Дараагийн "Оюутолгой"-г нээх компаниуд Монголд орж ирэх ёстой

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Дараагийн "Оюутолгой"-г нээх компаниуд Монголд орж ирэх ёстой

“Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт хурлын үеэр салбарын хөгжлийн талаар төр болон хувийн хэвшлийн төлөөллийн байр суурийг сонирхлоо.


2022 ОНД 350-400 ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.БАТНАЙРАМДАЛ:

-УУХҮЯ-наас өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын журмыг шинэчилснээ танилцууллаа. Гол агуулгын талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Аж үйлдвэржилтийг сэргээх зорилтын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бид юуны өмнө хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын журмаа шинэчилж, шийдлээ аж үйлвэрийн болон геологи, уул уурхайн салбарынхандаа  танилцууллаа. Энэ журмын гол агуулга нь, 1998 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олголт өргөдлөөр нэг явж үзлээ, дараа нь хориглож нэгж үзлээ. Өргөдөл, сонгон шалгаруулалтыг холимгоор нэг явж үзлээ. Сүүлдээ 2007 оноос хойш сонгон шалгаруулалтаар явуулсан. Жил бүр олгогдсон лицензийн тоо үнэхээр чамлалттай, 30, 40, 70 байсан. 2019 онд 109 лиценз олгогдсон. Энэ бол түүхэн үетэй харьцуулж үзвэл маш чамлалттай тоо. Ер нь огцом буурсан гэж ойлгож болно. Лиценз олгогдож байж хайгуулын ажил хийгддэг. Хайгуулын ажил хийгдэнэ гэдэг нь хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн үг. Тэгж байж дараа дараагийн томоохон ордууд бий болох, дараа дараагийн томоохон уул уурхайн компаниудыг оруулж ирэх, хөрөнгө оруулалт хийх боломж, нөхцөл бүрддэг. Үүнийг бид идэвхжүүлэх ёстой. Ер нь Covid-19-ийн дараа дэлхийн эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор, мөн эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаатай холбоотойгоор дэлхий дээр хайгуулын салбарт хөрөнгө оруулалт нэлээн нэмэгдэх чиг хандлага харагдаж байна. Бид ч гэсэн дэлхий дээр уул уурхайн салбараар өрсөлдөж буй орны хувьд илүү нээлттэй, ил тод, илүү сайн хувилбараар олон улсын зах зээлд оролцох ёстой. Тиймээс бид хайгуулын зөвшөөрөл олгох журмаа шинэчлэн баталсан. Үүний гол зарчим нь тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлэх.

-Өнгөрсөн онд 109 лиценз олгожээ. 2022 онд хэчнээн зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна вэ?

-Бид энэ онд 350-400 лиценз олгохоор төлөвлөж байна. Энэ нь сүүлийн долоон жилийн хугацаанд олгогдсон нийт лицензийн тоотой тэнцэхүйц хэмжээний гэсэн үг. Тиймээс бид лиценз олголтыг нэмэгдүүлэх ёстой. Ингэж байж бид хөрөнгө оруулалт татаж, уул уурхайн салбараа эрчимжүүлнэ. Сонгон шалгаруулалттай холбоотой процесс маш олон хэл ам дагуулдаг. Хөндлөнгийн байгууллага, жишээлбэл, “Транспер интернэшнл”-ийн тайлангаар, эсвэл бусад IRM олон улсын судалгааны байгууллагуудын дүгнэлтүүдийг харж болно. Түүнд нөлөөлөлд автах боломжтой маш олон эрсдэлийг зааж өгсөн байдаг. Тухайн хөрөнгө оруулагч өөрөө талбайгаа захиалаад авах эрсдэл байна. Эсвэл комиссын гишүүд авлигад илүү өртөх эрсдэл байна. Хөндлөнгийн хяналт байхгүй гэх мэтчилэн эрсдэлүүдийг тодорхойлсон байдаг. Шийдлүүд маш ойлгомжтой. Ил тод, хөндлөнгийн хяналт байх ёстой. Бид урд нь цаасаар явдаг байсан сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимд шилжүүлсэн.

Жилд 21 мянган төрийн тендер tender.gov.mn цахим хаягаар явагддаг. Энэ цахим шийдэл дээрээ бид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын процессоо нэмж байгаа юм. Ингэснээр өргөдлөө өгч буй аж ахуйн нэгжүүд, тэдний үнийн санал, техникийн санал, тэр битгий хэл үнэлгээний комиссын гишүүдийн өгсөн оноонууд олон нийтэд нээлттэй, ил тод болно гэсэн үг. Элдэв янзын хардалт, сэрдэлт үгүй болно. Өмнө нь 300-600 хуудас цаас хэвлэж, цагтаа аваачиж өг чаддаггүй, тэр битгий хэл цаасаа буруу дугаарласнаас болоод хасагдаж байсан аж ахуйн нэгжүүд хүртэл байсан. Энэ мэт энгийн мөртлөө хэл амтай маш олон асуудлыг шийдэх шийдэл бидэнд байсан. Энэ шийдэл рүү 100 хувь шилжээд байна.

-Уул уурхай, геологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр салбар яамнаас ямар бодлого баримталж байна вэ?  

-Хайгуул руу орж байгаа хөрөнгө оруулалт лиценз олголттойгоо шууд холбоотой. Тусгай зөвшөөрөл аваад, хамгийн гол нь хөрөнгө оруулалт хийх чиглэл сонирхож байгаа юм. Урд нь өргөдлөөр олгож байхад ямар чиг хандлага харагдсан бэ гэхээр, лиценз аваад, хуулийн дагуу хамгийн бага хөрөнгө оруулалт хийгээд, дараа нь 10 нугалж дамлан зарах явдал их байсан. Мэргэжлийн хайгуулын байгууллагууд аваад, судалгаа шинжилгээ хийгээд, хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаанд оролцох аж ахуйн нэгжүүдийг илүү татах зарчмын хувьд сонгон шалгаруулалтын журмыг шинэчилсэн. Цахимжуулалт маш олон асуудлыг шийддэг. Үнэлгээний гишүүдийн өгсөн оноо нууцлаг байдгаас болж янз бүрийн хэл ам дагуулдаг. Авлига авах эрсдэл өндөр байдаг зэрэг асуудлууд цахимаар бүрэн шийдэгдэх боломжтой. Бид нээлттэй, ил тод байдлыг хангахын тулд цахимжуулах л ёстой. Тэгэхгүй бол, бод доо, аж ахуйн нэгж нэг сонгон шалгаруулалтад хандахын тулд 300-600 хуудас принтерлэж аваачиж өгдөг. Түүн дээр нь ямар өөрчлөлт орж болох вэ, хуудсыг нь яаж сольж болох вэ, эсвэл хуудасны дугаар буруугаас болоод хүртэл хасагдах тохиолдол гардаг. 17 цагаас өмнө авна гэхээр бүгдээрээ оочерлодог. Цаг болуут хаагаад, үлдсэн хүмүүс нь орж чадахгүй хохирдог байж боломгүй зүйлүүд байсан. Түүнийг маш энгийнээр шийдэх боломжтой шүү дээ. Цахим шийдэл байхгүй биш бий. Tender.gov.mn гээд 2011 оноос хойш төрийн бүх худалдан авалт явагдаж буй маш сайн цахимжсан вэб сайт байна. 20 сая хандалттай, бараг 15 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй.

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Монголын геологийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн Т.МӨНХБАТ:

-Сүүлийн жилүүдэд геологи, хайгуулын ажил зогсонги байдалд орсон шалтгаан юунд байна гэж үзэж байна вэ? 

-Манай улсад хайгуулын тусгай зөвшөөрөл олголт үндсэндээ 2010 оноос хойш багассан. Сүүлийн жилүүдэд сонгон шалгаруулалтаар олгогдож байна. Үндсэндээ 11 жил геологи, хайгуулын ажил сууриараа зогсонги байдалд орж, хайгуулын олгосон байсан лицензүүдийнх нь хугацаа дуусч, шинээр олголт нь огцом цөөрсөн. Энэ салбар маань харамсалтай нь ерөнхийдөө зогсонги байдалд орсон. Ингэснээр манай эрдэс баялгийн нөөцийн хэмжээ хязгаарлагдмал байдалд байна. Түүнийг тогтмол ихэсгэж, өсгөж явах геологи, хайгуулын ажлууд хийгдэхгүй болсноор манай эдийн засгийн хөгжилд шууд сөргөөр нөлөөлөхөөр байдалтай явж байсан. Одоо геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх Засгийн газрын шинэ төлөвлөгөөгөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журам, нөхцөл байдлаа эргэн хараад, эрчимтэйгээр, шинээр хайгуул хийх талбайнуудыг бэлтгэж байгаа юм байна.

-Нийт хэчнээн  га талбай бэлтгэж байгаа бол?

-Үндсэндээ 400 орчим буюу 4 сая орчим га газрыг нээх юм байна гэж ойлголоо. Энэ бол маш чухал. Үүнийг дагаад энэ салбарт ажиллаж буй, бэлтгэгдсэн хүмүүст ажлаа хийх боломж бүрдэнэ. Хамгийн эхний орд газруудыг олж, илрүүлэх ажил нэг үеэ бодвол илүү сайжрах болов уу гэж бодож байна. Төлөвлөснийх нь дагуу, тооцож буйгаар нь сайн хэрэгжээсэй, амжилтад хүрээсэй гэж бодож байна. Үүнийг дагаад дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт ямар ч байсан нэмэгдэнэ гэж найдаж байна.

-Хууль эрх зүйн орчин тогтворгүйгээс гадаадын хөрөнгө оруулагчид үргэдэг. Энэ асуудлыг засъя, сайжруулъя гэж олон жил ярьсан. Байдал өөрчлөгдөх төлөв ажиглагдаж байна уу? 

-Ашигт малтмалын тухай хууль маш олон удаа өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Үүнийг дагаад энэ салбар маш тогтворгүй арваад жил явж байна. Эрэл, хайгуулын ажил хийгдэхгүйгээс болж шинээр ашигт малтмалын ордууд илрэхгүй байна. Цөөн тооны жижиг  болон дунд хэмжээний ордуудыг эс тооцвол энэ салбарт хөрөнгө оруулалт маш их багассан байдалтай байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулахаар Ашигт малтмалын хуулиндаа нэмэлт өөрчлөлтүүд хийж байна. Ямар ч байсан тулгамдсан зарим асуудлуудаа шийдэх, ялангуяа хайгуулын зөвшөөрлүүд олгогдоход тэр нь орон нутагтаа очоод гацдаггүй байх, орон нутагтайгаа эв зүйгээ олох чухал. Хайгуулын ажлаар нөөц баялаг илрүүллээ гэхэд тэр нь хөрөнгө оруулагч талдаа болон орон нутгийн иргэддээ хүртээлтэй байх талаасаа хууль шинэчлэгдэж байна. Дагаж гарах журмууд нь бас өөрчлөгдөж байна. Орон нутагт очих татвар, хөрөнгө оруулалт нь тодорхой хэмжээнд илүү тодорхой болж, талуудын оролцоо дээр төр, мэргэжлийн байгууллага, орон нутгийн иргэдийн ойлголцол илүү дараагийн шатандаа гарч сайжрах болов уу гэж шинэ хуулийн төслүүдийн хэлэлцэгдэж байгаа байдлаас хараад дүгнэж байна. Тэр хэмжээндээ яваасай, хэрэгжээсэй гэж хүсч байна.

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХЭД ДЭЛХИЙН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХҮЛЭЭЖ БУЙ ҮҮРЭГ ИХ

QM групп” ХХК-ийн захирал М.ДАГВА:

-Ногоон эдийн засагт шилжихэд дэлхийн уул уурхайн салбарын гүйцэтгэх үүргийг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Түүхэн талаас нь аваад үзвэл дэлхий даяар уул уурхайг олон мянган жил олборлож ирсэн боловч өнөөдрийн тулгараад байгаа шиг дэлхий нийтэд нэгэн зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн гэнэт ихээр хэрэг болж байсан түүх өмнө бараг байгаагүй байх. Том дайн байлдааны дараа ч юм уу, том хямралуудын дараа уул уурхай сэргэж байсан. Түүний дараа 1-2 улсын эдийн засгийн сэргэлтийг дагасан уул уурхайн сэргэлтүүд голдуу явдаг байсан. Жишээлбэл, 80-аад онд Хятадын эдийн засгийг дагасан сэргэлт явж байх жишээтэй. Дэлхий дахинд одоогийн уламжлалт бүтцээр нүүрсээ шатаагаад, бензинээ хэрэглээд явбал 2100 онд байгалийн маш том гамшиг болж, хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө устгах хэмжээнд хүрч магадгүй юм байна гэдэг асуудал босч ирсэн. Үүний дагуу сүүлийн 10-аад жил эдийн засгаа, дэлхийгээ ямар байлгах вэ гэж яриад, дэлхий 2040, 2050 онд ямар болох вэ гэдэг төлөв нь гараад ирсэн. Одоо дэлхийг ийм болгоход аль салбар ямар үүрэгтэй оролцох вэ гэдгээ тодорхойлсон.

-Эрчим хүчний салбар өндөр үүрэгтэй оролцох болов уу?

-Мэдээж тэгж ярьж ирсэн. Гэтэл сүүлийн нэг, хоёр жил маш хүчтэй яригдаж ирж байгаа зүйл бол уул уурхайн салбар маш том оролцоотой байх юм байна. Яагаад гэвэл төмөр, зэс, цайр, хөнгөн цагаан гэх мэт энэ олон металлыг түшиглэж байж шинэ байшингууд барьж, шинэ машинууд бүтээж, бүх юмаа шинээр хийх ёстой болж байгаа юм. Хуучин зарим зүйлийг 100 жил болгож байж сольдог байсан бол одоо ойрын 10-17 жилийн дотор бараг дэлхий даяараа “хувцас”-аа солих ёстой болж байна. Маш их юм шинээр бүтээх хэрэгтэй болсон гэсэн үг. Уул уурхай тэрэнд хэрэгтэй. Уул уурхай өөрийгөө юу гэж харж байна вэ гэхээр бид хуучных шигээ тоос гаргадаг, маш их дизель түлш хэрэглэдэг уул уурхайгаар биш, цахилгаанаар явдаг машин тэрэгтэй ийм уул уурхайгаар нэгдүгээрт явах ёстой юм байна, хоёрдугаарт дэлхийд түүхий эдийн хомсдол үүсгэхгүйгээр энэ ажлыг хийж өгөх ёстой юм байна. Энэ нь ногоон эдийн засагт шилжихэд дэлхийн уул уурхайн салбарын хүлээж буй үүрэг юм.

-Тусгай зөвшөөрлийн шинэ журам гарлаа. Илүү санал өгч байж авлигад ялагдахгүй гэсэн санаа байх шиг санагдлаа? 

-Панель хэлэлцүүлэг дээр салбарын ил тод байдлын хувьд нэг оролцогч Монгол Улс авлигын индексээсээ болоод авлигын маш өндөр эрсдэлтэй улс байна гэж ярьж байна. Энэ журам бол манай улс нэгэнт авлигын индекстэй улс юм чинь сонгон шалгаруулалтаар лиценз олгодог журмаа аль болох авлигаас ангид болгох механизмыг хэрэглэе гэж байгаа юм. Тэр нь ерөөсөө дуудлага худалдаа шиг зарчим руу оруулж байгаа гэсэн үг. Лиценз авахад хэрвээ нөгөө тал авлига өгөх байх гэж санаа зовж байгаа бол чи үнээ илүү өндөр өг. Тэгсэн байхад чи шударгаар ялж чаднаа гэсэн механизмтай журам одоо орж ирж байна гэсэн үг.

-Геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчны талаар та ямар бодолтой байна вэ? Бид хэдийд гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээдэг байдлаасаа ангижрах бол. Хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд баримталж буй бодлогын талаар шүүмжлэл их бий.

-Өрсөлдөхүйц эрх зүйн орчин бий болгох ёстой. Хамгийн том хүлээлт нь Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга. Хөрөнгө оруулалтыг хамгаалах агентлаг шинээр байгуулагдаж байна. Энэ байгууллага нь манай салбарын асуудлыг хэр сайн ойлгож, тусгаж чадах вэ? Өнгөрсөн түүхэн 30 жилийг харвал Монголд орж ирсэн хамгийн том хөрөнгө оруулалтууд уул уурхайд л орж байсан. Одоо ялангуяа ногоон эдийн засаг руу шилжиж буй шилжилтээс болоод дахиад уул уурхайн хөгжил өөр түвшинд гарах нь гэдэг ойлгомжтой болж байна. Энэ өнцгөөс нь харвал уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, өрсөлдөх чадварыг нь хангах асуудлууд манай улсын хувьд нэлээн тэргүүнд авч үзэх ёстой асуудал. Уул уурхайн сайд талаасаа хийж чадах ажил бол Ашигт малтмалынхаа хууль, Баялгийн сангийнхаа хүрээнд манай салбарт байгаа лиценц олголтынхоо асуудлыг шийдэх. Мөн байгалийн баялгаа ард түмэнтэйгээ хуваалцахгүй байна гээд орон нутгаас эсэргүүцээд байдаг. Баялгийн сангаараа дамжаад ард түмэн бүгдээрээ хишиг хүртдэг болох, Ашигт малтмалын тухай хуулиар дамжаад АМНАТ-ын 20, 30 хувь нь буцаад орон нутаг руу очдог болох гэх мэт механизмуудаа хийж юм. Нөгөө талд, манай бусад салбарууд төрийн авлига, хүнд суртлын асуудлыг шийдэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, өрсөлдөхүйц зарчим бий болгох, дипломат гадаад бодлогоороо дамжуулаад стратеги түншүүдтэй болох ч зэрэг асуудлууд Ерөнхий сайдын түвшинд хэрэгжинэ.

-"Оюутолгой"-н гүнийн уурхайн анхны тэсэлгээг хийсэнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол руу эргэх чиг хандлага өөрчлөгдөж байна уу?

-Яахав ээ, ажиглаад л байж байна. "Оюутолгой"-г зогсоож чадалгүй явсан нь нэг том мессэж. Хэчнээн асуудалтай, хэл амтай, хэчнээн их үл итгэлцэл байсан ч монголчууд хамгийн том, хамгийн критикал төсөл дээрээ зогсолтгүй явж чадлаа. Дараагийн "Оюутолгой" бэлэн биш, дараагийн хөрөнгө оруулалтын гэрээ нэгэнт бэлэн биш учраас хайгуул хийдэг жижиг компаниуд эхлээд орж ирэх ёстой. Тэд журам хүлээж байгаа. Тэднээс хэн нэг нь дараагийн "Оюутолгой"-г олчихдог юм гэхэд дараагийн "BHB", "РИО Тинто" шиг том компани орж ирэхэд айдасгүй гэсэн үг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж