НИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газар олголт, түүний төлөвлөлт болон ҮСАХ нь үүргээ биелүүлж буй эсэхийг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2021 онд байгуулсан. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар ахалдаг бөгөөд Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 31.2 га газрыг эзлэн байршдаг ҮСАХ-г тэртээх 1965 онд анх Хотын соёл амралтын парк нэртэйгээр байгуулж байжээ. ҮСАХ нь 2005 онд хувьцаат компани болон өөрчлөгдсөн бөгөөд тус компанийн тодорхой хувийг нийслэл эзэмшдэг. Мөн газар нь нийслэлийн өмч юм. Уг компанийг байгуулснаас хойш паркийн эзэмшлийн газраас хэд хэдэн компани, төрийн бус байгууллагад эзэмшүүлэх шийдвэр гарчээ. Үүнээс улбаатай паркийн 35 га газраас өдгөө 31.2 га нь ҮСАХ-ийн нэр дээр байдаг. Тиймээс ҮСАХ-гийн болон бусад байгууллагын газар эзэмшлийн талаар эргэн нягтлах нь зүйтэй гэж Ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн юм.
Ажлын хэсэг нь ҮСАХ-гийн эзэмшил газрыг цаашид зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалгын зориулалтаар ашиглуулах нь зүйтэй гэсэн санал боловсруулсан байна. Санал дүгнэлтээ тун удахгүй НИТХ-д өргөн барих юм. Ажлын хэсгийн хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс ҮСАХ нь жилдээ ганцхан улирал ажиллаж, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, ҮСАХ-гийн талаар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, санал нэгдлээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Холбоотой мэдээ