Цахилгаан шатны аюулгүй байдлыг шалгаж, хянадаг газар байна уу!

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

Цахилгаан шатны аюулгүй байдлыг шалгаж, хянадаг газар байна уу!

Цахилгаан шатны аюулгүй байдлыг шалгаж, хянадаг газар байна уу!

Цахилгаан шат гацлаа, гэмтлээ, уналаа гэх таагүй мэдээ мэдээлэл чихнээс “хонх” уях болов. Сар шинийн өмнө гурван настай хүү лифтний хонгил руу унаж, харамсалтайгаар амь насаа алдсан. Тухайн үед барилга барьсан компани, хүлээж авсан Улсын комисс, лифтийг хариуцаж буй СӨХ гээд хамаарч болох бүх байгууллагынхан “арьсаа хамгаалах”-аас өөр дорвитой ажил хийгээгүй. Ийм байтал дахин лифт гацаж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх дөхлөө. Золоор цахилгаан шатанд гацсан хүмүүс хаалгыг хүчээр онгойлгож гарч байгаа  бичлэг өчигдөр /2022.02.24/ нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ тухай иргэн “Унаад үхэх шахлаа. Ус уух хувьтай л байж. Амьд гарсандаа баярлав. Бизнес тауэрын лифт бол хүн алах юм байна. Лифтний тороосыг ямар давтамжтай солих юм бэ. Лифтний үзлэг,шалгалт хийдэг газар гэж байна уу? гэж асууж байсан юм. Харамсалтай нь  хамаарах байгууллагууд нь өмнөх шигээ  “арьсаа хамгаалж” асуудлаас зугтаж байна.

ЦАХИЛГААН ШАТ ГАЦАЖ ЭВДЭРСЭНД ИРГЭД БУРУУТАЙ ЮУ?

 “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-аас “Манай байгууллага нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа цахилгаан шатны ажилд хяналт тавьдаг. Мөн СӨХ-той байгуулсан гэрээний үндсэн дээр лифтнүүдэд засвар үйлчилгээ хийдэг. Бид зөвхөн гэрээт СӨХ-ны лифтэнд засвар хийж байгаа. "Business Tower"-той манай байгууллага гэрээгүй болохоор тухайн лифтний асуудал манайд хамаарахгүй” гэх тайлбар өгөв. Түүнчлэн Нийслэлийн онцгой байдлын газарт дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй гэнэ. Цагдаагийн байгууллагаас хүний амь эрсдээгүй тохиолдолд цахилгаан шатны ослыг “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ хариуцна гэх. Мөн цахилгаан шатны аюулгүй байдалд хяналт тавьж хариуцах ёстой СӨХ-ны зарим төлөөлөл дээрх асуудалд өөрсдийгөө өмөөрч, иргэдийг буруутгах янзтай. Тэдний төлөөлөл  СӨХ-ны Гүйцэтгэх захирал Г.Аззаяа “Иргэдийн дунд лифт уналаа гэх ташаа ойлголт байдаг.

Гэхдээ 2005 оноос өмнөх ОХУ-ын цахилгаан шатанд л троос тасрах асуудал гардаг байсан. 2005 оноос хойшхи лифт автомат тохиргоотой, кабинаа хааж гацдаг  болохоос тороос байхгүй. "Бизнес тауэр"-ын лифт унасан гэх бичлэгийг харахад маш осолтой нөхцөлд хаалгыг буруу нээж гарч байна.

Давхар дунд зогссон үед маш эвгүй бууж байгаа нь  амь насаа алдах маш өндөр эрсдэлтэй. Муугаар бодоход лифт давхар дунд гацсан үед хаалгыг хүчээр нээж гарах гэж оролдсон үед гэнэт ажиллаж эхэлбэл шууд амиа алдана. Хонгил руу унах, аюултай. Тиймээс лифт гацсан үед хаалгыг хүчээр нээх нь маш буруу., Мэргэжлийн хүнийг дуудах ёстой. Лифт гацсан үед хүмүүс айж, цочирдох шоконд орох байдал ажиглагддаг. Харин бичлэгээс харахад  лифтээс гарч байгаа хүмүүс хоорондоо инээлдэж, давхар дунд зогссон үед нь лифтний хаалгыг хүчээр нээх нь бусдад буруу үлгэр дууриалал төдийгүй нийгмийг айдаст авхуулж байна.

Хэрэв тус лифт камертай бол дотор нь зорчигчид үсэрч дэвхцэж, ноцолдох зэрэг үйлдэл гаргасан бол автоматаар гацна. Ийм үйлдлийг хүүхдүүд нийтлэг гаргадаг. Камер шүүж байхад хүмүүс лифтэнд үсрэх, нэгийгээ хүлээж удаан хугацаанд хаалгыг нээж зогсох зэргээр лифтийг гацаадаг.

Нөгөө талд, лифт ажиллуулах тусгай зөвшөөрлийг замбараагүй олгож, мэргэжлийн бус хүмүүс лифт импортолж угсардаг нь эргээд хариуцах эзэн олдохгүй байна. Нэг эд анги нь эвдэрлээ гэхэд СӨХ-нд засуулах мөнгө төгрөгийн бэрхшээлтэй байдаг. Мөн стандартаар сард нэг удаа орон сууцны лифтийг тогтмол шалгах ёстой. Энэ зардлыг оршин суугчид бүрдүүлэх ёстой ч хангалтгүй байдаг. Улмаар эвдрэл гэмтэлтэй цахилгаан шатыг завсарлуулж чаддаггүй гацдаг. Ихэнх сууц өмчлөгчдийн холбоо гол зогоох л байдалтай байна. Мэдээж, эвдрэл гэмтэлтэй шаардлага хангахгүй лифт байвал шууд л зогсоодог. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ч бас цахилгаан шатны үйл ажиллагаанд хяналт тавих нь цөөхөн. Хянуулъя, зөвлөмж авъя гэж дуудлага өгөхөд ирдэггүй. Миний харснаар цахилгаан шатны чиглэлээр мэргэшсэн улсын байцаагч цөөхөн болов уу” гэв.

НМХГ  ӨРГӨХ МЕХАНИЗМ ХАРИУЦСАН ХОЁР Л МЭРГЭЖИЛТЭНТЭЙ

Улсын хэмжээнд 7000 гаруй лифт байдгаас 6000 нь нийслэлд бүртгэлтэй. Эдгээр лифтний угсралт, засвар, ашиглалтын үйл ажиллагааг хариуцдаг 160 орчим аж ахуйн нэгж байдаг ч 50 гаруй нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар 1976-1986 оны хооронд суурилуулсан насжилт нь дууссан 130 орчим лифт бий. Уг нь цахилгаан шатны аюулгүй байдал, стандартад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хяналт тавих үүрэгтэй. Гэвч тус байгууллагад уг асуудлыг хариуцсан   ердөө 2 мэргэжилтэнтэй. Иймд нийслэл дэх цахилгаан шатнуудыг хянаж “чадахгүй” гэдгийг ч албаны эх сурвалж мэдээлсэн. Харин хариуцсан улсын байцаагч нь “Бид цахилгаан шаттай холбоотой гомдол мэдээлэл өгсөн дуудлага бүрт ажилладаг” гэснээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзав. Тус газрын тухайд 17:00 цагтай уралдаж “ажлын цаг дууссан тул мэдээлэл өгөх боломжгүй”,  “утсаар мэдээлэл өгөхийг газрын дарга хориглосон”  гэх зэрэг тайлбарыг ч бас өгч байлаа.

Нөгөөтэйгүүр цахилгаан шатны арчилгаа, аюулгүй байдлыг хариуцах ёстой СӨХ-той холбоотой иргэдийн гомдол мэдээлэл тасардаггүй. Үүнд нь бас л иргэд буруутай гэнэ.

Бүх оршин суугчид мөнгөө төлөөгүй болохоор лифтийг засварлуулах мөнгө байдаггүй, хариуцсан эзэн байдаггүй гэх зэрэг шалтгаан, шалтаг тоочсоор. Хамаарал бүхий байгууллагуудын өөрсдийгөө өмгөөлсөн, амиа хичээсэн, хайнга үйлдлийн золиос нь иргэд болж байна.

2022.01.27 Баянгол дүүргийн 18 дугаар хороо хороо 86 дугаар байрны хаалга нь эвдэрсэн лифтийг тулж зогссон гуравхан настай хүү харамсалтайгаар долоон давхараас унаж амь насаа алдсан.  Тус хэргийн дүгнэлт одоогоор гараагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

2022.02.16 Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр баригдаж буй барилгын цахилгаан шатны хонгилд хүн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гипсэн хавтангийн бригадын ажилтан, 52 настай эрэгтэй цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүн нүхэнд унаж осолдсон.

2020.08.23-нд Залуус хороололд цахилгаан шат унасны улмаас дөрвөн хүний хоёр нь биедээ хүнд гэмтэл авсан байдаг. Тус байрны 48Б байрны зургаадугаар давхраас B1 давхар луу цахилгаан шат унасан бөгөөд 48, 53 настай хоёр иргэн эрүүл мэндээрээ хохирсон.

Сүүлийн таван жилийн  статистик сөхвөл, осол гэмтлийн тэргүүлэх 5 шалтгааны нэгдүгээрт өндрөөс унах. Дараа нь амьгүй механик хүчинд өртөх (даруулах гэх мэт)  бол гуравдугаарт зам тээврийн осол, дөрөвдүгээрт хүчирхийлэл, сүүлд нь амьтай механик хүчинд өртөх гэсэн осол багтаж байна.

Цахилгаан шат гацсан, унасан, гэмтсэн, хүний амь эрсэдсэн зэрэг дуудлага мэдээлэл  Нийслэлийн онцгой байдлын газарт цөөнгүй бүртггэддэг болохыг тус газрынхан хэлсэн. Хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй ч зарим тохиолдлоос дурдвал,

2021.03.11 Онцгой байдлын албан хаагчид Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Залуус” хороололд цахилгаан шатанд гацсан  эмэгтэйчүүдийг эсэн мэнд гаргаж байв. Тус хорооллын 48/В байрны дөрөвдүгээр давхарт 35, 37 настай Я, Б нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийнхүү гацсан байсныг амь насыг нь аварсан. Гэхдээ өмнө нь тус хороололд  энэ мэтчилэн гацсан, унасан тохиолдол цөөнгүй.

2018.11.28 Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд цахилгаан шат гацаж гурван хүн түгжигдэж байв. Орон сууцны дөрөвдүгээр давхарт 48, 35 настай хоёр эмэгтэй, 10 настай хүү гацсан байсныг албан хаагчид эсэн мэнд гаргаж аварч байв.

Цахилгаан шатны аюулгүй байдалд анхаарахгүй бол цаашид хэчнээн хүн эрүүл мэнд, амь насаараа хохирохыг ч таашгүй нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж