-ТАЙЗ ДЭЛГЭЦИЙН ЗУРААЧ ТАЙЗНЫ АРД ЯМАР АЖИЛ ХИЙДЭГ ВЭ?

-Тайз дэлгэцийн бүтээлд авторийн ажил гэж байдаг. Зохиол бичих, тэр зохиолыг хэрхэн зураг, дүрслэлээр бодит болгох вэ гэдгийг зураач хийдэг бол тэр киног, жүжгийг найруулагч найруулдаг. Энэ суурь ажил дээр бүтээл цаашаа дэлгэрч өрнөж төрдөг. Миний салбар нь зохиолын үйл явдал ямар он цагт өрнөж байгаа вэ, үйл явдлын агуулга нь юу вэ? уур амьсгал нь ямар вэ гэдгийг өөрийн дүрслэх урлаг талаас нь илэрхийлнэ. Тэр бүх үйл явдал, зохиолд гарч буй дүрүүд ямар хэв шинжтэй, өөр хоорондоо эерэг эсрэг оршиж, ямар өнгө дизайнтай, зохиомж,хэлбэртэй, ямар характертай байх гээд хувцас, дүрийн характерийн хувьд. Бас ямар орчин байх вэ. Тухайн үйл явдал хэддүгээр зуунд эсвэл зөгнөлт сэтгэхүйн сэдэв дээр зураач орчны санаануудыг бүх загваруудыг бүтээнэ.Тэр загваруудаа багаараа хэлэлцэж, орчныг хиймлээр бүтээнэ гэсэн ажиллагаа.

Сүүлд “Хотолун” гүнж түүхэн уран сайхны киноны ерөнхий зураачаар ажилласан. Түүхэн кино хийхэд олон хүний нөр их хөдөлмөр орно. Хотолун гүнж бол алтан ургийн гүнж бөгөөд мэргэн ухаан, баатарлаг зоригтой өв тэгш төрсөн эмэгтэй гэж түүхэн тэмдэглэлд бичсэн байдаг. Дэлхий дахинд энэ гүнжийн талаар монгол ахуйгаас таамаглал төдий зурагласан европын дүрүүд бий. Тэр дүрүүд тэс буруу харагддаг. Бас Солонгос жүжигчний дүрээр нэг Хотулун бий. Харин өнөөдөр энэ түүхэн дүрийг монголчууд өөрсдөө гаргаж ирж байгаагаараа онцлог. Тухайн үеийн судалгаан дээр ажиллах баримт дээр суурилсан хөгжүүлэлтийг хийж, уран сайхны арга, сэтгэлгээгээр киногоо хийж Монгол эмэгтэй баатрын дүрийг түүхэн бөгөөд домог туульсийн зохиролийг нэгтгэж сэтгэлгээний дүр болгож бий болгосон. Энэ зун хийсэн энэ кино маань Германы Бэрлиналь наадам, кино маркетид Дэлхийн 800-гаруй киноноос Монголоос анх удаа оролцож худалдаалагдах хэлэлцээр хийгдэж байна. Мөн Венецийн кино наадамд оролцож байгаа нь том амжилт юм. Цааш цааш олон сайн мэдээ дуулгах байх.

-ОРЧИН ҮЕД ЗУРААЧИЙН АЖЛЫГ КОМПЬЮТЕР ГРАФИКААР ХИЙЖ БОЛСОН УУ?

-Үндсэн суурийг нь зураач хийж байгаа. Зураачийн үндсэн ажил, арга техникийг компьютер графиктай хослуулж ашигладаг. Зураач дүрийн үндсэн төрхийг бүтээсний дараа орчны давхар хөгжүүлэлтийг компьютерын аргаар хийдэг.

-УРЛАНГИЙН ХОЙМОРЫГ ЭЗЭЛЖ БУЙ БҮТЭЭЛЭЭ ТАЙЛБАРЛАЖ ӨГӨӨЧ. ХАРААХАН ДУУСААГҮЙ БАЙГАА БОЛОЛТОЙ?

-Энэ бүтээл хараахан дуусаагүй байгаа. Туульч өвгөнийг дүрсэлж байгаа юм. Монголчууд туульч өвгөн гэхээр морин хуур, икэл тоглож байгаагаар төсөөлдөг бол миний бүтээлд алтайн ятга тоглож буй. Ятга хөгжмийг монголчуудаас хол дорно дахины хөгжим гэж ойлгодог. Монголчууд өөрсдөө хөгжмийн өв соёлтой ард түмэн байсан гэдэг үүднээс Ховд аймгаас олдсон XIII зууны үеийн алтайн ятгыг сонгосон.

Ятга хөгжмийг дүрслэл болгон уран сайхны дүртэй уялдуулж бүтээж буй. Бүтээлдээ хараахан нэр өгч амжаагүй. Алтайн сүрлэг өндөр уулс дунд хөгжмийн эгшиг манантай сүлэлдэж байгааг дүрсэлсэн.

-ЗУРААЧ МЭРГЭЖИЛ ДУНДАА ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ЗУРААЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ЗАЛУУС ХЭР ОЛОН БАЙДАГ ВЭ?

-Тайз дэлгэцийн зураач гэхээр дотроо салбарын хуваарилалт яваад байгаа. Монголд мэргэжлийн статусын хэмжээ алдагдсан. Жишээлбэл зураач мэргэжил дотроо олон чиглэлд задарна. Гадаадын кинонд арт директор гэдэг хүн үндсэн санааг хайдаг бол продакшн дизайнер нь үндсэн баг бүрэлдэхүүнийг удирддаг бол хувцас жижиг хэрэгсэл, зэр зэвсэг, орчин, талбайн зураач гэж задардаг. Тэр утгаараа түүхэн кинонд зураачийн нарийн ажиллагаа шаарддаг. Бусад төрөл дээр зураач байдаг ч цөөн тоогоор ажилладаг.

Түүхэн зөгнөлт төрөлд зураачийн ур чадварыг шаарддаг. Кино зураг авалт эхлэхэд зураачдын хомсдол их шүү. Зураач олдохгүй. Нэг түүхэн кино хийхэд 5-10 зураач ажиллана. Хөнгөн жанрын кинонд 1-3 зураач ажиллана. Манай мэргэжлийн хүний нөөц бага байдаг. СУИС, КУИС гэсэн цөөн их сургуулиуд зураач бэлтгэдэг ч эрэлт ихтэй байдаг. Нөгөө талаараа тайз дэлгэцийн зураачаар сурах сонирхол бага байна. Зарим залуус их шантардаг. Олон хүний нийлмэл урлаг их хэцүү. Заримд нь чөлөөт уран бүтээлч хийгээд явсан нь амар байдаг байх.

ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛААЧ.

-Манай аавыг Л.Лхагвасүрэн гэдэг. Ээжийг О.Сангисүрэн гэдэг. Би айлын бага хүү. Дээрээ ах, эгч нартай. Гэр бүлээс урлагийн хүн байхгүй.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Би багадаа морин хуур хөгжим тоглодог байсан. Оюутан болоод шууд уран зургийн ертөнц рүү орж бусад сонирхлоо орхигдуулсан байсан. Одоо бол хөгжмөө сэргээж эхэлсэн. Би зураг зурахдаа байнга хөгжим сонсдог. Би чихэвчээ зүүгээд орчны чимээ шуугиан, орон зайгаас тусгаарлагдаж байж надаас эрч хүч гардаг. Би хөгжимд дуртай. Бас түүх сонсоно, шинжлэх ухаан, зөгнөл сонсоно. Чөлөөт цагаараа найзуудтайгаа уулзах дуртай. Шинэ юм ярьж, байж боломгүй зүйл төсөөлж, байнга өөрийгөө хөгжүүлэх арга замыг эрэлхийлдэг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Уран бүтээлч болгон өөрсдийн гэсэн уур амьсгалтай, дүр дүрслэлтэй, өнгөтэй, зураастай байдаг. Энэ л уран бүтээлчдийн ялгарал, урлагийн хязгааргүй орон зай. Би зургадугаар сард анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөчихсөн ойрын хэдэн сар урландаа зургаа зурж байна.

Миний энэ удаагийн үзэсгэлэн домог зүйн нууцлаг ертөнц, зүүд зөн совин гэх мэтийг дүрслэл зохиомжоор өгүүлнэ. Тэр тусмаа эртнээс монголчууд үлгэр домгийн ард түмэн. Хүүхдүүд нь туульс сонсч, өөрсдийн ертөнц, тархийг нээж өсдөг. Өмнө нь 2014 онд Тайван улсад суралцаж байхдаа нэг үзэсгэлэн гаргаж байсан. Монголдоо хамтарсан олон үзэсгэлэнд оролцож байсан ч энэ удаа анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна.

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ

-Хүний амьдралыг зорилго, мөрөөдөл улам илүү хөглөж, өнгөтэй болгодог. Нэг зүйл хийсэн бол дараагийн шинэ зорилгоо тодорхойлж, эхэлнэ. Миний зорилго бол өөрт байгаа өөрийн гэсэн орон зайдаа өөрийгөө хөгжүүлэх, тэгээд амьдралаа хөгжүүлэх. Урлаг гэдэг зүйл цаг үргэлж шинэчлэгдэж, шинэ давалгаа үүсч байдаг, урлагийн түүх ч өөрөө үүнийг гэрчлэнэ. Тиймээс залуу уран бүтээлчдийн төлөөлөл болж, өөрийнхөө уран бүтээлээр хуучнийг давтах биш шинэ санаа дэвшүүлсэн л зүйл бодох нь чухал Жишээлбэл “Гэм зэм” жүжигт тайзны урлагт бид инженерийн технологийг ашигласан.

Тайз буюу сценограф нь үзэгдэл хаагдаж, дараагийнх нээгддэг тэр хооронд тайз засдаг гэдэг уламжлалт хэв маяг байнга байгаад байж болохгүй. Харин үзэгчийн нүдэн дээр тайз автоматаар өөрөө хөдлөгч машин болж, нэг хэлбэр олон хэлбэрт солигдож дээшээ өндөр болж сунаж, буух доороо эргэх, урагшаа хойшоо хөдлөх, автомат шат буух гээд хүний ямар ч гар оролцолгүйгээр өөрөө удирдлагаар тоглогдож байсан нь шинэ мэдрэмж төрүүлсэн ажил болсон гэж үзэгчдэд хүрсэн байна лээ. Энэ бүхэн үзэгчдийн сонирхлыг татсан гэдэг итгэлтэй байна. Монголын тайз, дэлгэцийн урлагийн хөгжилд шинэ зүйл л хэрэгтэй байна. Жишээлбэл, боловсон хүчин, хүний нөөц, шинэ технологи гэх мэт. Байдаг л зүйл, хийдэг л ажлаа давтаад байвал хөгжихгүй шүү дээ. Ер нь шинэ үеийн үзэгч, ийм зүйлсийг нэхэж байгаа нь ойлгомжтой.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Минии хувьд өглөө эрт босохоос л бүх зүйл эхэлнэ. Тэр бүхнээс чиний ажлын зорилго, амьдралын өнгө төрх чинь тодорхойлогдоно. Бас нэг зүйлээр ханах биш нэг зүйл хийсэн бол сайн бас зэргэцээд нөгөөг яаж болохыг аль хэдийн дотроо боловсруулсан байх нь хэрэгтэй.

“Эргэлзээ бол уран бүтээлчийн ургах хөрс” гэдэг үг бий. Тийм учраас миний хувьд байнга эргэлздэг, нээх ханаад болчлоо гээд байдаггүй. Тэр дундаас тайллаа олж, чадвар сууж, туршлагад суралцдаг.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж