“Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулан, тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргая” зөвлөгөөн өнөөдөр /2022.02.24/ зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн зөвлөгөөнөөр өрхийн эрүүл мэндийн төв тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх зөвлөмж гарган хэрэгжүүлэх юм.
Монгол Улсын хэмжээнд 21 аймагт 206 өрхийн эрүүл мэндийн төвд 1326 эмч, 1334 сувилагч, тусгай мэргэжилтнүүд 676, гэрээт ажилчид 676 ажилтан ажиллаж байгаа аж. Өрхийн эмнэлгийн үзүүлж байгаа тусламж үйлчилгээг сайжруулахад салбарын яамнаас тусламж үйлчилгээний давхардлыг арилгах, зохицуулалт хийх, шатлал бүрийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг эмч ажилчид хэллээ.
100 ГАРУЙ МЯНГАН ХӨНГӨН ӨВЧТӨНИЙГ ГЭРЭЭР ЭМЧИЛЖ, ВАКЦИНЖУУЛАЛТ ДЭЭР Ч ГОЛ ҮҮРГИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа:
-Томоохон хот суурин газар болон нийслэлийн өрхийн эмнэлгээс төлөөллүүд ирээд байна. Санхүүжилт жил ирэх бүрд нэмэгдэж байгаа ч өнөөдрийн байдлаар өрхийн эмнэлэгт нэмэгдсэн дүнгээр санхүүжилт очоогүй. Гол нь санхүүжилт нэмэгдвэл хүний нөөцийг нэмэгдүүлэх, иргэн бүрд хүрч үйлчлэх ажил дээр анхаарна. Үүнээс гадна өрх дээр тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар хэлэлцэхээр өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.
Одоо ихэнх өрхийн эрүүл мэндийн төв стандарт заасан хүний нөөцөөс 50 хувь дутуу явж байна. Үүнээс гадна ажиллаж байгаа хүмүүсийн тал хувь нь шинэ, залуу төгсөгчид.
Тэгэхлээр тогтвортой ажиллах хүчийг бий болгох, цалин хөлсийг нэмэх зэрэг олон асуудлыг өнөөдөр шийдвэр гаргах түвшний байгууллагуудтай хэлэлцэх гэж байгаа юм. Залуучууд хэт ачааллаас болж залхах, шантарч ажлаас гарах тохиолдол нэмэгдсэн. Цар тахлын хугацаанд өрхийн эмнэлэг улаан бүс болсон. Тэнд ажиллах боломжтой бүх нөөцийг дайчилж байгаа. Гэсэн ч зарим өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн хүрэлцээ ч муу байна. Эрүүл мэндийн яамны бодлого тодорхойлох газар болон бусад байгууллагууд энэ асуудал дээр анхаарал хандуулж байгаад талархаж байна. Covid-19-ийн үеийн нийт тусламж үйлчилгээний 70 гаруй хувийг өрхийн эмнэлэг үүрсэн. 100 гаруй мянган хөнгөн өвчтөнийг гэрээр эмчилж, вакцинжуулалт дээр ч гол үүргийг хүлээсэн. Ачааны хүндийг үүрч байгаа эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээнд хүрэлцээтэй санхүүжилт тусгах нь зайлшгүй шаардлагатай байна.
COVID-19-ИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 70 ХУВИЙГ ӨЭМТ ҮҮСЧ БАЙНА
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ундрах-Ирээдүй ӨЭМТ-ийн эмч Ж.Алтантуул:
-Covid-19-ийн халдвартай холбоотойгоор 2020 оноос эхлэн өрхийн эрүүл мэндийн төв бүрэн дайчлагдсан. Шинж тэмдэг илэрч байгаа болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсийг эхний ээлжид хянаж байлаа. Харин 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн өрхийн эмч нар батлагдлаж буй тохиолдлуудыг хариуцаж ажиллаж эхэлсэн. 2021 оны гуравдугаар сараас тархалт идэвхжиж, өрхийн эмнэлэг нэгдсэн эмнэлгийн чиг үүрэгтэй ажиллаж байгаа. Олон улсын хөл хориот бусад өвчний үед бид ажиллаж байсан ч Covid-19 шиг нөхцөл байдалд ажиллаж үзээгүй. Тэгэхлээр мэдээж туршлага дутсан нь үнэн. Хүний нөөцийн хувьд ч шаардлагатай тоног төхөөрөмжийн тал дээр ч дутагдал гарсан. Халдвараар өвдсөн хүний тоо их байгаа ч хүндрэл, эндэгдэл багатай даван туулахад гол зорилго оршиж байна.
Өрхийн эрүүл мэндийн төв бүтэц, үйл ажиллагааны хувьд үйлчилгээ үзүүлэх багц жагсаалт гэж бий. Халдварын үед тус жагсаалтад ороогүй олон чиг үүрэг эмч, сувилагч ажилчдад ирсэн.
Мэдээж нэмэлтээр үйлчилгээ үзүүлж байгаа учраас тоног төхөөрөмж дутагдалтай байх асуудал тулгарна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц битгий хэл жагсаалт ч байхгүй байсан. Явцын дунд гэрийн эмчилгээний хуваарьт шилжиж, эмийн зах зээл рүү давхар орсон. Энэ олон саад бэрхшээл нь туршлага болсон. Мөн зарим өрхийн эрүүл мэндийн төвд машин техник байхгүйгээс эмч нар хувийн унаагаараа хүртэл тусламж үзүүлж байна. Тиймээс өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлууд их чухал.
Холбоотой мэдээ