Гадаад харилцааны яамнаас Украинд үүсээд буй асуудалтай холбоотойгоор өнөөдөр /2022.02.24/ мэдээлэл хийнэ гэлээ. Тодруулбал, ОХУ-аас Украинд дайн эхлүүлсэн асуудалд ГХЯ хэрхэн анхаарч байгаа, тухайн улс дахь монгол иргэдийг татан авах эсэх талаар мэдээлэл хийх аж.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн хэлснээр Украинд байгаа монголчуудтай холбогдсон. Тэнд үүсч буй нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл авч байгаа. Өнөөдөр сайд мэдээлэл хийнэ гэлээ.
Одоогоор Украины их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар дөрвөн монгол оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгджээ. Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр "Монгол Улсаас Польшид суугаа Элчин сайдын яам болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан тус улсад суралцаж байгаа монгол оюутнуудтай тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Тухайн улсад оршин суугаа, суралцаж байгаа оюутнуудтай цахим уулзалт хийсэн. Уулзалтаар тулгамдаж буй асуудал байгаа эсэх талаар ярилцахад байхгүй гэсэн хариулт өгсөн. Хэрэв асуудал үүссэн болон эх орон руугаа буцах хүсэлтэй байгаа бол ЭСЯ-нд хүсэлтээ гаргавал яаралтай буцаах, шийдвэрлэх зохицуулалт хийж байна.
Монгол Улсын 90 орчим иргэн Украинд оршин сууж байгаагаас 22 нь байнгын оршин суугч иргэд байна. Харин их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас цахимаар суралцдаг 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргасан.
Тэдгээр оюутнууд эх орондоо ирсэн буюу ирж яваа бол байнга оршин суугаа монгол иргэдээс эх орондоо буцах шийдвэр гаргасан иргэн байхгүй. Оюутан болон иргэдээс өөр нэмэлт хүсэлт ирээгүй байна. Ямар нэгэн бүртгэлгүй, Украин улсад оршин суугаа иргэд ЭСЯ-нд заавал биечлэн очих шаардлагагүй бөгөөд энэхүү цахим шуудангаар бүртгүүлэх боломжтой. Мөн ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдож болно. Хэрэв Украин улс руу зорчихоор төлөвлөж буй иргэд байвал нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна" гэлээ.
Холбоотой мэдээ