Украинд өчигдөр юу болов?

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

Украинд өчигдөр юу болов?

Украинд өчигдөр юу болов?

Орос улс Украины 10 орчим муж, хотуудад зэвсгийн цохилт өгсөн талаар тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Пүрэв гаригт твиттер хуудсандаа мэдэгдэв. Украины нийслэл Киев хотын ойролцоо Лхагва гаригийн  үүрээр дэлбэрэлт болсон. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Орос улс Донбасс дахь цэргийн дэд бүтэц болон хилийн харуулуудад цохилт өгсөн” гэж мэдэгдээд байв. Олон улсын шүүмжлэлд өртсөн энэ халдлагыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Даваа гаригт Оросыг дэмжигч босогчдын эзэмшилд байсан салан тусгаарласан хоёр бүс нутгийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрч, тус газар нутаг руу цэрэг оруулах тушаал өгсний дараа болсон юм. Донбасс болон Луганск хотын иргэд Лхагва гаригт өөрсдийн оршин суугаа хэсгээсээ дүрвэж байв.

Учир нь Украины цэргүүд тус хотуудад халдлага үйлдсэн гэж мэдээлээд байсан. Тус мэдээ цахим орчинд дэлгэрсний дараа “ТАСС” агентлаг Донбасс болон Луганск улсуудын захирагчид Владимир Путинээс тусламж хүссэн захиа явуулсан талаар мэдээлсэн юм. Уг хүсэлтийн дагуу Владимир Путин “Донбассыг аврах ажиллагаа” нэрийн доор дайралт эхлүүлсэн билээ. Үйл явдлуудыг Улаанбаатар хотын цагаар тоймлов.

Улаанбаатарын 11: 00 цагт 

ПУТИН ДАЙРАЛТ ХИЙХЭЭ МЭДЭГДЭВ

Путин Донбасст цэргийн хүчээ оруулахаа зарлаж, Украины армийг зэвсгээ хаяхыг уриалав. Мөн Путин дэлхийн бусад удирдагчдад Оросын үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд хэзээ ч харж байгаагүй үр дагаварт хүргэхээ анхаарууллаа. Украины Дотоод хэргийн дэд сайд Антон Геращенко ч мөн оросуудын түрэмгийлэл эхэлснийг баталжээ. Сайд албан ёсны фэйсбүүк хуудсандаа хийсэн мэдэгдэлдээ, “Халдлага эхэлсэн. Саяхан Киев, Харьков, Днеприйн ойролцоох цэргийн штаб, нисэх онгоцны буудал, цэргийн агуулахуудыг бөмбөгдсөн. Хил дээр буун дуу гарч байна. Энэ өдрөөс эхлэн дэлхийд геополитикийн шинэ бодит байдал, мөргөлдөөн  бий болж байна” гэж бичжээ.

Улаанбаатарын 11:30 цагт 

ОЛОН УЛСЫН УДИРДАГЧИД ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЛЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Москвагийн Украинд хийсэн ямар ч утгагүй, үндэслэлгүй  халдлагыг зэмлэн буруушааж, дэлхий нийт Орост хариуцлага тооцно гэж зарлалаа. NATO-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Байдены мэдэгдлийг дэмжиж,  НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш "Ерөнхийлөгч Путин, хүн төрөлхтний нэрийн өмнөөс цэргээ Орост эргүүлэн татаарай" гэж улайран гуйв. Байден Зеленскийтэй утсаар ярихдаа Украин болон түүний ард түмэнд дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Жо Байден Оросын цэргийн хүчний үндэслэлгүй халдлагыг буруутгаад, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр хэлэлцэх зүйлсийнхээ талаар Зеленскийд танилцуулжээ. Өнөө орой НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдахаар болсон. Мөн Жо Байден "Их 7" бүлэгтэй уулзах болсноо твитертээ жиргэжээ.

Улаанбаатарын 12:15  цагт 

КИЕВ ХОТОД БӨМБӨГ ДЭЛБЭРЭЛТ БОЛОВ

Украины Бориспил олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо дор хаяж долоон "чанга дэлбэрэлт" сонсогдсон гэж мэдээлэв. Оросын цэргүүд өмнөд хэсгийн Одесса, Мариуполь боомт хотуудад галт зэвсэг ашиглан дайралт хийж байна. Мөн ОХУ-аас тус улсыг бөмбөгдөж эхэлсэн  тухай "Интерфакс Украин" мэдээлжээ.  Одоогийн байдлаар Киев дэх хоргодох байранд бага насны хүүхдүүд, гэр бүлүүдээр  дүүрэн байна. Тэдгээр хүүхдүүд буддаг номоо гартаа барьсан байгаа нь сэтгэл шимшрүүллээ гэж “The Guardians” мэдээлэв.

Улаанбаатарын 12:30 цагт

УКРАИН ОРОСЫГ "БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ТҮРЭМГИЙЛЭЛ" ЭХЛҮҮЛЛЭЭ ГЭЖ МЭДЭГДЭВ

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Орос Украинд бүх хэмжээний түрэмгийлэл эхлүүлж, зэвсгийн хариу цохилт өгч буй хотуудыг онилж байна” гэж мэдэгдэв. "CNN" телевиз шууд дамжуулалтын видео бичлэгээр дамжуулан Беларусийн цэргийн анги Украины хилээр нэвтрэн орж байгааг үзүүлжээ. Тус шууд дамжуулалтын бичлэгээр Украины Сенькивка болон Беларусь улсын Веселовка боомтын нөхцөл байдлыг үзүүлсэн байна.

Улаанбаатарын 13:00 цагт

КИЕВ ДЭХ ТҮРЭМГИЙЛЭГЧДИЙГ ОНИЛЖ БАЙНА ГЭЖ ОХУ МЭДЭГДЭВ

НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Василий Небензя НҮБ-ын дүрмийн 51-р зүйлд заасан "Өөрийгөө хамгаалах" гэсэн заалтыг ОХУ-ын цэргүүд ашиглах нь зүйтэй гэж үзэж байна. Тус шийдвэрийг ОХУ өөрийн газар нутагт суугаа харийн хүмүүсээс иргэдээ хамгаалахын тулд дайралт эхлүүлсэн гэж хэлжээ.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хэлэхдээ “Бид өөрсдийгөө хамгаална. Украин ялна” гэжээ. Тэрбээр өнөөдөр жиргээндээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа украинчуудад хандан үг хэлсэн.

Улаанбаатарын 13:25 цагт

УКРАИНЫ ЦЭРГИЙН БАЙГУУЛАМЖУУДЫГ "НАРИЙВЧИЛСАН" ЗЭВСГЭЭР ОНИЛОВ

"Украины Зэвсэгт хүчний цэргийн дэд бүтэц, агаарын довтолгооноос хамгаалах байгууламж, цэргийн нисэх онгоцны буудал, нисэх хүчнийг өндөр нарийвчлалтай зэвсгээр идэвхгүй болгож байна" гэж Батлан хамгаалах яамнаас Оросын мэдээллийн агентлагууд дамжуулсан мэдэгдэл гаргажээ. ОХУ-ын өмнөд хэсгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг хязгаарласан гэж тус улсын Агаарын тээврийн газраас мэдээллээ. Энэ хязгаарлалт нь гуравдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэнэ гэв. Мөн Киев дэх Өмнөд Солонгосын Элчин сайдын яам иргэдээ яаралтай нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг анхаарууллаа. Мөн Элчин сайдын яамтайгаа байнга холбоотой байхыг уриалав.

Улаанбаатарын 13: 45 цагт 

УКРАИНЫ  ЗҮҮН ХЭСЭГ ЭРЧИМТЭЙ БУУДЛАГАД ӨРТӨВ

Украины Батлан хамгаалахын сайд хэлэхдээ, тус улсын зүүн хэсэгт байрлах Украины анги нэгтгэлүүд, цэргийн хяналтын төвүүд болон нисэх онгоцны буудлууд Оросын эрчимтэй буудлагад өртөж байна гэв. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хэлэхдээ “Бид өөрсдийгөө хамгаална. Украин ялна” гэжээ. Тэрбээр өнөөдөр жиргээндээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа украинчуудад хандан үг хэлсэн. “Путин дайрсан ч хэн ч зугтаагүй. Арми, дипломатууд, бүгд ажиллаж байна. Путины түрэмгийллийн талаарх үнэнийг өөр өөрсдийн байгаа улс орнууддаа хуваалцаж, засгийн газруудад яаралтай арга хэмжээ авахыг уриалаарай” гэв. Оросын цэргийн машинууд Крымээр дамжин Украины нутаг дэвсгэрт нэвтэрсэн тухай Украины хил хамгаалах алба мэдээлэв.

Улаанбаатарын  14:00 цагт 

УКРАИНЫ ТАЛ БЕЛАРУСААС ЦЭРГҮҮД ДОВТОЛСОН ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

Украины хил хамгаалах алба Оросын арми Беларусаас төдийгүй Оросоос Украин руу нэвтэрч, дайрч байна гэж мэдэгдэв. Украин дахь Хятадын элчин сайдын яам өөрийн иргэддээ гэрээсээ гарахгүй байж, болзошгүй аюулаас сэргийлэн машин дээрээ БНХАУ-ын туг хатгаж явахыг сануулжээ.

Улаанбаатарын 14:05  цагт

ЗЕЛЕНСКИЙ ДАЙНЫ БАЙДАЛ ЗАРЛАВ

Зеленский үндэсний илтгэлдээ “Орос манай цэргийн дэд бүтэц болон хилийн харуулуудад цохилт өгсөн” гэж хэлээд Украин даяар дайны дэглэм нэвтрүүллээ. Мөн ОХУ-д их хэмжээний хохирол амсуулна гэж амлав. Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко цэргийнхэнтэйгээ уулзалт хийнэ гэж тус улсын Белта агентлагаас мэдээллээ. Беларусь, Орос хоёр улс нь цэргийн нягт харилцаатай бөгөөд хамтарсан цэргийн сургуулилалтаа саяхан хийсэн. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй өнөө өглөө Украинд болж буй нөхцөл байдлын талаар ярилцсан гэж Белта мэдээлэв.

Улаанбаатарын 14:20 цагт

УКРАИНЫ АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ СИСТЕМИЙГ ДОРОЙТУУЛСАН

Оросын Батлан хамгаалах яам Украины агаарын баазуудын цэргийн дэд бүтцэд халдаж, Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг доройтуулсан гэж Оросын мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Нэхэмжлэлийг бие даан шалгах боломжгүй. Мөн тус яам Украины нутаг дэвсгэрийн дээгүүр өөрийнх нь нэг онгоцыг буудаж унагасан гэх мэдээллийг үгүйсгэж байна.

Улаанбаатарын 15:00 цагт

УКРАИН ОРОСЫН ОНГОЦЫГ СӨНӨӨСӨН ГЭЖ МЭДЭГДЭВ

Украины арми Луганскийн нутаг дэвсгэрт Оросын таван онгоц, нэг нисдэг тэргийг сөнөөсөн гэж мэдэгдлээ.

Иргэд метрөны буудал, хорогдох байгууламж болон дотуур байр зэргүүдэд толгой хорогдож байна. Хайртай нэгнээ дайнд явуулах гэр бүлийнхний нүднээс гашуудлын нулимс урсах төрхийг сэтгүүлчид камерын дурандаа буулгажээ.

Эх сурвалж: ALJAZEERA, CNN, BBC, TASS 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж