Цар тахалд "боомилогдсон" эрх чөлөө

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Цар тахалд "боомилогдсон" эрх чөлөө

Цар тахалд "боомилогдсон" эрх чөлөө

Цар тахлаар халхавчлан төр хэвлэл мэдээллийнхэнд хаалгаа барихын зэрэгцээ мэдээлэл авах эрх чөлөөг "боомилов". Сэтгүүлчид эх сурвалжийн дутагдалд орж  "албан ёсоор нэгдсэн мэдээлэл өгнө" гэдэг тайлбар ч улиг болжээ. Үүний тод жишээ нь,  Эрүүл мэндийн яамны өдөр бүрийн ээлжит 11:00 цагийн мэдээлэл. Халдварын нөхцөл байдлын талаарх цаашид хэрэгжүүлэх алхамыг эрх баригчид тодорхойлолгүй зөвхөн тайлагнах байдалтай ажилласныг салбарынхан дүгнэж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Covid-19 халдварын тохиолдол дотоодод бүртгэгдсэнээс хойш нэг сар орчмын хугацаан дахь  ЭМЯ-ны 11:00 цагийн ээлжит мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд дээрх дүгнэлтэд хүрсэн байна.

Судалгаагаар, 30  хоногийн хугацаанд нийт 14 цаг 26 минутыг хэвлэл мэдээллийнхэнд бэлтгэж хүргэсэн. Нэг хэвлэлийн бага хурлын үргэлжлэх хугацаа дунджаар 47 минут гэж тооцвол сэтгүүлчдийн асуултад хариулсан нийт хугацаа нь 7 цаг.

Өдөрт дунджаар 3-5 хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд ердөө 10-13 минутыг зарцуулсан аж. Энэ нь Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллаагүй гэдгийг харуулж байгааг судалгааны дүн харуулжээ. Үүнээс товч дурдвал,

Хоёр он дамнан үргэлжилсэн цар тахлын үед мэдээлэл хаалттай болж, сэтгүүлчид эх сурвалжийн дутагдалд орж, Засгийн газрын бодлого чиглэл тодорхойгүй, олон нийтэд эргэлзээтэй олон асуудал үүссэнийг “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-аар онцлов.

Энэ жилийн форум “Covid-19: мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй” гэсэн сэдвээр боллоо. Тус форумын үеэр Засгийн газар, хэвлэл мэдээллийн хэрэгслийн аль аль нь цар тахлыг дотоодод алдсан үед бэлэн байгаагүй.

Тиймдээ ч Засгийн газар цар тахлыг хэт дэвэргэсэн бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай гэдэгт хэт төвлөрч халдвар авсан иргэний мэдээллийг гэр бүл,  маршруттай нь дэлгэснийг ч сануулсан. Нөгөө талд, эрх баригчид мэдээллийг нэг урсгалаар дамжуулж байхад хэвлэл мэдээллийг хэрэгслүүд хяналт тавьж хоточ банхарын үүргээ гүйцэтгэж  чадаагүй болохыг ч шүүмжилсэн. Өнөөдөр ч цар тахлын үеийн хаалттай нөхцөл байдал үргэлжлэх хандлагатай байгааг энэхүү форумын үеэр тодотгосон.

"СЭТГҮҮЛЧИД ХОТОЧ БАНХАРЫН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХ ЁСТОЙ"

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.ГҮНЖИДМАА

-Цар тахлын үед сэтгүүлчдийн  гаргасан нийтлэг алдаа нь хүний эрхийг хүндэтгэх асуудал байлаа. Covid-19 халдварыг дотоодод алдсан үед халдвар авсан хүний араас хөөх, амьдралыг нь дэлгэх, маршрутыг нь дэлгэх, QR кодоор  мөшгөх зэрэг маш их хүний эрхийн зөрчлүүд гарсан. Түүнчлэн шуурхай мэдээлэх гэдгээс үүдэн сэтгүүлзүйн алдаанууд гарсан.

Онцгой цаг үед шуурхай гэхээс илүү баталгаатай мэдээлэл түгээх нь иргэдийг айдаст автуулахгүй, аюулаас сэргийлэх боломж бүрдүүлдэг.

Дээр нь ашиг сонирхлын зөрчилгүй иргэдийн итгэлийг олж авах тухай асуудал форумын үеэр яригдлаа. Сэтгүүл зүй  төрөөс гаргаж буй дэгийн дагуу үйл ажиллагаа явуулсан иргэд хор хохирлыг нь үүрсэн. Иймд цаашид Засгийн газар, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын зөвшилцөл маш чухал. Ингэснээр иргэдийг бухимдуулахгүй, айдаст автуулахгүй, итгэлийг нь олж авахад маш чухал. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх монголчуудын итгэл үнэмшил тийм ч өндөр биш. Хэрэв алдаа дутагдал байвал залруулахад хяналт тавьдаг хүмүүс нь уншигч, сонсогч, үзэгчид. Тиймээс иргэдийн оролцоо сэтгүүлзүйг ёсзүй, хариуцлагатай болгох нь чухал. Энэ оролцоог сонсч сэтгүүл зүй алдаа дутагдлаа засах нь иргэдийн итгэлийг олох ач холбогдолтой.

Бидний хувьд иргэдэд нээлттэй хандаж, тэдний хэрэгцээтэй мэдээллийг олж өгөх илүү бүтээлчээр ажиллах шаардлага байсныг цар тахлын үеийн 11:00 цагийн мэдээлэлд хийсэн судалгааны дүнгээс харагдаж байна.

Болсон үйл явдлыг сэтгүүлчид дамжуулснаас бус гарц гаргалгаа өөрсдийгөө хамгаалах шийдэл санал болгох, иргэдэд тустай мэдээлэл өгсөнгүй.

Мөн төрөөс хэвлэл мэдээллээр нэг урсгалаар мэдээлэл дамжуулах нь мэдээллийг төөрөгдүүлэхгүй гэж үзсэн нь алдаа байлаа. Энэ нь улам үл итгэлцлийг бий болгосон. 11:00 цагийн мэдээллийг харахад маш бага хувьд сэтгүүлчдийн асуултыг авч байснаар мэдээллийн эргэх холбоог, иргэдийг сонсох хариу өгөх байдалд дутагдалтай ажилласан. Тэгэхээр сэтгүүлчид мэдээлэл дамжуулахаас гадна хяналт тавих хоточ банхарын үүрэгтэй. Төрийг дагах бус тэдэнд нөлөөлж шахах ажиллагаанд сул байсан болов уу гэж харагдаж байна. Иймд аль аль талдаа суралцсан жилүүд байлаа.

"ЦАР ТАХЛЫН ХУУЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙГАА НЬ САНАА ЗОВНИХ АСУУДАЛ"

Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.АЛТАНТУЯА: 

-Цар тахлын хямрал иргэдийн эрүүл мэндийн эрх, хямралыг улам гүнзгийрүүлсэн байдалд хүргэж байна. Хэрэв иргэдэд мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэж чадвал цар тахлыг хохирол багатай даван туулах боломжтой гэж үзэж байгаа. Энэ ч үүднээс мэдээллийн чөлөөт урсгалыг бий болгох, аль болох хувь хүний эрх чөлөөг хязгаарлахгүй байх уриалгыг гаргасан.

Харамсалтай нь, Монгол Улсад мэдээллийн нэг урсгалыг барих, тодорхой хэмжээгээр хэвлэл мэдээллийн квот өгөх, ялгамжтай харьцсан, хэвлэл мэдээллийн байгууллагууд ил тод мэдээлэхэд саад болсон зүйлс ажиглагдаж байна.

Хаана л ялгамжтай байдал, нуугдмал зүйл байна тэнд худал мэдээлэл түгээх орон зай гардаг. Энэ нь хүмүүсийн мэдэх эрхэд халдаж, мэдээлэх эрхийг нь зөрчдөг. Монгол Улс хүмүүсийн мэдэх эрхийг хангахад ажиллаж чадсангүй. Ер нь цар тахал, хямралын үеийн арга хэмжээ нь түр буюу богино хугацаанд хэрэгждэг арга хэмжээ. Гэтэл Монгол Улсад Covid-19 халдварын үед түр хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан Цар тахлын тухай хууль тогтоомжийг байнга үргэлжлүүлэх байдлаар хэвшил болгож байгаа нь санаа зовних зүйл. Уг хуулийг дөрөв дэх удаагаа сунгаж байгаа нь “Цар тахлын үед худал мэдээлэл түгээх” гэсэн заалт ч бас хүчинтэй байна. Харин дэлхий дахинд мэдээллийн чөлөөт урсгалыг бий болгож хүмүүст үнэн зөв мэдээллийг түгээх хандлагатай байна.

"ТАВИЛТТАЙ МЭДЭЭЛЛЭЭС БУСАД ҮЕД МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХ ХЯЗГААРЛАГДСАН"

Сэтгүүлч Г.УЛСБОЛД: 

-Цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан төр, хувийн хэвшлийн байгууллагууд хаалгаа хаасан. Сэтгүүлчдэд тухайн эх сурвалж индэр дээр тавилттай мэдээлэл өгөхгүй л бол хаалгыг нь тогшч хүссэн мэдээллээ авах хүндрэлтэй болсон. Форумын үеэр сэтгүүлчид эх сурвалжийн дутагдалт орсныг дүгнэж байна.  Аливаа мэдээллийг олох нь хүндрэлтэй байсан учраас тухайн редакцид алдаа ч бий, оноо ч бий.  Хөл хорионы үед сайтуудын хандалт нэмэгдсэн байж болох ч контент цөөрсөн. Хандалт авах гэж шуурч хувь хүний мэдээллийг дэлгэсэн, бас тахалтай холбоогүй ёсзүйн асуудал ч гарлаа. Үүнд Хэвлэл мэдээллийн зөвлөл хянадаг. Сэтгүүлчид хүний эрхийг дээдэлж, үг хэл, найруулга дээр анхаарах ёстой.

ТӨР ӨӨРӨӨ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ, ГЭМГҮЙ ИРГЭНЭЭ ЯЛЛАСАН

Глоб интернэншл төвийн хуульч Б.ПҮРЭВСҮРЭН:

-Цар тахлын үед эрх зөрчигдсөн хүмүүсийн эрхийг хамгаалж сэргээх асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн. Зарим тохиолдолд шүүх хуралд оролцож байна. Эхнээсээ үр дүн гарсан. Жишээ нь, “Энх саран” сувилалтай холбоотой иргэний асуудал. Засгийн газрын 178 дугаар тогтоол гарахаас өмнөх өдөр цар тахлын нөхцөл байдал, аюулын тухай мэдээлж анхааруулаад байхад үл хайхарсан. Гэтэл шударга шүүмжлэл өрнүүлсэн иргэнээ Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдууллаа. Мөн Эрүүгийн хуулийн 15.6-д үндэслэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, олон сараар шалгаж ажил, албыг нь цалгардуулсан. Магадгүй гэм буруугүйн хохирол учруулсан нөхцөл байдал үүссэн. Уг яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нөгөө талд, цар тахлын үед хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл олж авах нь хүндрэлтэй байсан. Энэ нь Засгийн газрын нэг цэгийн 11:00 цагийн мэдээлэлтэй холбоотой. Хоёрдугаарт, зорчих эрхтэй холбоотой мэдээлэлд Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр  харилцан адилгүй квот олгосон. Мөн сэтгүүлчид мэдээллийн дутагдалд орсон. Тухайлбал, таван сэтгүүлч тутмын гурав нь гэдэг маш өндөр хувь. Баталгаатай албаны мэдээлэл хангалттай хүргэж чадаагүй. Төрийн байгууллага өөрөө худал мэдээлэл тараасан асуудал ч гарсан. Тусгаарлалтын хоног, түргэвчилсэн шинжилгээтэй холбоотой зөрүүтэй, үндэслэлгүй мэдээллийг албаны хуудастаа нийтэлсэн.

Харин сэтгүүлчид хэвлэл мэдээллийн үүргээ биелүүлэхийг хичээсэн. Үндсэн зарчмын ёсзүйн асуудлаа умартах тохиолдол гарч байсан нь Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн гомдлыг шийдвэрлэсэн байдлаас харагдаж байна. Жишээ нь, нас барсан иргэнийг оршуулах үйл ажиллагаанд хүндэлтгэлтэй хандаагүй, Covid-19 халдвар авсан иргэн Д-г хувийн мэдээлэл, маршруттай нь дэлгэж тэр бүүхэл гэр бүлийн гишүүдийн зургийг нийтэлсэн зэрэг нь хориотой. Мөн Франц улсын иргэний маршрутыг дэлгэж хүний халдашгүй байх, амьд байх эрхэд нь халдсан үйлдлүүд харагдаж байсан. Энэ бол Засгийн газар, хэвлэл мэдээллийн хэрэгслийн аль аль нь бэлтгэлгүй байсныг харуулж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж