Оросын спортын сайд Олег Матыцин уран гулгалтын дасгалжуулагч Этери Тутберидзег өмөөрч, түүний арга барилын талаар яаран дүгнэлт хийхгүй байхыг анхааруулжээ. Бээжингийн өвлийн олимпийн эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан тэмцээний үеэр Этери Тутберидзе нь тамирчин Камила Валиевад хандан “Яагаад зүгээр больчихов?”, “Яагаад тэмцэхгүй байгаа юм” хэмээн бухимдалтайгаар хэлсэн нь бичлэгт үлдсэн аж.
15 настай уран гулгагч охинг Бээжингийн олимпоос алтан медаль авна гэж олон хүн харж байсан ч допингтой нэр холбогдож, асуудал нь даамжирсан билээ. Тэрбээр богино үзүүлбэртээ хамгийн өндөр оноог авч, бүх тамирчдыг тэргүүлж эхэлсэн ч чөлөөт үзүүлбэр дээрээ хэд хэдэн алдаа гаргаж, улмаар дөрөвдүгээр байрт орсон юм.
Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах тэргүүтэй хүмүүс Этери Тутберидзегийн дасгажуулагчийн арга барилыг шүүмжилж, шавь нартаа дэндүү хатуу ханддаг гэж байв. Тэгвэл энэ бүхний хариуд Оросын спортын сайд Олег Матыцин “Мэдээж, дасгалжуулагчдын арга барилын талаар ярьж болно. Гэхдээ тамирчин болон дасгалжуулагчийн одоогийн нөхцөл байдлыг харгалзаж үзвэл үүнийг олон нийтэд дэлгэж, ил тод ярих нь зохимжгүй. Багш-дасгалжуулагч гэдэг чинь бараг л амьдралын нэг түүх шүү дээ. Одоогийн үүсээд буй нөхцөл дээр илүү зөв, хүндэтгэлтэй хандаж, ийм яаруу үнэлгээ дүгнэлт өгөхгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол маш ноцтой сэдэв учир тамирчид их стресст ордог. Ялангуяа Камилагийн насан дээр” гэв.
Томас Бах хэдэн өдрийн өмнө ярихдаа “Тэмцээний дараа Валиеваг ойр дотных нь хүмүүс хэрхэн хүлээн авсныг харахад нэг л хүйтэн хөндий байсан. Түүнд туслъя гэхээсээ илүү нэг тийм хүйтэн хөндий, хоосон орон зайг мэдрүүлсэн. Биеийн хэлэмжийг нь харвал бүр л дор зүйл харагдсан" гэжээ.
Олон улсын тэшүүрийн холбооны зөвлөл маргааш/2022.02.25/ Камила Валиеватай холбоотойгоор анхны хурлаа хийх гэж байна.
Холбоотой мэдээ